Б.ОЮУНЗУЛ

Бид энэ удаагийн “Урлан” буландаа гар урлаач Г.Ууганцэцэгийг онцоллоо. Тэрээр нийгмийн идэвх сайтай, багаасаа аливаа зүйлд оролцдог байв. Урлаач маань 2013 онд том хүүгээ харж байхдаа анх гар урлалыг сонирхсон бөгөөд одоо мэргэжлийн түвшиний гар урлаач болжээ. Түүний аав ээж нь оёдолчин хүмүүс байсан болохоор багаасаа гарын ур сайтай аливаа юмыг хурдан сурдаг хүүхэд байсан гэв. Анх цаасан хуймлын урлаг сонирхож эхэлсэн байна. Цаасан хуймлаа интернэтээс хайж, хуйлагч зүүг нь өөрөө тэвэн сэтэлж хийж, А4-ийн цаасыг нэг бүрчлэн нарийхан зүсч байгаад анхны бүтээлээ хийжээ. Энэ нь хүүгийнхээ хөл гарынх нь хэвийг цаасан хуймлаар хийж  фэйсбүүктээ тавьсан нь хүмүүсийн анхаарлыг татсан аж. Тэрээр дан ганц цаасан хуймагаас гадна даалин урлах, шүрэн урлал, цоолбор, туузаар оёх урлал, болор толгойн гоёлыг бие даан сурсан байна.

Г.Ууганцэцэг сонирхсон зүйлсээ нэг нэгээр нь хийж сурснаар түүний урласан бүтээлүүдийг хүмүүс сонирхож улмаар захиалгаар ээмэг, зүүлт, бугуйвч, цаасан хуймаг хийлгэдэг болжээ. Тэрээр бүтээлүүдээ ихэвчлэн хээ болон цэцэг, шүр, сувд ашиглан хийдэг. Сүүлийн үед монгол дээлэн дээр зүүх ээмэг, хүзүүний зүүлтийг хээ ашиглан хийдэг нь хамгийн эрэлттэй бүтээлүүдийн нэг юм. Гар урлаач “Цэцгээр ээмэг, зүүлт хийхэд их хялбар. Харин хээгээр энэ бүтээлүүдийг хийхэд хүндрэлтэй байдаг нь тухайн хүнээс сэтгэн бодох ур ухаан шаарддаг” гэж хэлсэн юм. Нэг бүтээл хийхэд хэмжээнээсээ хамаарч 2-7 хоног зарцуулдаг гэсэн. Бүтээлийн санаагаа youtube  болон гар урлаачдын бүтээлүүдээс харж санаа авч өөрийнхөө санааг нэмэн баяжуулж хийдэг ажээ. Мөн захиалга өгсөн хүнийхээ саналыг харгалзан үзэж хийдэг байна.

Одоогоор 400 гаруй гоёл чимэглэлийн зүйлийг хийсэн байна. Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд гар урлалыг ихэд сонирхож байгаа болохоор ээмэг, зүүлтээ өөртөө тохирох байдлаар хийхийг хичээх болсон байна. Цаасан хуймлын урлалаар 2015 онд Улаанбаатар, Эрдэнэт хотод очиж сургалт зохион байгуулжээ. Одоо Чимгээ гэх бүсгүйтэй хамтран өөрийн арга барилаас багцалсан есөн төрлийг цахим сургалт явуулж байна. Гар урлал нь олон төрөлтэй. Монгол бүсгүйчүүдээ дэмжин гар урлалын бэлдэц гаргадаг аж. Тухайн бэлдцээр “Мандала” хэмээх монгол охидын зурагтай ээмэг, бугуйвч, зүүлт хийдэг болжээ. Түүний цаашдын мөрөөдөл нь өөрийн гэсэн сургалтын төвтэй болж танигдаагүй гар урлалын олон төрлийг ирсэн хүмүүст таниулах хүсэлтэй хэмээн ярьж байлаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин