Б.НАМУУНТАМИР
Өнгөрсөн намар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох нь зүйтэй гэж үзсэн. Улмаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гаргаж алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг судалж, шийдвэрлэхийг Монголбанкинд үүрэг болгосон билээ. Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төслийн судалгааг хийх ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа.
Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлсээр өдийг хүрчээ. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг аж. Монголбанк нэг унц алтыг 1-1.5 ам.доллараар Швейцарь улсад цэвэршүүлдэг юм байна. Нэг унц нь 28.3 граммтай тэнцдэг. Үүнээс үзвэл Монголбанк алтаа цэвэршүүлэх зардалд багагүй мөнгө зарцуулдаг бололтой. Өнгөрсөн онд л гэхэд 22 тонн алт худалдан авсан. Үүнийг цэвэршүүлэх зардалд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Мөн Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг аж. Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тооцоолж байгаа. Тэгвэл алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулахад 81.9 сая ам.доллар шаардлагатай хэмээн ТЭЗҮ-д тусгаад байгаа бол 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад айлчлахдаа алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд “Эрдэнэс алт ресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, “Сымбат инжиниринг” ХХК-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өгөхөөр болсон билээ. Тус улс жилд 70 тонн алт үйлдвэрлэдэг бөгөөд “Тау-Кен Алтын” алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулснаар алтыг 99.99 хувь хүртэл цэвэршүүлдэг, жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болсон туршлагатай. Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцоод ирсэн билээ.
Тэгвэл Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хамгийн сүүл мэдээлэл хийхдээ “Алт цэвэршүүлэх үйлдвэр Лондонгоос эрхээ авдаг. Бүх шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Хөгжлийн банктай бид ярьж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар эдийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг баримтлахаар бэлдэж байна. Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 грамм, 10 грамм, 100 грамм гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна” гэсэн юм.
Олон жилийн турш “Алт хөтөлбөр” хэмээн ярьж хэрэгжүүлж ирсэн ч цэвэршүүлэх үйлдвэртэй болоогүй байгаа манай улсын хувьд уг үйлдвэр эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Тухайлбал, Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворжуулахад чухал үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл гадаадын улс орнуудад алт, мөнгө цэвэршүүлж, боловсруулж, тээвэрлэж, даатгуулж байгаа зардлыг цогцоор нь хэмнэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлын хангах зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой юм.
Алтны салбарын сүүлийн үеийн мэдээллийг хүргэхэд манай улс энэ онд 7.5 тонн алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөн тонноор их байгаа аж. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42.2 мянган ам.доллар байсан бол энэ онд 46.2 мянган ам.доллар болж 4.1 мянган ам.доллараар өсчээ. Харин улсын төсөвт алтнаас 112.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өссөн байна. Нийт 14.84 тонн алт олборложээ. Сүүлийн жилүүдэд алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин сайжирснаар алт тушаалт тогтвортой өсч байгааг албаныхан онцолсон юм. “Алт-2” хөтөлбөрт тусгаснаар алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тоннд хүргэх зорилт дэвшүүлжээ. Монголбанкны судалгаагаар алт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4 тонн, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тоннд хүрэх боломжтой гэж үзсэн байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.24 МЯГМАР №254 (6221)