Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд дөрөвдүгээр сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
ЮНЕСКО-гийн театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу 1982 оноос эхлэн жил бүрийн 4 сарын 29-ний өдрийг Олон улсын бүжгийн өдөр хэмээн тэмдэглэх болсон байна. Энэхүү өдөр бол Францын нэрт балет мейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетийн эцэг хэмээн нэрлэдэг. Монголд бүжгийн өдрийг угтаж өнгөрсөн жил дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Э.Чойдог "Шарилжин дундах цэцэг" нэг бүлэг гурван үзэгдэлт балет, Римский-Корсаков "Шехерезада" эхлэл төгсгөл бүхий гурван үзэгдэлт балет жүжгийг тавьж байжээ. Мөн БНСУ-ийн “WISE” балет театртай хамтран “HIGH FEELING” тоглолтыг зохион байгуулсан байна. “Wise” балет театр нь Солонгос улсад анх 2005 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жилдээ гадаад болон дотоодын 80 гаруй балетын тоглолтуудыг явуулдаг байгууллага юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1897.04.29. Английн физикч Жозеф Томсон байгаль дахь хамгийн бага жинтэй хамгийн жижиг хэмжээний цахилгаан цэнэг электроныг нээснээ зарлав. Кембрижийн их сургуулийн профессор байсан тэрээр 1906 онд энэ нээлтээрээ Нобелийн шагнал хүртжээ.
1965.04.29. Пакистаны Сансар болон агаар мандал судлалын хүрээлэн "Рехбер" хөлгийг амжилттай хөөргөв. Пакистан улс түүхэндээ долоо дахь удаагаа сансрын хөлөг хөөргөсөн нь энэ болсон юм.
1992.04.29. АНУ-ын Лос Анжелес хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгджээ. Цагдаагийн ажилтан хар арьст Родни Кингтэй зүй бусаар харьцсаныг эсэргүүцсэн жагсагчид сүүлдээ хяналтаа алдаж Лос Анжелесийн дэлгүүр, албан газрыг түйвээсэн байна. Гурван өдөр үргэлжилсэн энэ жагсаалын улмаас 63 хүн амиа алдаж, 100 гаруй үйлчилгээний газар их хэмжээний хохирол амсчээ.
2015.04.29. Америкийн мэргэжлийн бейсболын лигийн ээлжит тойргийн тоглолтын хүрээнд учраа таарсан Балтимор Ориолес, Чикаго Уайт Сокс багийн тоглолт хоосон цэнгэлдэхэд болжээ. Балтимор хотод гарсан үймээн, самууны улмаас цэнгэлдэхийг хаасан юм. Энэ нь тус тэмцээний түүхэнд тохиосон анхны тохиолдол болсон билээ.
Эх сурвалж www.zms.mn