Б.УРАН
Нэг хэсэг шуугиж байгаад нам болсон шатахууны үнийн асуудал дахин сөхөгдөх бололтой. Хойд хөрш энэ удаа дахиад л шатахууны үнийг нэмэх тухай мэдэгдлээ. Бүр 100 ам.доллараар шүү. Өнгөрсөн сард А-92 бензиний хилийн үнийг 49 ам.доллараар нэмэгдэж ирэхэд дээр дооргүй бужигнаж, зарим компани жижиглэнгийн үнээ нэмнэ гэж ард иргэдийг сандраасныхаа хариуд багагүй мөнгөөр торгуулсан билээ. Манай Засгийн газар хэдэн нефть импортлогчдоо царайчилж, аргадаж, бага хүүтэй зээл олгоно гэж амлан байж асуудлыг түр намжаасан. Гэвч шатахууны үнийн асуудал яалт ч үгүй дахиад сөхөгдөх боллоо. Оросын талаас дээрх үнийн мэдэгдлээ хэдийнэ Ашигт малтмалын газарт ирүүлчихэж. Нэгэнт ганцхан улсаас хараат нь үнэнээс хойш тэд ямар үнээр өгнө, түүнийг нь худалдаж авахаас өөр арга бидэнд байхгүй. Энэ сард яагаад хилийн үнэ ингэж нэмэгдэж байгаагийн учрыг Оросын дотоодын экспортын татвар нэмэгдсэнтэй холбон тайлбарласан гэнэ. Гэтэл энэ сарын 1-нээс ОХУ-ын шатахуунд ноогдуулсан экспортын татварын хэмжээ тонн тутамдаа 7.25 ам.доллараар буурсан байх юм. Газрын түүхий тосны экспортын татвар ч мөн адил найман ам.доллараар буурсан байна. Татвар нь буурчихаад байхад яагаад үнэ нь нэмэгдээд байгаа талаар тайлбарлах хүн одоохондоо алга. Энэ байдал өнгөрсөн сард мөн давтагдсаныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн. 49 ам.доллараар нэмэгдэж ирсэн шатахууны татвар өнгөрсөн сард мөн л буурсан байж. Энэ асуудлыг Гадаад харилцааны яам болон Уул уурхайн яам суваг бүрээр судлаж байгаа гэж тэрээр хариулж байсан. Гэвч дараах сард нь байдал мөн л давтагдлаа. Д.Ганхуяг сайд шатахууны жижиглэнгийн үнэ өснө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ нийгмийг цочроох хэмжээнд биш гэж байв. 49 ам.доллараар нэмэгдэхэд нь 250 хүртэл төгрөгөөр үнээ нэмнэ гэж сандаргаж байсан бол одоо 100 доллараар нэмэгдэхэд нь юу гэх бол. Засгийн газраас шатахууны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Мөн нефть импортлогчидтой гэрээ хийж, 3.8 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Импортлогчид тус мөнгөөр гадаад төлбөрөө барагдуулж буй. Энэ ажилд манай улсын төсвөөс багагүй хөрөнгийг зарж байна. Гэтэл шатахуун нийлүүлдэг ганц улс нь сар бүр үнээ нэмлээ гэж сандаргах. Ийм хэцүү нөхцөлд Засгийн газар гал унтраах аргаа хэр удаан хэрэглэж дөнгөх бол. Нэг л өдөр асуудал сад тавих вий.
Ямар боловч жижиглэнгийн шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой бололтой. Энэ шантаажийг хэн хийгээд байгааг ч мөн олох цаг болж. Оросууд монголчуудыг шантаажлаад байна уу. Эсвэл монголчууд өөрсдийгөө шантаажлаад байна уу?