Б.СОЛОНГО
Өнгөрсөн оны статистикаас харахад манай улсын нийт экспортын 31.2 хувийг нүүрс, 27.8 хувийг зэсийн баяжмал эзэлсэн байна. Нүүрсний экспортын орлого зэсийнхээс давсныг энэ тоо баталж байгаа юм. Өнгөрсөн жил манай улс 21 сая тонн нүүрсийг урд хөршдөө нийлүүлсэн байх юм. Гэвч экспортоос олох боломжтой ашгаа бүрэн авч чадахгүй байгаа тухай эдийн засагчид хэлсээр байна. Үүнд зам тээвэр болон урд хөршийн сонирхол нөлөөлж байдаг ажээ.
Далайд гарцгүй орны хувьд урд хөршдөө нүүрсээ зарахаас өөр сонголт манай улсад байхгүй. Хятад улс ямар үнээр нүүрс авах сонирхолтой байна, түүнд нь тааруулан хямдруулдаг. Хэрэв Хятад манай нүүрсийг авахаа больчихвол манай улсын нүүрсний экспорт гацаанд орж улам их хохирол амсана. Хэдийгээр Өмнөд Солонгос, Япон зэрэг орнууд манайхаас нүүрс авах сонирхолтой ч зам тээвэр, дэд бүтцийн асуудал томоохон саад болж байгаа юм. Монголын нүүрсний үнэ бусадтай харьцуулахад 25-50 хувиар хямд байдаг. Учир нь нүүрсний үнэ газрын тос, зэс, алт, зэрэг ашигт малтмалтай адил дэлхийн аль нэг томоохон биржийн үнээр тодорхойлогддоггүй. Хэрэгцээ, нийлүүлэлтийн байдлаас шалтгаалан бүс нутаг, улс орон, тэр бүү хэл нэг улсын дотор муж, аймгийн хэмжээнд өөр, өөр байдаг. Хятадын ӨМӨЗО бол нүүрсний асар их баялагтай. Монголын нүүрсний үнэ Өвөрмонголд байгаа нүүрсний үнээс хямд байж Хятадын зах зээл дээр борлогдоно гэсэн үг. Мөн БНХАУ-ын бусад орнуудаас авч буй нүүрс эцсийн хэрэглэгчдээ очих хүртэл ямар зайнд, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, хэдий хэрийн зардал гарч байж хүрдгийг тооцох ёстой.
Судалгаанаас үзэхэд нэг тонн коксжих нүүрс Хятадын хилийн доторх терминал хүрэхэд 60,2 ам. доллараар үнэ нь нэмэгдэж очиж байна. Үүнээс манай хилийн дотор 34,3 ам.доллар байна. Монголоос гарч буй нүүрсний үнэ доогуур байгаа, түүнийг өсгөх, зах зээлийн бодит үнэ тогтоох өрсөлдөөн байхгүй байгаа гол шалтгаан нь Хятадын талын импортлогч нь зөвхөн нэг аймаг буюу ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн нутгаар дамжин тээвэрлэгдэж байгаагаас шалтгаалан тухайн орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд өөр бусад муж, тухайн нүүрсийг авч хэрэглэдэг эцсийн хэрэглэгч өөр экспортлогчтой шууд харилцах боломжийг хааж байгаа юм. Одоогийн байдлаар Хятадад худалдаж буй манай нүүрсний үнэ 33-116 ам.долларын хооронд байна. Манай улс нүүрсний экспортын татварт нэг тонн нүүрсээс ердөө 4.4 ам.долларын татвар авдаг. Гэтэл Хятадын тал Монголын нэг тонн нүүрсээс 20.45 ам.долларын хураамж авдаг. Асар зөрүүтэй тоо байгаа биз. Урд хөрш манайхаас боловсруулсан нүүрс авах сонирхолгүй. Яагаад гэвэл татвар нь өндөр. Тэгэхээр ашиггүй гэсэн үг. Түүний оронд түүхий нүүрс хямдхан авч, өөрийн орны иргэдийг ажлын байртай байлгах нь ашиг сонирхлын хувьд нийцэж байгаа хэрэг.
Тэгэхээр бид нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахын тулд юуны өмнө төмөр замын сүлжээг нэн даруй бий болгох шаардлагатай болж байна. Одоогийн авто замын тээвэр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх нөхцлийг хангаж чадахгүй. Уурхайгаас гарсан нэг тонн нүүрсний үнэ Монголын нутаг дэвсгэр дээр 34 ам.долларын үнэтэй байгаа боловч үүний дийлэнх буюу 30 орчим ам.доллар нь тээврийн зардал болж байна. Өнгөрсөн онд 21 сая тонн нүүр экспортлоход 600 гаруй сая ам.долларыг тээвэрт зарцуулсан байх юм. Бид энэхүү зардлыг бууруулж чадахгүй бол хангалттай ашгийг авч чадахгүй хэвээр байх нь. Ирэх хоёр жилд Хятадын нүүрсний импорт улам өсч 300 сая тоннд хүрэх магадлалтай аж. Монгол Улсын нүүрсний экспорт ч үүнийг дагаад хоёр дахин өсөхийг эдийн засагчид урьдчилан харж байна. Гэтэл тээвэр болон татварын зохицуулалтыг шинэчилж чадахгүй бол асар их хэмжээний алдагдлыг хүлээх болчихоод байгаа юм. Хамгийн хямд төсөр арга зам бол төмөр замын тээвэр гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрдөг хэрнээ яагаад өдий болтол зүгээр суугаад байна. Нэгэнт Хятад улс хамгийн том хэрэглэгч. Тус улс манайхаас түүхий нүүрс авах сонирхолтой болохоор хямд үнэтэй ч гаргаж л таарна. Гэтэл дээрээс нь зам тээврийн зардалдаа дарлуулсаар байвал Монголын нүүрс үнэгүйдэхээс өөр аргагүй юм.