Ц.МЯГМАРБАЯР

 

Нүүрсний экспортын тээвэр сэргэснээс хойш өнгөрсөн долоо хоногт хамгийн олон машин гарсан байна. Тухайлбал, өчигдөр Гашуунсухайт 193, Шивээхүрэн 271, Ханги 43, Замын-Үүд  боомтоор нэг нийт 508 машин нүүрсний тээвэр хийжээ. Энэ нь арваад хоногийн өмнө 300  орчим машин гарсантай харьцуулахад нэмэгдээд байгаа үзүүлэлт юм. Гэхдээ экспорт хэвийн үед өдөрт 1000 орчим машин хилээр гарч байсантай харьцуулахад нэг дахин буурсан тоо. Манай экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгвэл  хар алтны экспорт буурснаас шалтгаалж  манай нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 40 хувиар буураад байна. Энэ жилийн тухайд манайх 10 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийхээр тохиролцсон байдаг. Тэгвэл коронавирусын тархалтаас шалтгаалж хоёр сарын экспортыг алдлаа. Хэдийгээр БНХАУ-тай манай тал төлөвлөсөн хэмжээндээ хүргэхийн тулд үлдсэн саруудад экспортоо тултал явуулах тухай ярьж байгаа ч урд хөрш нүүрс авах хэрэглээ одоогоор бага тухай “Нүүрс ассоциаци”-ийн ерөнхийлөгч Ж.Золжаргал ярьж байсан. Учир нь оны эхэнд тус улсад коронавирус гарсан ч нүүрсний экспортоо хэвийн явуулж манайхаас нүүрс авах сонирхол нь их байсан аж. Гэвч манайх хилээ хааж тэг зогсолт хийсэн. Тиймээс Австралиас нүүрс авч нөөцөө бүрдүүлсэн учраас одоо манайхаас авах нь багассан хэмээн нүүрсний салбарынхан ярьж байна. Энэ үед эднийх коксжих нүүрсний импортоо 25, эрчим хүчний нүүрсээ 28 хувиар нэмэгдүүлсэн аж. Өөрөө хэлбэл коксжих нүүрс 21, эрчим хүчний нүүрс 90 хүртэл сая тонныг авчээ. Энэ үед Австралийн Хятад улс руу хийх нүүрсний экспорт нэмэгдсэн. Харин манайх зогссон.

 Нөгөөтэйгүүр коронавирусын тархалт ялангуяа европын орнууд, хойд хөршид  наймдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж вакцин гарган авалт удаашрах  таамаг байгааг олон улсын вирус судлаачид болон нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиудын эрдэмтэд гаргасан байна. Үүнийг дагаад дэлхий худалдааны эргэлт саарна. Манай улсын хувьд урд хил нээгдэж нүүрсний экспорт аажимдаа нэмэгдэх ч бусад боомтуудын худалдаа эргэлт ирэх есдүгээр сар хүртэл жигдрэхгүй гэдгийг эдийн засагчид хэлээд байна. Харин ийм үед хөдөлгөөнт карантинаар гадаад худалдааг явуулах боломж байгааг Гадаад харилцааны сайд нь онцолж байна. Тусгай үүргийн онгоцоор  иргэдээ авч байна гэдэг хөдөлгөөнт карантин. Тиймээс нүүрсний тээвэрлэлтийн жолооч нарыг машинаасаа гарахгүй байх. Хил гараад хонохгүй байх боломжийг бүрдүүлж, хоёр улсын хил дээр хөдөлгөөнт карантиний зурвас ажиллуулах юм. Түүнээс гадна хилийн ажиллах цагийн хуваарийг нэмэгдүүлж 24 цаг болгох саналыг ч гаргаж байна. Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгасан ч оны эхнээс өнөөдрийг хүртэл 4.6 сая тонн нүүрс экспортолж, 374.5 сая ам доллар болсон байна. Харин өнгөрсөн оны мөн үед 12.547.5 сая тонныг гадагш гаргаж төсөвт 1.059.5 сая ам.доллар төвлөрч байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.12  МЯГМАР № 93 (6318)