Ч.ОЛДОХ

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны Монгол Улсын төсөвт хэсэгчлэн хориг тавьсныг ЕТГ-ын дарга З.Энхболд Төсвийн байнгын хорооны хуралдааны өмнө танилцуулав. Хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн горимоор санал хураахад Ж.Батзандан гишүүнээс бусад нь дэмжээгүй юм. Тэрээр “Эрх баригч нам зардлыг хэтрүүлж, өөрсдийн хариуцлагагүй  байдлаас үүссэн зардлыг ард түмэнд ачаа болгон  үүрүүлж байна. АН ч гэсэн засаг барьж байхдаа төсвийн зарлагыг хэтрүүлж байсан алдааг МАН давтлаа. Иймд ШИНЭ нам эрс эсэргүүцэж байна. Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах хэрэгтэй” гэв.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ЕТГ-ын дарга З.Энхболдод хандаж  “Төсвийн зарлагыг хэтрүүлж байсан хүн энд шүүмжлээд сууж байна. Худал зүйлүүд их ярилаа. Надах чинь ямар ч үндэслэлгүй, худлаа. Хуулиа  судал, унш. Уншсанаа сайн ойлго. Ойлгосныхоо дараа ярь. Хоригийг хүлээж авах боломжгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Үүний дараа  Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ.

Ерөнхийлөгчийн тавьж буй хэсэгчилсэн хоригт  “Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр  хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг УИХ хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзсэн юм.  2019 оны есдүгээр сарын 30-ны  байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176  тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэл үүсээд байна.

Тиймээс ч хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банкинд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд УИХ “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай”  хэмээн дурдсан юм.

Эх сурвалж: www.polit.mn