Б.ТӨГС

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болно. Цар тахалтай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тул хурлыг цахимаар хийхээр болжээ. Хурлаар хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэрийг танилцуулж, албажуулснаар ирэх сарын 1-нээс ногдол ашгийг олгож эхэлнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдээллээ. Мөн тус хурлаар компанийг нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг хэлэлцэх юм байна. Одоогоор үнэ төлбөргүй хувьцаа эзэмшсэн иргэдээс 1.8 сая хүн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Харин тэднээс 1.5 сая хүн банкны дансаа холбоогүй байгааг хэллээ. Тиймээс иргэд хувьцааны дансаа зөвшөөрөл бүхий брокер диллерийн компанид хандаж нээлгэх, нээлгэсэн бол банкны дансны мэдээллээ шалгахыг зөвлөж байна. Иргэд банкны дансаа баталгаажуулах нь бага байгаа учраас ногдол ашгийг олгохдоо “Е баримт” аппликэйшнийг ашиглах боломж байгаа эсэхийг судлуулахаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас Сангийн яаманд ханджээ.

Эх сурвалж: www.polit.mn