С.САРУУЛ

Коронавирустай холбоотой цаг үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 11-ны мэдээгээр коронавирусийн 43099 тохиолдол, 1018 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 391 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ, Япон, Саудын Араб, Малайзад шинж тэмдэг илрээгүй хүмүүс халдвар авсан тохиолдол гараад байна. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын мэргэжилтнүүдтэй хамтран дөрвөн удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг тухай бүрд нь боловсруулан салбарын болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Энэ долоо хоногийн гол ажил бол эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг үнэлэх, зохион байгуулах, 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн ажилчдад танхимын болон онлайн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна” гэлээ.

ДЭМБ-аас эмнэлгийн халдвар хяналт сэргийлэлт, ложистик, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчруулахаар ярилцаж  байгаа бөгөөд нэмэлтээр 3000 оношлуур ирэх юм байна. Улирлын томуу болон уушгины хатгалгаатай хүмүүст идэвхтэй тандалт хийх зорилгоор коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn