Б.ОЮУНЗУЛ
Бид энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор Монгол Улсын анхны “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонт үсчин Б.Лхамжав гуайг урьсан юм. Тэрээр насаараа үсчин хийж яваа Монголын үсчний салбарыг дэлхийн тавцанд гаргасан, анхны дэлхийн аварга, олон улсын шүүгч юм.
Б.Лхамжав нь 1946 онд Баянхонгор аймгийн Галуут сумын Их-Өвөлжөө хэмээх газарт төрсөн бөгөөд бага байхад нь Ц.Гоожавынд өргүүлсэн болохоор 14 нас хүртлээ өргөсөн аав ээжтэйгээ амьдарчээ. Түүний ээж Бариул хотод барилгын ажил хийдэг байсан бөгөөд охиноо авчирснаар түүний ажил, амьдралын гараа Улаанбаатараас эхэлсэн байна. 1965 онд Улаанбаатар хотын үсчин, гэрэл зургийн газарт цэвэрлэгчээр ажилд орж тэндээ ажиллаж байгаад дагалдан хийж үсчин болсон ажээ.
Тэрээр өөрийн хүсэл тэмүүллээр үс засч сурсан нь түүний хувьд өөртөө болон амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байжээ. Ингээд 1969-1971 онд Югослав улсын Техник мэргэжлийн сургуульд үсчин, гоо сайханчаар суралцжээ. Энэ сургуульд хүссэн хүн бүр сураад байдаггүй ч дэлхийн анхны сансрын нисгэгч Ю.А.Гагарины охин Г.Галинатай хамт сурч байснаа Б.Лхамжав гуай дурсаж ярьсан нь сонирхол татсан юм.
Б.Лхамжав гуайг үсчнээр ажиллах үед залуучууд нь битүү, задгай, сандаг, хүүхдийн халимаг гэсэн засалтуудаар үсээ засуулдаг байж. Харин эмэгтэйчүүдийн хувьд сезон, гарсон тайралтаар үсээ засуулна. Гарсон нь эмэгтэй халимаг тайралт, сезон нь тайрмал богино үс. Түүний хувьд сезон тайралтаараа гаршсан, Монголдоо танигдсан нэртэй үсчин болжээ. Эмэгтэй хүн болохоор түүнийг эхлээд эмэгтэй тайралт хийж сурсан гэж хүмүүс боддог. Харин түүний хувьд анх эрэгтэй үс засч сурсан, үс засаад 3-4 жил болсныхоо дараа л эмэгтэй үс засч эхэлсэн гэж байв. Үсчин хүн үс засч сурахын тулд эхлээд гарынхаа хөдөлгөөнийг сайжруулах ёстой гэж байлаа. Түүний аав ээж хоёр нь монгол гутал хийдэг хүмүүс байсан учраас гараар оёх оёдол, хээ гээд олон жижиг чимхлүүр ажилтай. Тэр бүрийг аав ээжийн хамт хийдэг байсан болохоор түүний гарын хөдөлгөөн, ур дүй нь сайжирсан гэж боддог ажээ. Сур элдэж, нарийн зүсч бэлдэх нь хурууны өндөг гарын нарийн булчинд сайн нөлөөтэй. Энэ нь гарын ур уян чанарыг нэмсэн. Ер нь монгол ахуйн ажил хүний гарын хөдөлгөөн болон сэтгэн бодох чадварт их нөлөөлдөг гэж үздэг байна.
Дэлхийд мөрөө үлдээсэн үсчин
1971 онд анхны үсчний тэмцээн болоход улсын аварга үсчнээр тодорч байжээ. Энэ нь түүнд их урам өгч цаашид гарах амжилтад нь нөлөөлж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны “Тэргүүний ажилтан залуу” алтан медалиар шагнуулсан байна. Мөн Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны нэрэн дээр Москва хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг 1974-1979 онд суралцаж, Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд боловсон хүчин, сургалтын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, сургалтын тасгийн даргаар ажиллахаас гадна тухайн үеийн Сүхбаатарын районы депутат, хотын депутатаар ажиллаж байжээ. Монгол Улсаа төлөөлөн Болгарын нийслэл Софи хотод болсон олон улсын тэмцээнд 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцож нутгийн уулаа санан “Мөнх цастай уул” сэдвээр оролцож хүрэл медаль авч Монголын үсчин, гоо сайханчдын нүдийг нээж мөрийг гаргасан түүхтэй.
Тухайн үед “Олон улсын найрамдал цом”-ын тэмцээн жил бүр болдог байжээ. Энэ тэмцээнд манай улсаас сайн гэсэн бүх үсчнээ явуулдаг. Түүний хувьд дөрвөн жил дараалан оролцож гурван алт, нэг хүрэл медаль авсан нь чамгүй амжилт байлаа. Монголын үсчдийн тэргүүн эгнээнд багтан дэлхийд мөрөө үлдээсэн нь өнөөгийн залуу үсчдийн амжилтад ч мөн нөлөөлсөн зүйлийн нэг билээ. Энэ бол Монгол Улсад шинээр хөгжиж байгаа салбар гэхэд том амжилт. Тэр үед олон улсын тэмцээнд улс орноо төлөөлж явна гэдэг их хүндтэй үүрэг байсан. Тэмцээний бэлтгэлээ хангана гэдэг их асуудалтай. Одоогийнх шиг маникен гэж байхгүй, бүгд хүн дээр туршдаг байж. Моделио сонгохдоо эрэлд гарна, өөрийнхөө бодсон засалтаа зохино гэж бодсон хүнээ сонгохын тулд оюутны дотуур байр, автобусны буудлаар явж маникан болох хүүхнүүдээ сонгож засалтаа хийдэг байжээ.
Түүний найз Я.Заман түүнтэй хамт бүх тэмцээнд бэлдэхээс гадна Улаанбаатарын үсчин, гэрэл зургийн газар орохоос эхлээд өдийг хүртэл хамт яваа аж. Түүнийг Орос руу сургуульд явахад ээжийг нь харж үлдсэн учраас тэрээр найзыгааа “Миний түшиг болсон эрхэм найздаа насаараа баярлаж явдаг. Миний төлөө байнга сэтгэл гаргаж явдаг мундаг хүн. Миний найз надтай хамт нэг салбарт ажилладаг надаас сайн үсчин. Салбартаа бид хоёр өрсөлдөгчид ч амьдрал дээр хамгийн дотно жаргал зовлонгоо хуваалцсан найзууд. Я.Заман гэлтгүй олон сайхан найз, багш нарынхаа буянд очоогүй орон гэж байхгүй” гэсэн юм. 1970 онд Монгол Улс анх удаа олон улсын тэмцээнд оролцсон. Анхных гэдэг утгаараа багаж, техник гээд бүх зүйлээрээ хоцрогдсон хүмүүс л очиж байлаа. Анхны тэмцээнд ороход Оросын баг тамирчид их тусалсан. Харин түүний дараагийн тэмцээнүүдэд яг л адилхан оролцогч орнуудын хувьд ч гэсэн хүчтэй өрсөлдөгч болжээ. Монгол үсчид их мэдрэмжтэй, юмыг маш хурдан сурч, хүлээж авдаг нь давуу тал болжээ.
Б.Лхамжав гуайг анх үсчин болж байхад эрэгтэй үс хоёр, эмэгтэй үс таван төгрөг, будахад гурван төгрөг байжээ. Тэрээр энэ тухайгаа “Эргээд бодоход анхны тэмцээн, анхны цалин гээд бүгд өчигдөрхөн мэт боловч цаг хугацаа хурдан юм аа. Юмны үнэ болон аливаа зүйл ч хурдан хөгжиж байна. Би Монголдоо буржгар хими хийх технологийг анхлан нэвтрүүлж байсан. Энэ химийг хэрхэн хийх мэдээллийг Монгол Улсынхаа 18 аймгаар явж сургалт зохион байгуулсан. Олон улсын тэмцээнд явж ирээд цалингаа 20 хувиар нэмүүлж, таван төгрөгөөр үс засдаг болсон. Өөрөө шинээр их олон үс засалт зохиож байсан. Өөрийнхөө зохиосон үс засалтаа мөн аймгуудаар явж заадаг байлаа. Тухайн үеийн залуучууд шинэ засалт, шинэ зүйлд их дуртай соргог хүлээн авна. Хүн сурсан мэдсэн зүйлээ цаг үргэлж бусадтай хуваалцаж байвал. Би өөрийнхөө хүрээнд үс засахыг олон хүнд заахын эрмэлзсэн. Миний шавь нараас С.Мөнхнасан, Ц.Хүрэлбаатар, П.Доржсүрэн гээд дэлхийн аварга үсчин олон хүн байна. Шавь нараараа их л бахархах юм даа. Надад гарын 1000 гаруй шавь бий. Би их хурдан хөдөлгөөнтэй болохоор миний хажууд байсан хүн юм сурахыг хүсч байвал надаас хурдан нямбай байж л сурна гэж боддог. Сүүлд миний шавь С.Мөнхнасангаа дэлхийн аварга үсчин болсон мэдээг сонсоод баярласандаа нэг уйлаад, нэг инээгээд байдаг юм билээ. Хамгийн сайхан нь миний шавь хэлэхдээ “Б.Лхамжав багшдаа баярлалаа гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн ачтан минь” гэж хэлэхэд л үнэхээр баярлаж сэтгэл хөөрөөд хүн чинь багтаж яддаг юм байна. Ц.Хүрэлбаатар бол миний хувьд шавь мөн миний найз л гэсэн үг. Миний амьдралд юу ч тохиолдсон надтай хамт байж надад тусалдаг. Шавьдаа их л талархаж явдаг” хэмээн бахархаж байлаа.
Тогооч, үсчин хоёрт гавьяат байдаггүй
Б.Лхамжав гуай мэргэжлийнхээ дагуу улсдаа өгөөжтэй юм хийхийг их зорьдог. Түүнийг ажиллаж байх үед үсчин, гоо сайхны газрууд хөгжиж байсан ч улсдаа боловсронгуй дээд зэрэглэлийн салон байгуулахыг хичээж мэргэжилдээ сайнд тооцогддог ур чадвартай үсчин, гоо сайханчдыг шалгаруулан ажиллуулдаг байжээ. Насаараа ажилласан хүний хувьд гэртээ сууна гэдэг хүндхэн даваа аж. Тиймээс нэг бяцхан салонтой тэндээ өөрийн насны хүмүүст үйлчилсээр ажлаа үргэжлүүлэн хийсээр байна. Үсчин бол хийгээд хийсэн бүтээл нь өдөртөө үгүй болдог хүндхэн ажил. Тэрээр “Бидний хамгийн эрхэм шагнал бол үйлчлүүлэгчдийн баярлаж талархсан сэтгэл. Тогооч, үсчин хоёрт гавьяат гэдэг шагнал байдаггүй. Харин ч хийсэн гавьяа байдаггүй гэж хүмүүс тоглодог ч энэ нь их эмзэглэмээр зүйл. Гэхдээ залуу үеийнхний минь хийж бүтээсэнг төр, засаг өндрөөр үнэлж урамшуулж байхыг хүсч байна. Залуу хүн хөдөлмөрийнхөө ашиг шимийг хүртэхгүй байна гэдэг шударга бус зүйл” гэж байсан юм.
Яг ид үс засч явах үедээ Драмын театрын жүжигчид, улс төрийн товчооныхны гишүүдийн эхнэрүүдийн үсийг засдаг байжээ. Түүний сэтгэлд үлдсэн хамгийн хүндтэй үйлчлүүлэгч нь А.И.Филатова гуай байсан гэв. Түүнд тусгай үсчин байсан ч 50 насных нь ойгоор амралттай байсан учраас түүнд үсийг нь засах боломж олджээ. Тухайн үед Германаас шинээр багаж ирж захиргаанаас багажаа тарааж тэрнийгээ барьж сурна гээд хэдэн өдөр бэлдэж байж очсон байна. Нэгдүгээр сургуулийн хажууд байрлах ордонд нь очиж үсийг нь засах гэж хэдэн өдөр усанд орж биеэ бэлдсэн аж. Учир нь хүндтэй хүний үсийг засах учраас хумсаа хүртэл шалгуулж, эрүүл мэндийн үзлэгт орох гээд өндөр шалгуур тавьдаг байжээ. Ингээд хүлээж байтал хоёр давхраас их гоё хувцастай хүн бууж ирээд түүнтэй юм ярина. Мэддэг нэг ч үг байхгүй, хөлсөө дуслуулан байж цэцгэн самналт гэдэг засалт хийж дуустал таалагдлаа, их баярлалаа гэж. Тэгтэл Ю.Цэдэнбал гуай “Би үсээ засуулна, хаанахын хүүхэд билээ” гэж асуухад нь Баянхонгор гэхэд нь “Ламын гэгээний хүүхэд үү” гэхэд нь “Тийм байх оо мэдэхгүй” гэж хэнэггүйхэн хариулсан гэдэг.
Тухайн үед эрэгтэй үс засахгүй удсан болохоор ч тэр үү Ю.Цэдэнбал гуайн толгой үнэхээр том санагдаж, сандарсныг хэлэх үү үс нь засагдаж барагддаггүй. Чадан ядан дуусгаад их л айдастай байтал их гоё засдаг хүн байна гэж магтан Монголын эмэгтэйчүүдийн хорооны нарийн бичгийн дарга, зохиолч С.Удвал гуайд “Б.Лхамжав шиг 10 үсчинтэй байхад л монгол үсчингүүд дэлхийд нэрд гарах юм байна” гэж хэлсэн нь түүнд хамгийн сайхан магтаал болжээ. Дараа нь дахин нэг удаа дуудагдаж үсийг нь зассан байна. Б.Лхамжав гуай Оросод Улс ардын аж ахуйн дээд сургуулийн III курст байсан болохоор хэлний хувьд зохих мэдлэгтэй болсон учраас үсээ сайн засч байна, орос хэлийг сайн сурсан байна гэж магтжээ. Түүний хань, аав ээж нь хүндтэй үйлчлүүлэгч нь байсан гэв.
“Аав намайг бага ангид байхад л үсээ хусуулдаг байсан. Тэр үе одоогийнх шиг багаж байхгүй, аавынхаа жижигхэн хутгыг ирлэж байгаад үсийг нь хусна. Харин ижий минь хувьд их сайхан урт үстэй байгаад сүүлд нас нь дээр гарсан хойно халимаг болгож тайрсандаа. Миний ханьд дэлхий дээр ганц л үсчин байдаг нь би. Надтай танилцсан цагаасаа хойш надаас өөр хэнээр ч үсээ засуулж байгаагүй, миний үнэнч үйлчлүүлэгчдийн нэг байсанд баярлаж талархдаг. Миний охиныг Б.Лхагвадулам гэдэг. Ээжийнхээ мэргэжлийг багаасаа үргэлжлүүлэн авч явж байгаа. 1997 онд Монгол, Японы хамтарсан тэмцээнээс тусгай байрын шагнал, 1998 онд Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс тусгай байр, Улаанбаатар хот үүсч хөгжсөний 360 жилийн ойн алтан медаль, 2001 оны хотын аварга үсчинд оролцож чамгүй амжилт гаргасан. Нөхөр бид хоёр охиныхоо боловсролд их анхаардаг болохоор Монголын хамгийн анхны оюутан солилцоогоор АНУ-д суралцуулж байсан.
Миний охин олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй. Охин минь сургуулиа төгсөөд анх Замын-Үүдийн хилийн боомтын татваргүй барааны дэлгүүрийн захирлаар, Автозамын холбооны анхны нарийн бичиг мөн гадаад харилцааг нь хариуцаж байсан. Монголын автозамыг Дэлхийн автозамчдын холбоонд анх холбож өгсөн хүн юм. Монголын тогооч нарын холбооны гадаад харилцаа хариуцсан захирлаар ажиллаж байхдаа Дэлхийн тогооч нарын холбооны эрхийг зургаан сар зүтгэсний үр дүнд эргүүлэн авч өгсөн. 25 хүний бүрэлдэхүүнтэй Олон улсын залуу тогооч нарын тэмцээнд БНХАУ-ын Нинбо хотод өрсөлдөн 14 медальтай эх орондоо ирж байлаа. Гэхдээ миний охин сайн үсчин. Харах хүн байхгүй болохоор намайг дагаж явсаар V ангиасаа үс засч сурсан. Миний охин эрэгтэй үс засдаггүй, үс засч сурч байхдаа нэг хүүхдийн чихийг хайчилснаасаа хойш айгаад дахин эрэгтэй үс засаагүй. Охин маань жаахан байхдаа найзуудынхаа болон хүүхэлдэйнүүдийнхээ үсийг засдаг байсан. Одоо охин нь ч гэсэн хүүхэлдэйнийхээ үсийг засдаг. Зээ охин маань удам дамжсан үсчин болж магадгүй юм. Миний байгуулсан “Ану” салоныг охин маань нэр төртэй авч яваа цор ганц бахархал минь. Үсчин хүн хүн болгоны үсийг засдаг. Ерөнхийлөгчөөс жирийн нэгэн иргэн бидэнд итгэж тэргүүндээ хүргэдэг. Энэ нийгэмд үсээ засуулж байгаагүй хүн байхгүй байх. Гэхдээ бас нэг талаараа бид хариуцлагатай байж, алдаа гаргах эрхгүй. Хүний тэргүүнд санасан бүхэн нь хүрээд байдаггүй. Тиймээс алдаагүй ажиллах ёстой. Үс засалт бол урлаг юм” хэмээн ажил мэргэжлээрээ бахархаж суулаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.3.2 ДАВАА № 39, 40 (6264, 6265)