Б.СОЛОНГО
Оюутолгойн гэрээний асуудлаар халз мэтгэлцсэн С.Ганбаатар, С.Баярцогт нарын “тулаан” өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байлаа. Хоёр гишүүний мэтгэлцээнд нийтээрээ анхаарал хандуулав. Мэтгэлцээнд хэн ялсан, хэн ялагдсан тухай давхар мэтгэлцээн цахим хуудасны сэтгэгдлийн хэсэгт ширүүхэн өрнөсөөр байна. Гэвч хэн нь ялсан гэхээс илүү Оюутолгойн гэрээний талаар улстөрчдийн төдийлөн гаргаж тавьдаггүй тоо баримт, нарийн мэдээллийг ард түмэн сонсч чадсан болов уу гэсэн дүгнэлтийг хийв. Харин Оюутолгойн орд нь Монголын ард түмэнд ашигтай юу, ашиггүй юу гэдгийг хэн нь ч нотолж чадсангүй гэж ажиглагчид дүгнэж байлаа. С.Баярцогт гишүүн мэтгэлцээний урилгыг хүлээж авсныхаа дараа С.Ганбаатар гишүүнийг “сайн бэлдээрэй” гэж захиж байсан. Энэ мэтгэлцээнд тэрээр эдийн засгийн чамгүй мэдлэгтэй гэдгээ харууллаа.
Харин С.Ганбаатар гишүүн гэрээний но-той, асуудалтай хэсгүүдийг сайн гаргаж, баталж чадсангүй гэсэн шүүмжлэл олны дунд байна. Ерөөсөө л тэр бэлтгэл муутай байв уу, эсвэл мэдлэг муутай байв уу. С.Баярцогт түүнийг мэдлэггүйгээр нь хангалттай дуудсан. Мэтгэлцээний туршид 17 удаа мэдлэггүй, ойлголтгүй, чадваргүй гэдэг үг хэрэглэв. Хэдийгээр С.Баярцогт бэлтгэл сайтай байсан ч С.Ганбаатарт хандаж хэлсэн онгироо үгээрээ ард түмнээс хасах оноо авлаа. Харин С.Ганбаатар гишүүний хувьд Оюутолгойн гэрээг ард түмэнд ашиггүй гэдгийг батлах хариуцлагатай үүргийг олон хүний өмнөөс хүлээсэн ч итгэл алдсан тул мөн л хасах оноо авав. Мэтгэлцээн нэг цагийн турш үргэлжилж, нэмэлт 20 минутын хугацаатай байв. Энэ хугацаа Оюутолгойн гэрээний сайн, мууг хэлэлцэхэд үнэндээ багадсан гэдгийг олон хүн хэлж байна. Үзэгчдээс 2000 гаруй асуулт ирсэн боловч, хөтлөгч ердөө хэдхэн асуулт танилцуулж амжсан юм.
Хоёр гишүүн Оюутолгойн ашиг 34, 66 юу эсвэл 53, 47 юу гэдгийг өөрсдийнхөөрөө тайлбарлах гэж хичээсэн юм. С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээг ямар ч эрсдэлгүй, харин ч ашигтай гэдгийг дахин дахин хэлж байв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд байгалийн баялаг 100 хувь монголчуудынх, санхүүжилт нь 100 хувь хөрөнгө оруулагчийнх, компанийн эзэмшлийн 34 хувь нь Монголынх, ашгийн хуваарилалтын 53 хувь нь биднийх. Түүний хүргэсэн мессежийг багцалвал ийм. Үнээнээс гарсан сүүний 34 хувийг авахаас гадна тэр үнээг тэжээж, дулаан байлгаж байгаа үйл ажиллагаанаас нь бид татвар авна. Ингээд Оюутолгойн ордын нийт ашгийн 53 хувь нь бидэнд ирнэ гэв. Харин С.Ганбаатар гишүүн газрын дор байгаа ямар ч эрсдэлгүй баялгийг үнэлэхгүй орхиод байгааг тайлбарлахыг хичээж байсан юм. Өөрөөр хэлбэл, үнээний сүүг ярихаас биш үнээг нь үнэлэхгүй байгаад гэрээний луйвар оршиж байна гэлээ.
С.Ганбаатар гишүүнийг мэтгэлцэх боломж олгосонд талархаж байгаагаа С.Баярцогт хэлж байв. Учир нь түүний сүүлийн гурван жил тайлбарлаж байгаа энэ гэрээг ойлгохгүй байгаад гайхаж байгаагаа хэлж амжив. Гэвч үүнээс өмнө ийм дэлгэрэнгүй мэдээллийг гэрээнд гарын үсэг зурсан гишүүдээс хэн нь ч өгч байгаагүй. Мэтгэлцээнд зориулж хөрөнгө оруулагч талынхан их сайн бэлджээ гэсэн хардалт ажиглагчдын дунд байсан юм.
Ямар боловч С.Ганбаатар бэлтгэл муутай ч мэтгэлцээнийг санаачилснаараа эх оронч, С.Баярцогт хийсэн гэрээгээ сайн мэдээлэлтэйгээрээ хамгаалж чадсан гэж сайн эдийн засагч нэрээ хамгаалав.
С.Ганбаатар:
-Энэ мэтгэлцээнийг гэрээг батлахаас өмнө хийж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ ямар боловч үр дүн гаргана. Их хурлын дэд дарга С.Баярцогт таныг энэ ондоо багтааж Оюутолгойн дэд хороо байгуулах саналыг хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Эрдэмтэн, мэргэдийн саналыг дүгнэж, их хуралд нээлттэй хэлэлцэе. Үнэхээр дэндсэн гэрээ болсон гэдгийг та ч, би ч мэдэж байгаа. Гэхдээ би таны мэдлэгийг далдаас харж, мэдлэггүй гэдэг үгийг нэг ч хэрэглээгүй шүү.
С.Баярцогт:
-С.Ганбаатар гишүүнд ийм боломж олгосонд баярлаж байна. Оюутолгойн гэрээ бол эрсдэлгүй, ашигтай гэдгийг дахин хэлье. Энэ бол онцгой нөхцөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ. Монгол Улсын ард түмэнд ашигтай. Энэ мэтгэлцээнд С.Ганбаатар ялав уу, С.Баярцогт ялав уу гэдэг нь чухал биш. Хэн ч ялаагүй. Гэрээнд гарын үсэг зурахдаа монголчууд ялсан юм.