Ц.МЯГМАРБАЯР
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер уулзаж, Зүүн Сибирь болон Хятад улсын хэрэглэгчдэд байгалийн хий нийлүүлэх боломжийн талаар болон шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн төслийн талаар мэдээлэл өгсөн. Үүнтэй холбогдуулан Монголоор дамжуулан хий хоолой тавих төсөл эхэллээ гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал, нефтийн инженер, Ж.Золжаргалтай ярилцлаа.
- Хийн хоолойтой холбоотой асуудлаар Кремльд болсон уулзалтын талаар байр сууриа илэрхийлнэ үү?
- Энэ мэдээллээс анхаарал татсан нэг асуудал нь ОХУ-ын Эрхүү муж, Буриад, Байгалийн чанадад хий байдаггүй. Тэднийг Ямал, Ковыкта, Красноярскийн хийн ордуудаас байгалийн хийгээр хангах боломжтой байна гэсэн тооцоог гаргаж энэ бүс нутгаа хийтэй болгох нарийвчилсан эдийн засгийн үндэслэлийг хийх саналыг дэвшүүлсэн. Тэгэхээр энэ нь Монгол Улстай хил залгаа нутгуудад хий ойртоно гэсэн дохио. Тэр бүс нутаг хийгээр хангагдахаас өмнө манайд хий дамжуулна гэсэн ойлголт байхгүй. Монгол руу хэзээ байгалийн хий орж ирж болох вэ гэвэл Орос Хятад руу нийлүүлэхдээ манайхаар дайруулах явдал. Энэ утгаар харвал бас нэг сонирхол татсан мэдээлэл байна. Өнгөрсөн жил “Газпром” Монголын нутгаар дамжуулж “Сибирийн хүч 2” –ийг явуулбал яах вэ гэсэн судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр байж болох л хувилбар гэж үзсэн. Тодруулбал, Монгол Улсаар дамнуулан Хятадын зах зээлд жилд 50 тэрбум хүртэл шоо метр тээвэрлэх техникийн боломж байна гэж ойлгосон. Энэ урдчилсан судалгааг ТЭЗҮ болгож нарийвчлах саналыг В.Путин ерөнхийлөгчид тавьсан. Түүнээс биш төсөл эхлүүлье гэж хэлээгүй. Ярьсан үгийг нь дутуу шүүрч авч төсөл эхэллээ, батлагдлаа гэж цахим орчин шуугиж байна. ТЭЗҮ нь үндсэн хоёр чиглэлтэй. Нэгдүгээрт, хийн хоолойг яаж тавьж болох ямар ашигтай байх. Хоёрдугаарт, эх үүсвэр нь хаанаас байх. Өөрөөр хэлбэл, хийн хоолойн түүхий эд, тэжээлээ нийлүүлэх эх үүсвэр тодорхой биш байгаа учраас эдгээрийг тодруулах шаардлагатай гэсэн хэрэг.
- Төсөл ажил хэрэг болоход хэдий хэрийн хугацаа шаардлагатай вэ?
- Ийм ТЭЗҮ хийхэд хуучин “Сибирийн хүч-1” төслийн /Монголын зүүн талаар тойрсон хоолой/ жишгээр 10 орчим жил ярьсан байдаг. Барилга угсралтын ажилд таван жил зарцуулж нийт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр эхэлсэн. Тэгэхээр манайхаар хийн хоолойг дамжуулах төсөл эхэллээ гэж бодоход Хятад, Монгол, Орос гурван улсын хооронд ярих асуудал болно. Энэ нь нэлээн хугацаа шаардана. Дээр нь ТЭЗҮ боловсруулахад багаар бодоход хоёр жил болно. Барилга угсралт нь таван жил болно гэвэл нийт 10 жилийн дараа л боломжтой. Хамгийн төвөгтэй нь худалдан авагчийн зөвшөөрөх эсэх нь. Тэгэхээр ТЭЗҮ хийхийг зөвшөөрөх үү гэж “ Газпром” талаас санал оруулж байгаа болохоос биш төсөл зөвшөөрсөн асуудал биш. ОХУ-ын Шадар сайдад В.Путин өнгөрсөн оны есдүгээр сард энэ асуудлыг судлаад зургаан сарын дараа танилцуулах үүрэг өгсөн. Урьдчилсан судалгааг зургаан сарын хугацаанд хийж танилцуулах үүрэгтэй гэдгээр оросууд хугацаандаа ажлаа хийсэн байна.
-Хэрэв хийн хоолой дамжуулах төсөл хэрэгжвэл манайд жилд гурван тэрбум ам.доллар орж ирэх тухай дурдсан байсан. Тэгэхээр урьдчилсан судалгаанд эдийн засгийн талаас нь гаргасан таамаг мэдээлэл юу байна вэ?
- Монголын нутгаар хий тээвэрлэх, транзит тээврээр дамжуулах эдийн засгийн тооцоолол төсөл эхлээгүй учраас одоогоор мэдээллээгүй. Таамаг төдийгөөр бол манайх хий дамжуулаад хэдийг авах, өгөх эсвэл дундаас нь хий авбал транзит тээврийн зардал бага байх гэсэн тооцоо гарах байх. Гурван тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн тооцоог олж хараагүй.
-Хятад улс хийн хоолойн хэдэн их үүсвэртэй юм. Түүнчлэн хэтийн бодлогод нь манайхаар хийн хоолойг дамжуулах тухай туссан уу?
- Хятад улс олон эх үүсвэрээс байгалийн хий импортлох бодлого барьдаг. Жилд ойролцоогоор 300 тэрбум куб метр хий хэрэглэж байгаа.Үүний 150 орчим тэрбумыг нь импортоор авдаг. Импортоор авдаг хийн онцлог нь гурван өөр төрлийн хийгээр хангах бодлоготой. Энэ нь БНХАУ-ын таван жилийн бодлогод туссанаас гадна Эрчим хүчний талаар баримтлах бодлогод оруулсан. Үүнд хуурай газар хоолойгоор авах, далайгаар шингэрүүлсэн байгалийн хий авах, уламжлалт бус хий буюу занар болон нүүрсний давхарагын хий гэсэн гурван төрлөөр хангахаар туссан. Одоогоор хуурай газар хоолойгоор ОХУ, Төв Ази болон Казакстан, Мьянмар улсаас, далайгаар шингэрүүлсэн байгалийн хийг Ойрхи Дорнод, Америк, Өмнөд Азиас авдаг. Эдгээр гурван төрлийн хийн хангах хэмжээ нь ойролцоо байх төрийн бодлого баримталдаг. Тэгэхээр гаднаас 150 тэрбум куб метр хий авдаг гэвэл багцаалбал 50, 50 тэрбумаар нь хувааж авдаг гэсэн үг. “Сибирийн хүч 1” 38 тэрбум куб.метр хий нийлүүлэх хүчин чадалтай. Ойрын жилүүдэд үүний гуравны нэг орчмыг л нийлүүлнэ. Хүчин чадлын хэмжээгээр авахгүй. Ийм байхад Хятадын хувьд дахин шинэ хоолойгоор хий авах гээд улайраад байх шаардлагагүй. Жишээлбэл Хятад манайхаас гадна олон орноос нүүрс импортолдог. Эднийх зориуд импортоо хуваарилдаг. Тэгэхээр ОХУ-аас хийн импортоо дагнан авах сонирхолгүй. Энэ нь стратегийн хувьд нэг орноос хараат байхгүй гэсэн бодлоготой холбоотой. Тиймээс ойрын хэдэн жилдээ манайхаар дамжуулан хийн хоолой барих асуудал яригдахгүй байх.
-Хятад улс байгаль орчны доройтлоос болж байгалийн хийн хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа шүү дээ?
- Одоо тус улсын эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийн 60 гаруй хувийг нүүрс эзэлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүч, цөм гэх мэт шинэ технологийг нэвтрүүлэхэд анхаарч байгаа ч 10 хувиас хэтрэхгүй. Хийн түлш байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Тиймээс ирээдүйд хийн хэрэглээ бага зэрэг өсөх байх. Үүнийг дагаад ОХУ-аас хий авахаа нэмэгдүүлж болзошгүй. Гэхдээ энэ бол ирээдүйн асуудал. Нэг хүн судалгаа хийе гэсний төлөө төсөл эхэлчихлээ хэмээн ярих боломжгүйгээс гадна ойрын хэдэн жилдээ биелэгдэхгүй зүйл.
-Та яагаад ийм итгэлтэй байна вэ?
- Яагаад гэвэл ОХУ, БНХАУ эрчим хүчний том бодлоготой улс. Эдгээр улсын бодлого дарга нарын нэг удаагийн уулзалтаар гардаггүй. ОХУ-ын шинжлэх ухааны академи, эрчим хүчний салбарын боловсруулсан эрчим хүчний стратегийн баримт бичгийг В.Путин болон хэн ч өөрийн дураар шийдвэрлэхгүй. Салбарын судлагааны байгууллагуудын гаргасан ерөнхий чиглэлийн хүрээнд Засгийн газар нь баталж хэрэгжүүлдэг. Энэ баримт бичигт Монголоор хийн хоолой дамжуулах тухай байхгүй. Хэрэв энэ удаа ТЭЗҮ хийе гэсэн санал тавиад Ерөнхийлөгч нь зөвшөөрч байгаа бол баримт бичигт эхлээд тусгана. Дараа нь хурлаар орж батлагдсаны дараа хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал яригдана. Нөгөөтэйгүүр, Хятад таван жилийн төлөвлөгөөгөөр хөгждөг. XIII таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улсаар хий дамжуулах асуудал тусгагдаагүй. XIV таван жилийн төлөвлөгөөгөө одоо хэлэлцэнэ. Мөн судлагдаж байгаа. Хэрэв энэ төлөвлөгөөнд оруулна гэвэл Орос, Монголын нөлөөгөөр лоббидоно гэсэн үг. Тэд хүлээж аваад боломжтой гэж үзвэл төлөвлөгөөндөө оруулна. Оруулсны дараа хэрхэн хэрэгжүүлэхээ ярина. Түүнээс биш тэнд нэг дарга хэлэнгүүт төлөвлөгөөгөө өөрчилнө гэсэн асуудал үгүй. Манайхан Оросуудын жишгийг авах дуртай. Хятадууд мундаг хөгжиж байна гэж ярьдаг. Дуураймаар байгаа бол дарга дураараа шийдвэрлэдэггүй мэргэжлийн институтын гаргаж ирсэн судалгаа, баримт бичгээр улс ажиллаж хөгждөг гэдгийг нь бид дуурайх хэрэгтэй.
-Казахстан, Манжуур, Хойд Солонгосоор дамжуулан Хятад руу нийлүүлэх хувилбар бий гэдэг. Энэ хувилбар нь манайхаар дамжуулахаас Орос болон Хятадад илүү ашигтай ч гэж ярьдаг. Яагаад вэ. Манайх илүү ойрхон биздээ?
-Хойд Солонгосоор дамжуулах асуудал мөн л санаа хувилбарын төвшинд байгаа. Энэ хувилбар эдгээр гурван улсын геополитикийн асуудал. Нөгөөтэйгүүр, “Сибирийн хүч 1” төсөл манайхаас холуур тойрч орсон. Монголоор явсан бол ойрхон гэдэг талаас ашигтай байх байсан гэж шүүмжилдэг. Энэ бол тийм биш. Яагаад гэвэл нэгдүгээрт, ОХУ-д зүүн Сибирийн нутгаа хөгжүүлэх нь чухалд орно. Зүүн Сибирь байгалийн хийн том ордуудтай. Суурь дэд бүтцээ эдгээр ордуудад ойртуулахад хийн хоолой чухал. Монголоор дайруулахад 1000 гаруй км газар эзгүй талаар өнгөрөх учраас өөрсдийнхөө нутаг дэвсгэрээр явуулах, цаашилбал Япон, Солонгост ойртох нь мэдээж Оросуудад ашигтай. Энэ хувилбар бас Хятадад ашигтай. Тэдний Зүүн хойд бүсийн хэрэглээг хангах нь ашигтай. Нөгөө салбар хоолой нь Казакстан, Монгол хоёрын хилийн хооронд байдаг зурвасаар дайрч Оросоос Хятад руу хүрэхээр төлөвлөсөн байдаг. Энэ чиглэл Оросын эрчим хүчний стратегид тусгасан, батлагдсан, төлөвлөсөн чиглэл. Хятадын тал яарахгүй байгаа учраас царцанги байгаа. Үүнийг болиод, Монголоор дамжуулах шинэ чиглэл гаргаж ирэх тухай одоо ярьж байгаа. Тэгэхээр энэ бол их хугацаа шаардах ажил.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.2 ПҮРЭВ № 64 (6289)