Б.НАМУУНТАМИР
Гончигжавын Чулуунбат. Тэр 59 жил, төдийгөөс өдий хүртэл Монгол Улсад болсон, болж байгаа асуудал, улс орны уналт босолт, өрнөл хөгжил, өөрчлөлт шинэчлэл, үйл явдал бүхнийг дуу хоолойгоороо дамжуулсан, түгээсэн. Монгол хүн сансарт ниссэн, Монгол Ардчилсан улс болсон Эрдэнэт, Оюу толгойн орд нээгдсэн, 10 мянган морины жагсаал, 3000 морь уралдсан , Гиннесийн номд бичигдэх болсон гээд, тоо томшгүй том түүхүүд түүний төрмөл сайхан дуу хоолойгоор урсаж, радио, телевиз, киноны мянга мянган хальснаа мөнхөрч, эх орны “Алтан түүх” болсны учир түүний авьяас билэг, агуу дуу хоолойг “Монголын түүх” гэдэгтэй хүн бүхэн санал нийлдэг билээ. Москвагийн радиод нэвтрүүлэгчээр ажиллаж байхдаа дэлхий дахинд Монгол ардчилсан улс болсныг зарлан тунхаглаж, анхны нэвтрүүлэгч байсан. Тэр түүхийг мөнхлөгч баримтат киноны тайлбарыг хэдэн зуугаар уншсан, Монгол Улсад телевиз үүсэн байгуулагдахад анхны нэвтрүүлэгч нь байж, 40 гаруй жил төрийн их баяр наадмыг хөтөлж айл бүрийн хойморт олон жил тухалж, бас он удаан жил радиод ажиллаж төр түмэндээ танигдсан “Төрийн дуу хоолой” мөнөөс мөн билээ. Монголын радио хөгжөөд 85 жил болоход 59 жилд нь түүхийг нь бичилцсэн тэрээр “за хүү минь чи аль нутгийн хүү билээ” гэж инээсээр биднийг угтсан юм.
“Багадаа радио дотор олон хүн яаж багтдаг юм бол гэж гайхдаг байлаа”
Тэрээр 1942 онд Улаанбаатар хотод төржээ. Аав Гончигжав нь Архангай аймгийнх бөгөөд Нийслэлийн хоёрдугаар сургуулийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал хүн байж. Арван жилээ Нийслэлийн хоёрдугаар дунд сургуульд суралцаж, хүүхэд ахуй насаа бусдын л адил цовоо цолгин сахилгагүй өнгөрүүлжээ. Доороо дөрвөн дүүтэй айлын том хүүхэд.
“Багадаа радио их сонсдог байлаа.Тэр үед дугуй цагаан, том радио байдаг байсан юм. Бүр бага байхдаа олон хүн яаж энэ дотор багтдаг юм бол гэж гайхдаг байсан. Сүүлдээ өнөөх радиог чинь задалж хүртэл үзсэн юм даг. Тэр үедээ л радио гэдэг ямар гоё юм бэ. Радиогоор ярих юм сан. Кино шиг харагддаг байвал бүх зүйл гарах нь ээ гэж боддог байлаа. Ингээд радиод ажиллаж үзэхийг мөрөөддөг болсон. Миний хүсэл мөрөөдөл биелсэн шүү. Ээж минь их сайхан хоолойтой хүн байсан. Ардыг гэгээрүүлэх яаманд 45 хоногийн сургалтанд хамрагдаж, алтан үнэмлэх авч Өмнөговьд соёлыг гэгээрүүлж байсан Найсүрэнханд гэж хүн байсан. Нутагтаа анхны улаан гэрийг байгуулж, анхны хөгжимчин, бүжигчин, дуучнаар нь ажиллаж, хэдэн охин дагалдуулдаг байсны нэг нь Э.Удвал гуай. 1938 онд ногоон малгайтнууд чадалтай, боловсролтой хүмүүсийг баривчлах болсон. Тэр үед маш өндөр сандал дээр хөлийг нь унжуулж суулгаад урд нь зул асааж, хамаг хөлс нь гараад тэсэхээ байтал нь байцааж байсныг ээж минь нүдээрээ харж байсан гэдэг. Энэ үед ээж өнөөх ардыг гэгээрүүлэх яамнаас авсан алтан үнэмлэхээ урж хаяад хот руу шөнө зугтаасан гэдэг. Наашаа явж байгаад ундаасаж, тогтоол усан дээр очиж нүүр гараа угааж л дээ. Тэгтэл ногоон малгайтнууд аймгийн багш, лам, дарга нараас бүрдсэн хоёр ачааны машин дүүрэн хүн ачсан явж байхтай таарч. Ногоон малгайтай цэргийн дарга “Юу хийж яваа юм бэ” гэж асуухад нь алдуул малаа хайж байна гэхэд нь нэг сүрхий харчихаад явсан гэдэг. Ашгүй азаар амьд гарсан гэж дурсдаг байсан. Хотод ирээд Амгалангийн клубт шанзчин байгаад хүүхэд гаргасныхаа дараа прокурорын газар бичээчээр ажилласан. Тэгээд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж, гэртээ суусан. Ээжийгээ амьд байхад нь саран ээж нийгэмлэгийн “Саран ээж” шагнал авч өгч бага ч атугай баярлуулсан гэж боддог юм. Ээжийн ачийг хариулна гэж байхгүй. Би ээж аавынхаа ачийг хариулж дийлэхгүй ч сайн, сайхан явж бага санааг нь зовоох юмсан даа гэж боддог байсан” хэмээн санаашрангуй хэлж сууна.
Оюутны ширээнээс Монгол кино үйлдвэр хэмээх их айл руу орсон нь
Амьдралынх нь бололцоо тийм ч сайн байгаагүй аж. Дүү нараа тэжээх хэрэгтэй, аав нь түүнийг бага залуу байхад нас барсан учраас ээждээ тусалж, талхны мөнгө олох шаардлагатай болсон байна. Тиймээс зуныхаа амралтаар Толгойтын тоосгон заводад тоосго үүрч, шуудуу ухдаг байжээ. Мөн Польшийн мэргэжилтнүүдтэй хамтраад байшингийн орой дээгүүр реклам, гэрлэн чимэглэл хийдэг байж. Төв цэнгэлдэх хүрээлэн 40 жилийн ойдоо бэлтгэж байхад модон стадионыг будах ажлыг зунжин хийж байсан үе түүнд бий. Ингэж л хэдэн төгрөг олоод, ээждээ аваачиж өгдөг байжээ. Политехникумийн радиогийн ангид 1959 онд элсэн орж суралцаад 1963 онд төгсчээ. Тухайн үед дандаа зөвлөлтийн мэргэжилтнүүд багшилдаг байсан бөгөөд курсийн ажлаараа өөрсдөө завсрын өсгөгчгүйгээр хүлээн авагч хийгээд түүгээрээ радиогийн нэвтрүүлэг сонсдог болоод сэтгэл нь радио руу тэмүүлж эхэлсэн гэдэг. Ингээд радио техникч гэсэн мэргэжлээр суралцжээ. Түүнийг хоёрдугаар курст байхад нь кино үйлдвэр филармоны байранд “Баримтат киноны тайлбар унших авьяастныг хайж байна. Сонирхсон хүмүүс ирж шалгуулна уу” гэсэн зар гаргасан байж. Тэгэхээр нь Г.Чулуунбат яваад очиж л дээ. Очтол 3-4 настайвтар хүн байсан байна. Хожим мэдэх нь ээ дууны алдарт найруулагч Найдан, Гаваа, Чойжилсүрэн, Дэмид гуай нар байсан аж. Хажууд нь нэг шомбогор, ганган залуу гүйгээд байсан чинь хойно сургуульд сурч байгаад ирсэн Самбуу гэдэг хүн байсан юм билээ хэмээн хуучиллаа. “Тэгээд тэдэнд шалгуулчихаад, яваад өгсөн. Түүнээс хойш жил орчмын дараа Спортын ордонд болсон шинэ жилд оролцож, сүлд модны наадам болоод, залуучууд бүжиглээд л жигтэйхэн гоё. Гэтэл өнөөх кино үйлдвэрт байсан дууны оператор залуу тааралдаад “Хүүе чи энд явж байна уу. Чамайг эрээд олдоггүй” гэдэг юм. Тэгээд ирэх долоо хоногт ирээрэй гэсэн. Ингээд л кино үйлдвэр дээр очсон. 1961 оны үе шүү дээ. 1961 оны кино сэтгүүл 19 гэдэг дугаарыг хийх гэж байсан юм. Намайг тэр дугаар дээр ажиллана гэсэн. Ингээд “Кино сэтгүүл 19“-ийг уншсанаар ажлынхаа гарааг эхэлсэн дээ. Ингэж л би анх Монгол кино үйлдвэрт ажиллаж эхэлсэн юм. СГЗ Ч.Гомбо, УГЗ Ц.Зандраа, З.Гаваа гэж дууны найруулагчидтай 10 минутын баримтат кино хийх гэж орой ажил тарж байхад бид цуглаад өглөө ажил эхэлж байхад дөнгөж дуусч байсан. Тэгэхээр тэр үеийн киноны техник ямар байсан нь харагдаж байгаа байх. Өнөөдөр 10 минутын баримтат киног суугаад л босохын хооронд л хийчихнэ шүү дээ. Тэр үед 3-4 өрөөнд бичдэг байлаа. Киногоо хийгээд дөнгөж дуусах гэж байтал пилонк нь хатна, тасарна гээд л асуудал зөндөө гарна. Тэр болгонд дахиад л эхнээс нь эхэлдэг байлаа. Ямар хүнд нөхцөлд, ямар техникийн түвшинд ажиллаж байсан, хөгжил нь ямар хол байсан бэ гэдэг нь мэдэгдэж байна” хэмээсэн юм.
Түүний нэвтрүүлээгүй, дамжуулаагүй салбар гэж үгүй
Ингээд 1963 онд сургуулиа төгсөөд холбооны яаманд хуваарилагджээ. Монголын радиогоос Ж.Дамиранжав гэж нэрт нэвтрүүлэгч, н.Ёндонсамбуу гэж боловсролын хэлтсийн дарга нь түүний сургууль дээр нь очоод Холбооны яамнаас Мэдээлэл радиогийн хэрэг эрхлэх газрын радиод нэвтрүүлэгчээр шууд авчээ. Ингээд 1963 оны долдугаар сарын 1-нээс Монголын радиод ажиллаж эхэлжээ. 1961 оноос радиод ажиллаж эхэлснээс хойш энэ хүртэлх хугацаанд нийгмийн бүх салбарыг хамарсан нэвтрүүлгүүдийг хийсэн нь түүнд асар их мэдлэг өгч, мэдлэг боловсролоо тэлэхэд том нөлөө үзүүлсэн гэж ярив. “Надад боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй юм байна гээд 1972 онд ажлынхаа хажуугаар оройгоор сэтгүүлчээр суралцаж төгссөн.
Радиод ажиллах хугацаанд монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхсан. Энэ хооронд Монгол хүн сансарт ниссэн, сансар огторгуйд Монгол хүний дуу хоолой анх цуурайтсан. Тэр үед монголын хэвлэлийн байгууллагууд хоёр, гурван сарын өмнөөс бэлдэж эхэлсэн юм. Тухайн үед монгол хүн сансарт нисэх гэж байгааг өндөр нууцалж байсан. Бид мэдэж байсан ч үр хүүхэд, гэрийнхэндээ ч хэлэх эрхгүй, яамны хүмүүс араас дагаж явдаг байлаа. Анх сансарт хүн нислээ гэдгийг телевиз ч дамжуулж, бид радиод “ТАС”-ын мэдээг ард түмэндээ хүргэх гэж их яарч байлаа. Үг үгээр нь, өгүүлбэр өгүүлбэрээр нь шууд дамжуулж байлаа. Монгол хүн бүхний зүрх сэтгэл их догдолж, Монгол Улсыг дэлхийд таниулахад асар их нөлөө үзүүлсэн үйл явдал. Хүний сэтгэл зүрхэнд хүрсэн олон нэвтрүүлгүүдийг уншиж байснаараа үнэхээр их бахархдаг. Атрын 1,2,3 дугаар аянд радиог ч, нэвтрүүлгүүдийг ч хөтөлж байлаа. Эрдэнэтийн нэгдүгээр бүтээн байгуулалт, зэс үйлдвэрлэж байгаа, хоёр дахь удаагийн бүтээн байгуулалтын нээлтэд сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.В.Архиповийн синхрон ярианы орчуулга, нээлтийг хийх үүрэг надад оногдсон. Тэгээд улс төрийн товчооны гишүүдтэй хамт, том дарга нарын дунд нээлт хөтөлж байхдаа залуухан ч байж, их айж сандарч байлаа. Хоёр дахь нээлтийг нь ч бас хөтөлсөн. Дараа нь Монголын томоохон бүтээн байгуулалт хийж байгаа Оюутолгойн нээлтийг ч хөтөлсөн. Тэгэхээр миний нэвтрүүлээгүй, дамжуулаагүй салбар гэж үгүй” хэмээн өгүүлэв.
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян, Хэл, хил, тал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй. Хэл, хил, мал гурвынхаа төлөө энэ яваа насаа эцэслэн дуустал тэмцье” хэмээх алдартай шүлгийн зохиолч З.Доржийгоо дурсмаар байна хэмээгээд тэрээр яриагаа үргэлжлүүллээ. “Радиод байхдаа УГЗ Банзрагч, СГЗ З.Дорж бид гурав Эрдэнэтийн шав тавьж, майхан хот байхад нь шууд нэвтрүүлэг хийхээр явж байсан юм. Тэгээд майхан буудалд амраад өглөө ажлаа хийхээр болсон юм. Унтаж байтал шөнө цаас үзэг шажигнаад болдоггүй. Юу болов гээд хартал харанхуй Дорж юм бичээд л байна. Энэ одоо яаж байгаа юм гэж бодож байгаад л унтаад өглөө. Өглөө сэрээд харсан чинь цаасан дээр янз бүрийн хээ зурчихсан юм шиг харагдана. Нөгөөх чинь өнөө цаасныхаа учрыг нь олох гээд л дээш нь ч нэг, доош нь ч нэг харуулаад л. Тэгсэн Эрдэнэтийн бүтээн байгуулалтын сурвалжилгынхаа санаануудыг тэмдэглэж байсан байна. Д.Нацагдорж миний нутаг шүлгээ бичихдээ орос баавгайтай чихрийн цаасан дээр бичиж байсан гэдэг шиг гэв гэнэт онгод нь орж ирээд бичиж л дээ. Оройн ээлжийнхэн 18:00 цагт эфирээ хүлээж авах ёстой. 1960-аад оны үед Жанцан, Цэцгээ хоёр ДБЭТ-т дуурь үзэхээр болж, эфир хүлээж авахыг надад захисан юм. Тэгтэл Г.Чулуунбат гуай нэг минут хоцорч очоод, коллегийн хурлаар орж, гурван сарын цалингаа хасуулсан даа.
1967 оны есдүгээр сарын 27-нд Үндэсний телевиз нээлтээ хийхэд радиогоос Б.Хишгээ бид хоёрыг сонгож албан ёсоор нээлтээ хийж байлаа. Тэр үед анхны телевиз нээгдэж байсан бол өдгөө асар олон телевиз, асар олон радио бий болжээ. Хөгжил дэвшилд хүрчээ” хэмээн бодлогоширов.
СССР-ийн дэд зөвлөлийн Горбачевийн гарын үсэгтэй “Ордена почета” хэмээх одон хүртэж байлаа
“Москвагийн радио эх орны дайны үед герман хэлээр хамгийн анх гадаадад нэвтрүүлгээ толилуулж, дараа нь англи, монголоор цацах болсон. 1945 онд дайн дууссаны дараа жилийн наадмаар Москвагаас монгол хэлээр хамгийн анх нэвтрүүлгээ дамжуулсан юм. Монголоос хамгийн анх гадаадад ажилласан мэргэжилтнүүд бол нэвтрүүлэгчид. Улаан талбай, Москва голын ойролцоо 10 давхар байшинд дэлхийн 75 улсын нэвтрүүлэгч ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт мэдээлэл түгээдэг байлаа. Москвад суралцаж байсан Лувсан, Э.Оюун, Сэнгээ нарын хүмүүс хамгийн анх монгол хэлээр нэвтрүүлгүүд цацсан юм билээ. Намайг ажиллаж байхад улс төрийн тайлбарлагч Озеров, дэлхийн домог Юрий Левитан нар ажилладаг байсан. Юрий Левитантай цайны газар таарч кофе ууж, хэдэн үг солих хувь заяа надад тохиож билээ. Намхан, буржгар, хөгжилтэй, сэргэлэн, пор пор хийсэн дуутай хүн байсан түүнийг радиод ажиллаад удаагүй байхдаа 1941 онд дайн эхлэхэд “Эх орон дуудаж байна” гэж дамжуулж, үүнээс хойш дайн ч эхэлж түүний үгнээс хүч авсан байлдагчид урагшаа дайрч байсан гэдэг. Түүнийг нь байлдагч нарт байнга сонсгож, омогшиж, ура хашгиран тэмцэлдэж байжээ. Есдүгээр сард нь германчууд Москвад тулж, “Улаан талбайг эзэлнэ. Хамгийн түрүүнд Сталин, хурц үгтэй шүлэг бичдэг яруу найрагч Илья Эренбург, нэвтрүүлэгч Левитан гурвыг дүүжилнэ” гэсэн бичиг бүхий ухуулах хуудаснуудыг онгоцоор хаяж байжээ. Маргааш өглөө нь Германы тагнуулууд Левитан байж магадгүй, түүнийг үг хэлүүлэхгүй гэж Москвагийн радио руу орж байгаа эрэгтэй хүн бүрийн хэлийг огтолж байсан гэдэг. Тэгээд Москвагийн радио өөр хотод очиж, нэвтрүүлгээ явуулж, нэртэй дуурийн дуучдаа Левитаны хоолойг нь адилхан болгох гэж эмчилгээ хүртэл хийж байсан гэдэг. Левитаны дуу хоолой дайснуудын сэтгэл зүрхэнд нь хүртэл цохилт болж байжээ. Тэгэхээр нэвтрүүлэгч хүний дуу хоолой ийм агуу үүрэгтэй байх нь.
Тухайн хэрэгцээтэй цаг үедээ дуу хоолой гэдэг ямар хүчтэй, сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг энэ түүхээс мэдэж болно. Цагаан морин жил “Монголд ардчилсан хувьсгал яллаа” гэж Москвагийн радио 76 орны хэлээр цацсан. Тэр мэдээг сонсогчдод дуулгасан хүмүүсийн нэг нь би. Ардчилсан хувьсгалын үед газар дээр нь байгаагүй ч ийм юм болж дээ гэж дотроо бодож байлаа. Дэлгүүрүүдийн лангуун дээр давснаас өөр юмгүй байсныг Орост ажиллаж байсан би мэдрээгүй өнгөрсөн. 1980-аад оны сүүлээр Горбачев өөрчлөн байгуулалт хийж, ардчиллыг хөгжүүлэн, хатуу хяналтыг бууруулж, дарангуйллыг устгах бодлого явуулсан. Тэр үед манай хамт олныг, намайг ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилсан гэж СССР-ийн Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Горбачевийн гарын үсэгтэй “Ордена почета” хэмээх хүндэт одонгоор шагнасан. Арабын нэвтрүүлэгч хоёрдугаар байрт шалгарсан санагдана”.
Олон зуун шавиараа бахархдаг
Өндөр гэгээн Занабазар хэлсэн байдаг. “Чи нэг л үг хэлэх юм бол тэр чиний шавь гэж”. Олон олон нэвтрүүлэгчдийг нэрж, хөтлөгчдийг хөглөж, уран бүтээлийнх нь урт замыг гэрэлтүүлсэн сайн багш бол Г.Чулуунбат. Тухайлбал Гавьяат нэвтрүүлэгч Ж.Батбаяр, С.Батцэрэн, Г.Отгон, Ц.Цэцгээ, Гавьяат сэтгүүлч Ш.Гүрбазар, Ш.Ёолк, Г.Агааноров нар цөм л гарынх нь шавь бөгөөд тэднийхээ хөтлөх ур чадварыг их багштан ихэд үнэлдэг юм билээ. Мөн Өвөр монголд 300 гаруй шавь нь хот, тосгон гацаа суурин бүрт бий. “Одон” телевизийн урдаа барьдаг хэд хэдэн нэвтрүүлэгч түүний шавь юм билээ.
Хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбар, Монгол Улсын хөгжлийн түүх Г.Чулуунбат гэж хүнтэй зайлшгүй холбоотой. Монголын радиог сонсоогүй, Монгол телевизийг үзээгүй нүд, чих гэж байхгүй. Одоо тэрээр “Лавайн эгшиг” радиод нэвтрүүлэгчээр ажиллаж гэгээрэл өгч, сэтгэхүйд нөлөөлөх, тайвшруулах олон сайхан нэвтрүүлэг цацаж, одоо ч өөрийн төрмөл сайхан хоолойгоо ард түмэндээ хүргэсээр явна. “Энд ажиллаад арваад жил хэдийнэ болчихжээ. Үгүй мөн цаг хугацаа гэж яасан хурдан юм бэ” хэмээн халаглаж байлаа.
Бидний яриа хоёр цаг гаран үргэлжилсэн. Тэрээр одоо хоёр хүү нэг охинтой бөгөөд том хүү Ч.Идэрчулуун нь аавынхаа мэргэжлийг өвлөн, өдгөө ч Монголын радиод ажиллаж байна. Удаах хүү Ч.Хүдэрчулуун нь хувиараа бизнес эрхэлдэг бол охин Ч.Уянга нь УБТЗ-д ажиллаж байгаа гэсэн. Намайг битгий магтаж бичээрэй гээд даруухан инээмсэглэх энэ эрхэм бол Монголын радио, телевизийн салбарыг энэ зэрэгт хүргэхэд босголцсон, бүтээлцсэн, үлгэрлэсэн амьд домог, гэрч нь билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.2.10 ДАВАА № 27, 28 (6252, 6253)