2020.04.08

Засгийн газраас төсвийн тодотгол хийхгүй харин зохицуулалт хийнэ гэжээ. Нэг л сонин сонсогдож байгаа биз. Төлөг, төлөг гэж байгаад эр хонь дүүрээд явчдаг гэдэг шиг. Төсөвт зохицуулалт хийж болно, угаасаа хуулинд тусгагдсан нэр томьёо. Харин асуудлын гол нь тодотгол уу, зохицуулалт уу? Цар тахалын улмаас үүссэн нөхцөл байдлыг тооцвол яах аргагүй төсвийн зохицуулалт биш харин тодотгол хийх шаардлага буй юм.  Сангийн яам чухам яагаад төсвийн тодотгол гэдэг үгнээс зугтаад байгааг би мэдэхгүй. Үгүй яах вэ, таамаг бол байна. Гэхдээ энэ удаа тэр таамгийн талаар гэхээсээ яагаад бид төсвийн тодотгол хийх ёстой вэ гэдэг талаар ярильця.

Төсвийн тухай хуульд заасан дараахь нөхцөлүүд бүрдсэн нь нь энэ жилийн төсвийг тодотгох эрх зүйн орчныг бий болгож байна.

34.1. Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:

34.1.1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;

Энд жишээ нь төсвийн тусгай шаардлага болох төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас аль хэдийн давсан, бүр баталсан 5 хувиас ч давах нөхцөл аль хэдийн үүссэн байгаа. Одоо нэмж авч буй гадаад зээлийн улмаас өрийн хэмжээ тусгай шаардлагад заасан 60 хувиас даваад байгаа гэх мэтийн хэд, хэдэн заалтууд зөрчигдсөн байгаа нь төсвийн тодотгол хийхийг “шаардаж” буй юм.  

34.1.2. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;

Төсвийн орлого тасалдсаны улмаас алдагдал өсч буй нь бодит асуудал. Албан эх сурвалжууд хэд хэдэн зөрүүтэй тоонууд хэлж буй ч төсвийн орлогын тасалдал эхний улиралдаа 400-500 орчим тэрбумд хүрсэн нь баримжаатай тоо. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл үүссэн үү? Үүссэн. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ийн 3 хувиар нэмэгдэж байна уу? Магадлалтай, засгийн газар үүнийг өөрсдөө бодитоор тооцож тайлагнах ёстой.

34.1.4. Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.

Засгийн газар “төсвийн зохицуулалт” хийнэ гэсэн. Энэ удаа үүссэн онцгой нөхцөл байдал нь төсвийн зохицуулалтыг өргөн хүрээнд тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд хийхийг шаардаж байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зохицуулалт хийлгүйгээр энэ удаагийн зохицуулалтыг хийх боломж үгүй. Ерөнхийлөн захирагч нарын хоорондын төсвийг хөндөлгүйгээр хийнэ гэвэл зохицуулалт нь үр дүнгүй, нэр төдий ажил болно. Тиймээс  хуульд заасны дагуу төсвийн зохицуулалт хийнэ гэвэл энэ нь төсвийн тодотгол руу хөтөлнө гэсэн үг.

Нөхцөл байдлаас дүгнэхэд засгийн газарт төсөвт тодотгол хийх эрх зүйн болоод эдийн засгийн шаардлага үүсээд байна. Гэхдээ сангийн яамны хувьд тодотгол гэсэн үгнээс зайлсхийж “зохицуулалт”-аар аргална гэвэл тун гоомой, ард иргэдээ үл хүндэлсэн хандлага байх болно. Эцсийн дүндээ энэ удаа төсөвт хийх өөрчлөлт, зохицуулалт нь төсвийн тодотгол байх шаардлагыг хангаж буй бөгөөд юу гэж нэрлэхээс үл хамаараад бодит байдал дээр төсөвт тодотгол хийгдэнэ гэсэн үг.

 

Х.Батсуурь /Эдийн засагч/