Т.САЙХАН

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат шагнал гардууллаа. Энэ өдөр Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн Хүний гавьяат эмч цолоор, П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслын зөвлөх эмч Ч.Пунцаг Монгол Улсын Ардын эмч цолоор тус тус шагнууллаа.

Монгол Улсын Ардын эмч Ч.Пунцаг нь 1966 оноос мэс заслын эмчээр ажиллаж эхэлснээс хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өдгөө 50 гаруй жил хүчин зүтгэж яваа эмч юм.

Харин Ж.Чинбүрэн нь манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй залуу, чадварлаг эмч нарын нэг билээ.

Түүнчлэн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Э.Батсайхан (Дархан нэхий компанийн захирал), гавьяат агрономич цолоор Ж.Баярмагнай (Чагтай компанийн захирал), гавьяат багш цолоор П.Даваадорж (Ховд их сургуулийн багш), Л.Олзвой (Гэрэлт ирээдүй сургуулийн сургалтын менежер), С.Сумъяагарав (Сүхбаатар аймгийн Боловсрол, урлаг, соёлын газрын ахмад ажилтан), Д.Цэдэв (Удирдлагын академийн дэд захирал), З.Байгалмаа (Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал) нарыг шагналаа.

Эх сурвалж:www.polit.mn