-Монгол өв соёл -
А.ДОРЖХАНД
“Зууны мэдээ” сонины цахим хувилбар болох zms.mn сайт нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын тод манлай уяач, гавъяат малчин Д.Ононгоос цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар уургач сайн морь, морь хэрхэн уургалдаг талаар ярилцлаа. Д.Онон манлай залуудаа сайн уургач байсан ба солгой гараар тун чадмаг уургалдаг байсан гэж нутгийхан нь ярьдаг. Суурь адуун дээр болон залуучууд адуу уургалж нааддаг “Шургаан” дээр ч түүний өмнүүр босоо адуу тэр болгон гардаггүй байсан ч гэх юм билээ. Долоон жилиийн өмнө 21 аймгийн адуучин залуус оролцсон “Адуучин” тэмцээнийг шүүгчээр Д.Онон манлай уяаж ажилласны дараахан уулзаж хөөрөлдөхөд тэрээр “Залуучууд адуу мал, ахуйгаасаа улам л хөндийрч байна. Арай хөнгөн, хурдан шалмаг л түрүүлчихэж байна шүү дээ“ гэж хэлж байсан билээ. Уургач морины талаар тод манлай уяач эрхэмтэй хөөрөлдсөнөө толилуулж байна.
Цанхгар цараатай мориор адуу уургална гээд хөөгөөд байж болохгүй
-Сайн уургач хүний унасан морь болгон нь уургач байдаг ч гэдэг. Анхны наадмаас айраг түрүүгээ уургын мориор авч байлаа. Уургын морийг хязаалан, соёолон байхаас нь адуунд унаад ойр ойрхон унаж тавихаас гадна уурганд сургаж буй мориороо адуу уургалаад байх хэрэгтэй. Тэгвэл цаад мориндоо сэтгэл суулгаж буй юм. Мөн сэтгэл хүндтэй морийг сонгож сургана. Үүнээс бага насны адууг хэрэв сургана гэвэл цээж болон хөлөө авчих гэмтэй. Хөнгөн сэтгэлтэй, хувь нарийнтай адуу нь уургалах гэж буй морьтойгоо уралдаж давхиад байдаг болчихдог талтай. Сайн уургач морьны шинж нь өвчүүний бүдэрхий дортой, сүврэгэдэс богинотой, сэрвээ мундаа сайтай, цавиараа нарийхан байвал эмээл тохоход олом нь сайн тогтоно. Түүнээс гадна хоол нь хурдан хөдөлдөг цээж рүүгээ гэдэстэй байвал тун зүгээр байдаг. Уургын морийг өдөр тутамдаа унаж эдлэж, байнгын хөнгөрүүхэн байлгах хэрэгтэй. Тэрнээс гадна зун цагт унуулаад жаахан гундсан шарланги морийг бол шар тос өгөөд, үхрийн борцны өөхөөр утаж хий хуйг нь авна. Тэгж байж олом нь сайн тогтдог болно.
Цанхгар цараатай мориор адуу уургална гээд хөөгөөд байж болохгүй. Хэрэв тэгж хамаагүй хөөвөл хөлгүй болох аюултай. Хамгийн гол нь зөв сайхан эдлэх хэрэгтэй. Унасан хүнээсээ их шалтгаална. Уургач морь бол адуун дээр очиход уурганы үзүүрээр баригдах хэмжээний номхон байх хэрэгтэй. Адуун дээрээс барьж унасан мориороо сэвсийг задартал сайхан ергүүлээд ганц нэг сайн ороолгоод байх хэрэгтэй. Тэгвэл морь сайхан хатираатай болдог. Тэгэхгүй бол шууд адуунаас барьж аваад л залуучууд давхиад л байгаа нь буруу. Хүн хоол идчихээд байхад нь шууд гүйлгээд байвал яах вэ.
Анх уурганд сургахдаа тухайн морио зөөлхөн татаж байх хэрэгтэй
-Морь уургална гэдэг чинь адуучин хүнээс хурд, хараа мэдрэмж шаарддаг. Уургалах адуугаа ойроос хөөж уургалах, эгзэгийн тааруулж уургална цаад мориныхоо толгойд уурга бүтэн орохоор нь ахиж уургаа нэг дэвээд л дахин лавшруулж татна, уургуулуулсан адуу ингэхэд биеэрээ эргэж харахад нь уургаа хүчтэйхэн гулгуулахад л цаад адуу хөндлөн хараад л ойчдог. Уүнд адуучин хүний таталт их нөлөөтэй. Түүнээс болоогүй байхад нь холоос уургаа хаявал цаад мориныхоо толгойг олж уургаллаа гэхэд мориноосоо хуу татуулж ойчно шүү дээ. Сайн уурганд сурсан морь адуучин хүний хөөж буй адууг алдалгүй дагадаг ба уургалаад татахад нь сайн сууж өгдөг. Морь хүн хоёр биеэ сайн мэдэрч байж л уургална. Бяртай чадалтай хүн адууг сайн уургалаад байдаг юм биш. Хүн морь хоёр харилцан биенээ сургаж буй сургалт юм. Анх уурганд сургахдаа тухайн морио зөөлхөн татаж байх хэрэгтэй. Хамаагүй ширүүн уургалаад л хүчтэй дугтраад байх юм бол уурганд сургах гэж буй морь нь зүрх нь үхэх талтай. Адуун дотроо уургалж сургая гэвэл богино уургаар таниулж уургалсаар байгаад сургах ба мөн хөл хөнгөнтэй богинохон зайнд эргэх чадвартай морийг сургадаг. Ингэж дотор уурганд сургаж буй мориор олон адуу ойрхон ойрхон уургалаад байх хэрэгтэй. Тэгвэл цаад морь урам суугаад дорхноо сурна гэсэн үг. Хэрэв “Шургаанд” уургалъя гэвэл хөл удаантай морь сайн байдаг. Яагаад гэвэл шургааны адууг гаргахдаа задгай талд шуурхайхан гаргадаг шүү дээ. Баруун аймаг руу бугуйлын морь гэж байдаг мөн л манайхны зүүн зүгийнхний уургач морьтой ижил. Газар газрын сайн уургачид сайн л байлгүй яахав. Тэр дундаа Хэнтий, Төв зэрэг аймгийн залуучуудын морь уургалах уурга, залж буй нь их төстэй санагддаг. Дараагийн цувралаар морь дэллэх ба хурдан морины хөхөл сүүл хэрхэн боодог талаар хүргэх болно.
Үргэлжлэл бий....
Эх сурвалж: www.zms.mn