“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагч үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
АНУ-д орон сууцны нийлүүлэлтийн хомсдол үүсэн тул ханш өндөр байна
Америкчууд хөл хорионд орсноор байр худалдан авах, зарах эрэлт эрс буурсан ч үнэ ханшид нь нөлөөлсөнгүй. Учир нь 2008 оны хямралаар байрны асар их илүүдэл үүсэж, орон сууцны үнэ 50 хүртэл хувиар унаж байсан. Харин энэ удаад нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь ханшийг өндөрт барихад хүргэж байна.
Realtor.com-ын мэдээлснээр энэ оны гуравдугаар сард шинэ орон сууцны нийлүүлэлт жилийн дунджаас таван хувь өссөн байна. Гэхдээ өмнө нь шинэ орон сууцны нийлүүлэлт хамгийн өндөр байдаг дөрөвдүгээр сард 47 хувиар буурчээ.
Хонгконгийн хувьд гуравдугаар сард 3870 үл хөдлөх хөрөнгө борлогдсон нь хямрал нүүрлэхээс өмнөх гурван сарын дунджаас есөн хувиар бага байгаа юм. Жилийн өмнө нийт тус улсад 5231 үл хөдлөх хөрөнгө борлогдож байсан нь энэ жилээс 26 хувиар өндөр байгаа юм. Шинжээчид цаашид цар тахлын нөлөө Хонгконгийн үл хөдлөхийн зах зээлд том асуудал үүсгэнэ гэж харж байна. Үүнд олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж Хонгконгоос хүмүүс дайжсан нь давхар нэрмээс болно гэж тайлбарлажээ.
Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв
Хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, зарим улс оронд хөл хориог цуцалж байгаа зэргээс шалтгаалан газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тиймээс лхагва гаригт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй нээгдлээ.
Хэдийгээр Японы хөрөнгийн бирж нийтийн амралтын өдөр тохиосон учраас ажиллаагүй ч Ази, Номхон далайн орнуудын MSCI (NYSE: MSCI) индекс 0.2 хувиар өссөн байна. Харин Австрали (AXJO) 0.2 хувь, Өмнөд Солонгос (KS11) 0.3 хувиар өссөн бол Шинэ Зеландын индекс (NZ50) 0.6 хувиар буурчээ.
Perpetual-ийн хөрөнгө оруулалтын стратеги хариуцсан захирал Мэттью Шервуд “Зах зээлийн тойм мэдээ нь олны анхаарлын төвд байна. Холбооны Нөөцийн банкны хөрвөх чадвар нь зах зээл дээрх эрсдэлийг нөхөж чадах эсэхэд бид санаа зовж байна” гэжээ.
АНУ-ын Холбооны нөөцийн банк лхагва гаригаас эхэлсэн хуралдааныхаа төгсгөлд бодлогын мэдэгдэл гаргахаа мэдэгдээд байна. Шинжээчдийн хувьд тус банк коронавирусын эдийн засагт үзүүлж буй хохирлын цар хүрээ, өмнө нь хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг харгалзан энэ удаад томоохон алхам хийхгүй байх гэж таамаглаж байна. Харин Европын Төв банк Пүрэв гаригт хуралдана.
Өчигдөр Европын банкуудын хувьцаа бараг таван хувиар өссөн бол N95 амны хаалт үйлдвэрлэгч 3M Co (N: MMM), тайвшруулах эм үйлдвэрлэгч Pfizer Inc (N: PFE) компаниудын хувьцаа өссөн байна.
Доллар, еврогийн ханш суларч байна
Хөл хориог цуцалснаар коронавирус улам тархана гэсэн болгоомжлолоос үүдэн долларын иентэй харьцах ханш суларч байна. Ерөнхийдөө долларын индекс валютын сагстай харьцуулахад 0.1 хувиар буурсан бол Fitch компани Италийн зээлжих зэрэглэлийг BBB болгосонтой холбоотойгоор еврогийн индекс ч буурах төлөвтэй байна. Харин газрын тосны хувьд АНУ-ын баррель нь есөн хувиар өсч 13.44 ам.доллар, Brent нэг хувиар буюу 20.65 ам.долларт хүрчээ. Алтны хувьд унци нь 1. 706.32 ам.доллар байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.30 ПҮРЭВ № 85 (6310)