Б.СОЛОНГО
Жирийн монгол айлын нэг сарын орлого, зарлагыг Америкийн нэгэн айлынхтай харьцуулж үзсэн юм. Монгол айлын эзэд зээлээ төлөх гэж хөдөлмөрлөдөг бол америк айл ирээдүйдээ хуримтлал үүсгэж, дуртай зүйлээ хийх гэж ажилладаг.
Эрдэнэ банкинд зээл хүсэх л гэж очдог
Монгол Улсын иргэн, бага дунд орлоготой өрхийн тэргүүн Эрдэнэ. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Гэр хороололд өөрийн гэсэн газартай, боломжийн байшинтай. Бензин бага ордог жижигхэн тэрэг унаандаа хэрэглэдэг. Нэг хүүхэд нь төлбөртэй цэцэрлэгт, нэг хүүхэд нь улсын сургуульд сурдаг. Өөрөө төрийн байгууллагад ажилладаг, эхнэр нь хувийн компанид ажилтай. Энэ айлын сарын орлого зарлагыг харьцуулая.
Өрхийн тэргүүний сард гар дээр бэлэн авдаг цалин 650 мянган төгрөг. Харин эхнэр нь хувийн хэвшилд боломжийн ажил эрхэлдэг. Сард 850 мянган төгрөг авчихна. Гэр бүлийн хоёрт сарын цалингаас илүү орлогын эх үүсвэр байхгүй. Ингээд энэ өрхийн сарын орлого нэг сая 500 мянган төгрөг.
Энэ өрхийн гишүүд хямгатай хүмүүс. Хамаагүй зүйлд мөнгө зардаггүй. Хөргөгч нь үргэлж дүүрэн байдаггүй. Хэрэгцээтэй хүнсээ л авдаг. Машинаараа ажил, гэр, сургууль, цэцэрлэгийн хооронд явдаг. Машин авахын тулд эхнэр нь цалингийн зээл авсан. Харин гэртээ телевиз, хөргөгчөө лизингээр авсан. Тэдний зарлага нь багаар тооцоход ийм.
Тогтмол зарлага-250 мянган төгрөг / Үүнд цахилгаан, гар утасны төлбөр, шатахуун буюу унааны зардал гэх мэт/
Хүнсний зарлага-450 мянган төгрөг /Үүний 100 мянга нь махны мөнгө. 150 мянга нь гэр бүлийн хоёрын ажил дээрх хоолны мөнгө/
Зээл-350 мянган төгрөг /Эхнэрийн цалингийн зээлд 200 мянга, лизингээ төлөхөд 150 мянга/
Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн зарлага-250 мянган төгрөг
Ахуйн зарлага-400 мянган төгрөг /Хувцас, гоо сайхны бараа, ахуйн эд хогшил гэх мэт/
Багцалж, багаар тооцоход энэ айлын сарын зарлага нэг сая 700 мянга болж байна. Тэмдэглэлт өдөр, найз нөхдийн төрсөн өдөр, аялал гэх мэт амьдралд байнга тохиолддог бусад зарлагуудыг тооцоолохгүйгээр ийм болж байна. Тэдний зарлага нь үргэлж орлогоосоо давдаг. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулж мөнгө хадгалах боломжгүй. Хэрэв гэнэт их мөнгө хэрэгтэй болвол зээл авна. Банкинд хадгаламж нээлгэхээр биш зээл хүсэхээр л очдог.
Жоных сард 3200 ам.долларыг хадгаламжиндаа хийдэг
АНУ-ын иргэн Жон. Түүний гэр бүл Америкийн бага, дунд орлоготойд тооцогдох өрх айл. Мөн л эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Америкт өөрийн гэсэн байшинтай болохын тулд нэлээдгүй хөрөнгө хэрэгтэй тул эдний гэр бүл байшин түрээслэж амьдардаг. Эхнэр, нөхөр хоёр тусдаа машинтай. Жон нэгэн хуулийн байгууллагад зөвлөх, эхнэр нь нягтлан бодогчийн ажилтай. Хоёр хүүхэд нь сургуульд сурдаг. Энэ айлын сарын орлого, зарлагыг харьцуулж үзье.
Жон сардаа 3500 ам.долларын цалинтай. Эхнэр нь нягтлангийн ажил хийгээд сард 2500 ам.долларын хөлс авдаг. Энэ өрхийн сарын орлого 6000 ам.доллар.
Жоных мөн л арвич, хямгач америк айл. Тэд түрээсийн байшинд амьдардаг. Хоёр машинаа лизингээр авсан. Байнга шинэ хувцас аваад байдаггүй. Америк хувцас үнэтэй байдаг ч чанартай тул удаан өмсдөг. Бүгд заавал даатгуулдаг. Даатгалд мөнгө харамлах эрхгүй. Өөрсдөө ч ач холбогдол өгнө. Хүүхдүүд нь улсын төлбөргүй сургуульд сурдаг. Хэрэв төлбөртэй дунд сургуульд суралцуулахаар бол жилд 3000 ам.доллар болон түүнээс дээш төлбөр төлдөг. Энэ айлын зарлага нь ийм.
Тогтмол зарлага-350 ам.доллар / Үүнд цахилгаан, ус, орон сууцны төлбөр, кабель, интернэт, гар утас зэрэг орно/
Хүнсний зарлага-600 ам.доллар /Дэлгүүрүүд нь хааяа том хямдрал зарладаг. Тэр үеэр нь хүнсээ бөөнд нь авдаг аж/
Хувцас-250 ам.доллар
Машины лизингийн зээл-400 ам.доллар /Хоёр машинтай/
Байрны түрээсийн төлбөр-500 ам.доллар
Эрүүл мэндийн даатгал-200 ам.доллар
Бусад төлөвлөөгүй зардал-500 ам.доллар
Ингээд энэ айлын сарын нийт зарлага 2800 ам.доллар болж байна. Тэдэнд цаана нь 3200 ам.доллар үлддэг. Түүнийгээ гэр бүлийн хадгаламжиндаа хийнэ. Хадгаламжийн мөнгөөрөө жилд заавал нэг удаа гэр бүлээрээ аялалд явж, дуртай зүйлээ хийдэг гэнэ.