Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхийн үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Энэ өдөр дэлхий нийтээрээ Гемофилитэй тэмцэж байна. Гемофили өвчтэй хүний цусанд агуулагдах цус бүлэгнүүлэгч факторын хэмжээ бага байдаг. Цус нь гоожвол тогтолгүй , эрүүл хүмүүсийнхээс удаан гоождог өвчин юм. Цус бүлэгнүүлэгч фактор гэдэгт олон төрлийн уураг багтдаг бөгөөд эдгээр уураг нь цус гоожсон үед цусыг бүлэгнүүлэн тогтоох чухал үйлчилгээтэй. Гемофили өвчнийг дотор нь А,В гэсэн хоёр хэлбэрт хуваадаг бөгөөд энэ хоёр хэлбэрээс А гемофили нь элбэг тохиолддог. А гемофилитэй хүмүүст цус бүлэгнүүлэгч VIII фактор дутагддаг бол, В гемофилитэй хүмүүст IX фактор дутагддаг байна. Манай улсын хэмжээнд нийт цус бүлэгнэлтын хүчин зүйлийн дутагдалтай 125 хүн бүртгэлтэй байгаагаас 50 гаруй нь хүүхэд гэх судалгаа 2019 онд гарсан байна.
1492 оны энэ өдөр Испаний хаан Фердинанд хатан хаан Изабелла хоёр Христофор Колумбын “Энэтхэгт” хийх усан замын аянг мөнгөөр дэмжих гэрээг байгуулжээ.
1875 оны энэ өдөр Энэтхэг төв хэсгийн Жабалпур хотын Британийн колонийн корпусын офицеруудын гуанзанд бильяардын шинэ төрөл “снукер” гарч байжээ. Хурандаа Невилл Чемберлен шинэ тоглоомдоо пул бильярдын өнгөт бөмбөгүүдийг авч тусгай байрлалд байрлуулан дараалалтайгаар тоглож эхэлсэн нь уг тоглоомын эхлэл болжээ.“Снукер” гэдэг үгийг ч тэр бас үүсгэсэн байна.
1912 оны энэ өдөр Лена мөрний эрэгт бүглүү тайгад алтны уурхайн 3000 ажилчдыг цагдаагийнхан буудсан хэрэг Оросыг донсолгосон байна. Ажилчид дарга нарынхаа дарамтын тухай гомдол гардуулах зорилготой байсан гэнэ. Тэдний 270 нь алагдаж 250 нь шархадсан байлаа. Зөвлөлтийн албан ёсны намтраар энэ үйл явдлын улмаас Владимир Ульянов “Ленин” гэсэн намынхаа нууц нэр авчээ.
Эх сурвалж www.zms.mn