Ч.ҮЛ-ОЛДОХ
Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугартай ярилцлаа.
-Манай улс Covid-19-ийн халдвараас сэргийлэх хорио цээрийн дэглэмийг шуурхай тогтоосон ч улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааг дэмжих, мөнгөний эргэлтийг хэвийн байлгах бодлогын арга хэмжээ авахад хойрго байна. Эдийн засаг талаас ямар зохицуулалт хийх ёстой гэж та үзэж байна?
-Коронавиурсээс болж эдийн засагт маш том эрсдэл үүсч байна. Нэгдүгээрт, макро эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн шоконд орсон. Хоёрдугаарт, Монголд орж ирж байгаа гадаад валютын урсгал хумигдах эрсдэл үүссэн. Үүний дүнд ажлын байр багасах, төгрөгийн ханш сулрах үр дагавартай. Давагдашгүй хүчин зүйл зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийг хамарсан. Үүссэн нөхцөл байдлыг харж болох хамгийн ойрын жишээ нь БНХАУ-ын статистикийн тоон үзүүлэлтүүд юм. Үүнээс үзэхэд урд хөршид эдийн засаг нь их хумигдаж, худалдан авалт нь багассаны дээр ажилгүйдэл хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Манай улсын тухайд I улирлын тоон үзүүлэлт гарахаар нөхцөл байдал тодорхой болох байх. Коронавирусээс үүдсэн давагдашгүй нөхцөл байдлын үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудал улс орон бүрт яригдаж байна. Энэ асуудлаар Засгийн газар, Төвбанк хоёр хамтран ажиллаж, хуулийн хүрээнд зохицуулалт хийх ёстой.Бусад орны жишиг ч үүнийг харуулж байгаа. Хэдэн жишээ дурдая. АНУ-д өчигдөр /уржигдар/ бодлогын хүүгээ бараг тэглэчихлээ. Дээр нь нэмээд 700 тэрбум орчим ам.долларын бондыг зах зээлээс эргэж худалдан авах алхам хийлээ.Ингэснээр санхүүгийн зах зээлээ мөнгөжүүлж эдийн засагт орох мөнгөний урсгалыг ихэсгэж байна. Японд төсвийн тодотгол хийж, 15 тэрбум ам.долларыг аж ахуй нэгжүүдийг дэмжихийн тулд хүүгүй зээлд зарцуулах болсон. Сингапур төсвийн тодотгол хийж, дөрвөн тэрбум доллараар коронвирусээс болж орлогогүй болсон бизнесийнхнээ дэмжих гэж байна. Ихэнх орнууд ийм алхам хийж байгаа. Энэ жишгийг Монголд бий болгоё гэвэл яах вэ гэдгийг та надаас асууж байна. Мэдээж эхний ээлжинд эдийн засгийн эрсдлийг яаж бууруулах вэ гэвэл асуудлаа эрэмбэлж, чухал болон чухал биш зүйлүүдээ тодорхойлох ёстой. Нэгдүгээрт, ажлын байрыг хамгаалах шаардлагатай юм. Хоёрдугаарт жижиг, дунд бизнесийг дэмжих. Гуравдугаарт, хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих ёстой. Жижиг, дунд болон хувиараа бизнес эрхлэгч, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн орлого хумигдсан. Зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон учраас амьдралд нь шууд нөлөөлж эхэлсэн. Зардал нь хэвээр байгаа атал орлого байхгүй болсон учраас эрсдэл үүсч байна. Иргэдийн ихэнх нь зээлтэй байгаа. Гэтэл зээлийн төлбөр, зээлийн хүү,дээр нь гар утас, цахилгааны төлбөр гээд зардлууд нэмэгдэнэ.
-Засгийн газар, Төвбанк хоёр оновчтой арга хэмжээ авч зохицуулах ёстой гэлээ. Засгийн газраас ямар арга хэмжээг яаралтай авах ёстой бол?
-Нэн тэргүүнд татварыг бууруулж заримыг нь тэглэх ёстой. Аж ахуй нэгжүүдээ НӨАТ-аас чөлөөлөх ёстой. Хоёрдугаарт, коронавирусын нөхцөл байдалд зарцуулах тодорхой хэмжээний нөөц хөрөнгийг гаргаж, зарцуулах тооцооллыг гаргах ёстой. Ажлын байрыг хадгалахын тулд цалинг нь төрөөс олгож, аж ахуй нэгжүүдээ дэмжиж, түрээс, зээлийн хүүний төлбөрт анхаарах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүдэд шууд урт хугацааны бага хүүтэй зээлийг олгож байж тэдний орлогыг нөхөх ёстой.
-Төвбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан. Тэр нь ямар нөлөөтэйг иргэд сайн ойлгохгүй байна?
-Төвбанкны зүгээс нэн тэргүүнд бодлогын хүүгээ багасгах ёстой. Гэвч үүний үр дүн 4-6 сарын дараа эдийн засагт нөлөөлдөг. Тэгэхээр мэдээж богино хугацаанд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал. Дээр нь банкуудыг санхүүгийн нөөцөөр дутаахгүй байх зохицуулалтыг хийх ёстой. Банкуудад зээл олгох болон дэмжлэг үзүүлэх арга зам бий. Санаа авч болох жишиг гэвэл Монголд төдийлөн хэрэгжиж байгаагүй, Европын холбоо, АНУ, Японд хэрэгжиж буй бодлогын арга хэмжээ юм. Энэ бол Төвбанк нь Засгийн газрын бондыг банкуудаас худалдан авч санхүүгийн системийн мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх боломж юм.
Засгийн газар, Төвбанк хоёр хамтарч хэрэгжүүлэх бололцоотой бодит бодлогын арга хэмжээ бас байгаа. Энэ нь иргэдийн ипотекийн зээл, бизнесийн болон хувь зээлийн эргэн төлөлтөд чөлөө олгох боломжууд юм. Банкуудаас зээлийн хүү болон эргэн төлөлтөө шууд зогсоо гэж хатуу шаардаж болохгүй. Энэ нь орлогыг нь хааж санхүүгийн системээ эрсдэлд оруулах нөхцөл үүсгэнэ. Иймээс зээлийн нөхөн төлбөрийг Засгийн газраас төлөх боломжийг бий болгох хэрэгтэй. Эх үүсвэрийг нь төсвийн тодотголоор бий болгож болно.
Дараагийн алхам бол түрүүнд дурдсанчлан иргэд, аж ахуй нэгжүүддээ хөнгөлттэй зээл олгох юм. Ингэхдээ арилжааны банкуудаар дамжуулах нь зохистой шийдэл болно. Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, түүнийгээ банкуудаар дамжуулан урт хугацааны хөнгөлттэй зээл олгох нь үр дүнтэй. Энэ тохиолдолд бодлогын хяналтыг нь Төвбанк гартаа авснаар үр дүнтэй хэрэгжинэ. Гол нь тухайн хөнгөлөлттэй зээл нь коронавирусээс болоод эдийн засгаараа хохирсон иргэд, аж ахуй нэгжүүдэд очих ёстой.
-Ажлын байр нь хаагдаж, шууд орлогогүй болсон иргэд, аж ахуй нэгжүүдэд үзүүлэх дэмжлэг юу байх вэ. Эдгээр иргэдэд яаж туслах вэ?
-Ийм иргэн, аж ахуй нэгжүүдийн орлогыг нөхөж олгох арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Олон жилийн дундаж орлогыг нь харж байгаад буурсан хэмжээгээр нь нөхөж олгох нь зүйтэй. Сингапур улс энэ алхмыг хийсэн.
-Тэр нь зээл байх уу, буцалтгүй тусламж, нөхөн төлбөр байх уу?
-Тодорхой хэмжээний зээл, дээр нь нөхөн төлбөр олгох нь зүйтэй байх. Жишээ нь Хонгконг 18 –аас дээш насны бүх иргэддээ 1200 ам.долларыг Засгийн газар нь шууд тараасан. Тэгэхээр манай улс ч гэсэн иргэдийн сард олдог байсан орлогыг нөхөж өгч болно. Нөгөө талаар Япон улсад хэрэгжүүлсэн урт хугацааны хүүгүй зээлийн бодлогыг хэрэгжүүлж болох юм.
-Энэ нөхцөлд санхүүгийн эх үүсвэрийг яаж бий болгох вэ?
-Эх үүсвэрийг улс орнууд ихэнхдээ төсвийн тодотгол хийх замаар шийдэж байна. Ойролцоогоор нийт төсвийнхөө 2-5 хувийг, зарим нь 7-10 хувийг коронавирусын эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад зориулж байна. Нэн шаардлагатай бус зардлуудаа танаж, түүний оронд бодитой үүсээд байгаа нөхцөл байдлаа тооцож, түүнд өртсөн салбар руугаа дөхөж очих арга замыг сонгож байна. Манай улс шаардлагатай бус зардлуудаа царцаах эсвэл танаад бодит эдийн засгаа дэмжихэд хандуулах нь зүйтэй.
-Тэгэхээр төсвөө тодотгох нь зүйтэй гэсэн үг үү?
-Төсвөө яаралтай тодотгож, эдийн засгаа дэмжих аргачлалуудаа тодорхой болгох ёстой.Ямар байдлаар иргэд, аж ахуй нэгжүүдээ дэмжих вэ. Ажлын байрыг тогтвортой хадгалахын тулд яах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас Төвбанкны зүгээс банкуудаа яаж эрүүл байлгах вэ, эдийн засгаа яавал нийтэд нь санхүүгээр дутагдахгүй байлгах талаар арга хэмжээ авах ёстой.
-Төсвөө тодотголоо гэхэд манай улс хэр хэмжээний хөрөнгө гаргах боломжтой бол?
-Манай улсын 2020 оны төсөв 13 их наядаар батлагдсан. Үүний таван хувийг гаргалаа гэж бодоход 650 тэрбум төгрөгийг зарцуулах боломж харагдаж байна. Тайланд улс төсвийнхөө 10 хувийг эрсдэлт нөхцөл байдалд зарцуулахаар гаргасан байсан. Манайх бусад улс орны дундаж жишгээр тооцоход 650 тэрбум төгрөг гаргах бололцоотой.
-Ийм эрсдэл улс орнуудад өмнө нь тохиож байгаагүй санагдана. Манай улсын хувьд ч гэсэн?
-Манай улсад өмнө нь зудаас өөр эдийн засгийн том шок үүсч байсан уу гэвэл 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг хэлж болох юм. Тухайн үед хэд хэдэн банк дампуурч, аж ахуй нэгж болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн орлого нь хумигдаж байсан. Үүний үр дүнд эдийн засаг агшиж ажилгүйдэл ихэссэн. Тийм болохоор эдийн засгаа эрсдэлээс хамгаалахын тулд бид нэн яаралтай түрүүн дурдсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.3.17 МЯГМАР № 51 (6276)