С.УЯНГА

 

“Covid-19” -ын халдвар дэлхий нийтэд шинэ сорилт болж байна. Шинэ коронавирусын халдварын сөрөг нөлөөнд хамгийн их өртөж байгаа нь агаарын тээвэр бол хоёрдугаарт аялал жуулчлалын салбар орж буй юм. Дэлхий нийтэд агаарын тээврийн салбарын алдагдал 400 сая ам.доллар даваад байгаа бол улс орнууд аялал жуулчлалаас эхний хоёр сарын байдлаар 40-50 тэрбум ам.доллар алдлаа.

 

ЭХНИЙ УЛИРАЛД 118 ТЭРБУМ ТӨГРӨГ АЛДЛАА

 

Дэлхий даяар аялах байтугай гэрээсээ гарахыг хориглосон энэ үе манай улсын аялал жуулчлалын салбарт ч хүнд цохилт өгч байна. Монголд 2019 онд анх удаа хагас сая жуулчин аялсан бол энэ онд 40 хувиар өсгөж нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьж бэлтгэл ажлаа эхлүүлээд байсан. Гэвч нөхцөл байдал өөрөөр эргэж жуулчид татах нь битгий хэл хэзээнээс сэргэх нь ч тодорхойгүй боллоо. Аялал жуулчлалын салбар Монгол Улсын эдийн засагт цар хүрээгээрээ гуравдагч том салбар бол экспортын хувьд хоёр дахь том салбар юм.  Өнгөрсөн жил уул уурхайн бус экспортын нийт орлого 800 сая ам.доллар байсны 80 орчим хувь нь аялал жуулчлалын салбар дангаараа бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2019 онд аялал жуулчлал эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн орлого бүрдүүлжээ. Тэгэхээр энэ салбарын алдагдал Монголын эдийн засагт шууд нөлөөлж таарна. Энэ оны эхний сарын байдлаар жуулчдын тоо 20 хувь буурсан бол хоёрдугаар сард 45, гуравдугаар сард 95 хувиар буурч эхний гурван сарын байдлаар аялал жуулчлалын салбараас 43 сая ам.доллар буюу 118 орчим тэрбум төгрөг алдаад байна. БОАЖЯ мэргэжлийн байгууллагуудтай хамтарч жилд 45 орчим томоохон эвент арга хэмжээ зохион байгуулдгийн 20 орчим нь одоогоор цуцлагдсан. Мөн жил бүр тогтмол болдог дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэн хойшилж өнгөрсөн жил болон энэ оны эхэнд захиалга өгсөн жуулчдын захиалга цуцлагдаж байна.

Аялал жуулчлалын салбар онцлогтой. Жуулчдаас орж байгаа орлого зөвхөн улсын төсвийг бүрдүүлэх биш нэг жуулчны зарцуулсан мөнгө 13 салбарт ордог гэсэн судалгаа бий. Энэ бол дотоодын эдийн засгийг олон талаар тэтгэдэг гэсэн үг. Тиймээс аялал жуулчлалын салбарын хүндрэл бусад худалдаа үйлчилгээний байгууллагуудад ч дам нөлөөлж байна.

 

ЗӨВХӨН ЗОЧИД БУУДАЛД 62 МЯНГАН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

 

-Монгол Улсын хэмжээнд 620 орчим зочид буудал 445 жуулчны бааз,  318 тур оператор компани үйл ажиллагаа явуулж байна. Коронавирусын нөхцөл байдлаас болж эдгээр аж ахуйн нэгж тэг зогсолт хийсэн гэж хэлж болно. Харин орон нутгийн зочид буудлууд тодорхой хязгаарлалттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Зөвхөн нийслэлд 300 орчим зочид буудал 40-50 орчим амралтын газар бүрэн зогсч, жуулчны урсгалыг хориглосон учраас тур оператор компаниуд ажиллахгүй байна.  Аялал жуулчлалын салбарт 118 мянган хүн ажилладаг. Харин энэ эгзэгтэй үед эдгээр 100 гаруй мянган хүн ажилгүй болох эрсдэлд ороод байгааг БОАЖЯ, Мэргэжлийн холбоод хэлж байна. 

Тур оператор компаниудын ихэнх нь улирлын чанартай бол зочид буудал, жуулчны баазууд жилийн дөрвөн улирал ажилладаг. Цалин, цахилгаан зэргээр тогтмол зардалтай. Зөвхөн зочид буудалд гэхэд 62 мянган хүн ажиллаж байгаа юм.

Шинэ коронавирусын халдварын үед манай улс гадаадаас иргэдээ татаж байгаа. Энэ хүрээнд 5000 орчим ортой арав гаруй зочид буудлыг тусгаарлалтын журмаар ашиглаж байгаа гэнэ. “Зочид буудлууд иргэдээс өдрийн 50 мянган төгрөгийн зардал гарч авч байгаа ч өдрийн хоол цайндаа зарцуулагдаж байгаа учраас зочид буудалд үлдэж байгаа үр ашиг бараг байхгүй. Гаднаас авах хүмүүсийг тусгаарлах нөөцөд зочид буудлуудыг ашиглах судалгаа хийж бүртгэж байна” гэдгийг  БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга  С.Баясгалан хэллээ.

 

 КОРОНАВИРУСЫН ҮЕИЙГ ЭЕРЭГЭЭР АШИГЛАХ ГУРВАН БОЛОМЖ

 

Коронавирусын хүнд нөхцлийг эерэгээр ашиглахын тулд өөрсдийгөө тордож, үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, тав тухаа  сайжруулах боломж болгож ашиглая хэмээн салбарынхан ярьж байгаа гэнэ. Энэ ажилд БОАЖ-ын сайдын багц болон Германы төслийн хүрээнд арав орчим газарт жуулчид отоглох цэгийг байгуулж байгаль орчинд ээлтэй технологио нэвтрүүлэх юм байна. Жуулчдын урсгал гол нуурын эрэг орчимд их байдаг учраас бүрэн цэвэрлэх ариун цэврийн байгууламж барьж хөрсний бохирдлоос сэргийлж ойрын 2-3 жилд 100 орчим ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөсөн байна.

Мөн гадны жуулчдын урсгал тасарсан үед ажлын байраа хамгаалахын тулд дотоодын жуулчдын урсгалыг идэвхижүүлэхийг зорьж байгаа гэлээ. Өнгөрсөн онд 2.4 сая монгол иргэн гадаадын улс орнуудад аялсан байдаг. Энэ урсгалыг дотоодод зөв зохион байгуулалттай явуулж чадвал аж ахуйн нэгжүүд зардлаа нөхөж болох талаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа төдийгүй дэлхий даяар хүн бүр гэрээсээ мэдээлэл авч байгаа үеийг ашиглаж Монголын талаарх цахим сурталчилгааг идэвхижүүлж эхэлжээ.

ЭКСПЕРТИЙН ҮГ

С.Баясгалан/ БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга/: Зочид буудал, жуулчны баазуудын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг тэглэх санал боловсруулсан

-Зочид буудал, жуулчны баазын цахилгааны зардлыг хойшлуулах, богино хугацаанд тэглэх шийдэл дэвшүүлж байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварт нэлээн их хэмжээний зардал гаргадаг. Тиймээс энэ татварыг тэглэж өгөөч гэсэн саналуудыг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, жуулчны баазуудын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2020 онд тэглэх саналыг боловсруулсан. Аж ахуйн нэгжүүдийн тавьж байгаа гол хүсэлт бол хүү багатай зээлээр дэмжээч гэж байна.  БОАЖ-ын сайдын багцаас хоёр орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай тохиролцож өнгөрсөн жилээс ногоон зээл хэлбэрээр өгч эхэлсэн нь жуулчны баазуудад томоохон дэмжлэг болж байна. Энэ онд үргэлжлүүлж 20-40 тэрбум төгрөгийн зээл гаргах нөхцлийг бүрдүүлж байна. Бид Нийслэлийн Засаг даргад санал хүргүүлсэн. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал жуулчны баазуудаас  хот нэг хувийн татвар авдаг. Энэ татвараар өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд 22 орчим тэрбум төгрөг бүрдүүлсэн. Мөн жуулчид хотын эдийн засагт 480 орчим тэрбум төгрөгийн орлого оруулдаг. Хотын өнгө үзэмжийг нэмж байгаа томоохон бүтээн байгуулалтууд аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байна. Тиймээс хотын татварын орлогоос аялал жуулчлалын салбарыг түр хугацаанд тэтгэж, эрсдэл багатай даван туулахад санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлтийг хүргүүлсэн. Жуулчдын захиалга өмнөх онд буюу жилийн эхэнд хийгддэг. Энэ ажил хоёр байгууллагын гэрээгээр зохицуулагдаж байна. Ихэнх нь цуцлагдахаас гадна дараагийн аялалдаа шилжүүлэхээр ярилцаж байна.

 

Э.Хишигбаяр/ Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга/: Энэ үеийг ашиглан хууль журмаа цэгцлэх хэрэгтэй

- Манайх дотоодын аялал жуулчлал олон жил зохион байгуулж ирсэн, жилийн дөрвөн улирлын турш улирлын онцлогт тааруулан аяллуудаа зохион байгуулдаг, мөн гадагшаа буюу outbound аяллууд байнга тогтмол зохиодог.  Одоогоор бүх үйл ажиллагаа зогссон. Төр засгаас 4-10 сард нийгмийн даатгал татвар тэглэснээс өөр  дэмжлэг одоохондоо алга.

Зөвхөн энэ үед ч биш гадагшаа аялал хийдэг компаниуд зах зээлээ булаалдан үнээ унагах, үнээрээ өрсөлдөж бүтээгдэхүүнийхээ чанарыг унагах, зарим нь ямар ч зөвшөөрөлгүй хувь хүмүүс ямар нэг аяллын нэр өгч даган дуурайх, чанар нэр хүнд унагах нь маш түгээмэл байдаг. Үүнд төрийн бодлого зохицуулалт үнэхээр дутмаг байдаг. Тиймээс энэ цаг үеийг ашиглан хууль дүрэм, журмаа цэгцлээсэй л гэсэн саналыг яам, мэргэжлийн холбоонд хүргүүлсэн. Мөн дотоодын аяллын зарим зардлыг эрүүл мэндийн даатгалаас нь гаргаж,  татаас өгөх зэрэг дэмжлэг хөшүүрэг хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.17  БААСАН № 75 (6300)