Т.САЙХАН
Онц байдал зарласантай холбоотойгоор зээлийн хүүг бууруулах, төлөлтийг царцаах арга хэмжээ авах асуудал олон нийтийн дунд яригдаж байгаа. Тэгвэл энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар өглөө. Түүний байр суурийг хүргэж байна.
Тэрээр “Банкны холбоотой уулзаж нөхцөл байдалтай холбоотойгоор харилцагчаас ирж буй гомдлын талаар мэдээлэл авсан. Банкны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд зээлд бүтцийн өөрчлөлт хийж болдог. Банк харилцагчтайгаа уулзаад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан бизнес нь түр саатсан, сул зогсолтоос асуудал үүсэж байгаа бол хугацааг сунгах боломж бий.
Хадгаламжийн хүүг бууруулж, зээлийн хүүг багасгах боломж бий талаар Төв банк арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Банк өөрөө санхүүгийн зуучлагч. Зээлийн эх үүсвэр нь хадгаламжийн эх үүсвэр. Хадгаламж гэрээний дагуу хүү төлөгддөг учраас нөлөөлөх боломж байхгүй. Төрөөс зохицуулах боломжгүй. Төв банкны тухай хуулиар хориотой” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Мөн тэрээр Төв банкны тухай хуулиар арга хэмжээ авч болох зүйлс нь хязгаартай бөгөөд тодорхой зүйлс ч хориглогдсон байдаг гэдгийг тайлбарласан юм.
Эх сурвалж:www.polit.mn