С.УЯНГА
Намрын тэнгэрийн хуйсагнуурыг яалтай. Зуныхаа төсөөллөөс салалгүй говьд очсон хүнд ёстой салхины хүч, жаврын хайруугаар “шанаа” өгч байна. Ялангуяа, говь гэмээнэ говь билээ хэмээн бодож очсон хүнд бол хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсныг ёстой чиг ойлгуулж өгөх янзтай. Гэтэл төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талбар дээрх дайчид жишим ч үгүй. Харин ч ажил жигдэрч байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шавыг тавьж, анхны шанг татсан нь ердөө л хэдэн сарын өмнөхөн. Гэтэл “Монголын төмөр зам” ТӨХК 361 км урт төмөр замын ажлын зургийг бэлэн болгосны дагуу ажил ид өрнөж байна. Салбарын сайд зарим хэсэгт ажил 80 хувьтай явааг дуулгахдаа “Энэ зам бүхэлдээ эзэнтэй болсон. Компаниуд ажлаа хуваарилж аваад эхэлсэн. Ажлын бүтээмж 2-80 хувьтай байна. Цогтцэций талаас 11 компани саяхан гарч ирсэн учраас түр замуудаа тавьж гүйцэтгэлээ эхэлж байгаа юм. Манайхан туршлага сууж, өмнөх алдаагаа давтахгүйгээр ажиллаж байгаа учраас хурдацтай явж байна. Бид төмөр зам дээр хоёр л зүйлийг гаднаас авах юм. Рейс төмөр, бэхэлгээг гадаадын компаниас худалдан авч байгаа. “Пандрол” компани бэхэлгээг Монголд үйлдвэрлэхээр болж байна. Ингэвэл бид Зүүнбаян чиглэлийн 414 км замын дараа Гашуунсухайтын 267, Хөөт бичигтийн 560 км замынхаа бэхэлгээг Монголдоо үйлдвэрлэнэ гэсэн үг. Төмөр замын бүтээн байгуулалтад нэг ч гадны компани байхгүй. Суурь бүтцийг цэргийн таван анги хийж байна. Дээр нь 26 үндэсний компани оролцож байгаа учраас монголчуудын гараар хийж байгаа томоохон бүтээн байгуулалт гэж хэлж болно. Гүүр хоолойгоо энэ өвөл цутгаж бэлэн болгоно. Суурийн ажил, санхүүжилт хэвийн учраас төлөвлөсөн хугацаандаа буюу ирэх жил дуусгана гэж бодож байгаа” гэсэн мэдээллийг өгөв. Энэ чухал талбарт 500 гаруй техниктэй 800 гаруй хүн ажиллаж байгаа гэвэл илүү их төсөөлөл бууна.
Өчигдөрхөн л монголчуудад төмөр зам холын сэдэв байсан бол өнөөдөр үндэсний компаниуд юу чаддагаа харуулж эхэллээ. Үүний хамгийн том жишээ бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зөвхөн монголчуудын гараар бүтэж байгаа түүхэн цаг үе юм. Цаашид ч үндэсний компаниудын улсынхаа хөгжлийг нуруундаа үүрч чаддагаа бахдалтайгаар харуулах энэ “зураг” хэдэн мянган км-ээр тогтохгүй үргэлжилнэ. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгаснаар лавтайяа 6000 юм-ээс хол давах юм билээ. Үүний эхлэл болж Зүүнбаян хүртэл үргэлжлэх 414.6 км төмөр зам нэг өртөө, зургаан зөрлөг, голын даац 25 тонн, 1520 мм-ийн царигаар баригдаж байгаа нь энэ. Тэгвэл Монголын уул уурхайн салбарын хөгжлийг хурдасгах, ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд БНХАУ, ОХУ-ын нутгаар дамжин далайн чанадын зах зээлд хүрэх стратегийн чухал холбогдолтой Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад чухал нөлөөтэй бас нэгэн хамтын ажиллагааг баталгаажууллаа. Энэ өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414.6 км төмөр зам барьж байгуулах үндэсний бүтээн байгуулалтад оролцож буй төмөр замын бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх “Ган хийц” ХХК, “Улаанбаатар Бүк” ХК дэлхийд тэргүүлэгч “Пандрол” компанитай “Пандрол бэхэлгээний худалдан авалтын гэрээнд” гарын үсэг зурав. Энэ үйл явдал Дорноговь аймгийн Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн байр буюу жинхэнэ ажлын өртөөн дээр болохоос гадна Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон өндөр ач холбогдол өгч хүрэлцэн очсон байв.
Дэлхий дахинаа төмөр замын өвөрмөц загварын бэхэлгээг зохион бүтээн үйлдвэрлэдгээрээ алдаршсан ИБНВУ-ын “Пандрол” компани жилд 600 сая орчим бэхэлгээ үйлдвэрлэж, дэлхийн 130 орны 400 гаруй төмөр замын компаниудад нийлүүлдэг аж. Харин манай улсын төмөр замын салбартай хамтарч ажиллаад 15 жил болж байгаа гэнэ. Пандрол бэхэлгээг УБТЗ-ын гол замын тодорхой хэсэгт суурилуулж, олон жил туршихад өнөөг хүртэл ямар нэгэн гэмтэл, эвдрэл илрээгүй нь Монголын нөхцөлд тохирч байгааг нотолж буйг албаныхан хэлж байв.
Хамгийн чухал нь “Пандрол бэхэлгээ”-г ашигласнаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, арчилгааны зардлыг багасгадаг. Энэ бэхэлгээг ашигласан төмөр бетон дэр нь Монгол Улсад мөрдөж байгаа стандартаас нэг км замд дунджаар 180 дэр хэмнэх бололцоо олгох боломжтой. Энэ нь дунджаар 100 км төмөр зам барихад хоёр сая ам.долларын хэмнэлт гаргахаас гадна төмөр замын голын даралтыг 30 тоннд хүргэх боломжийг олгох нь төмөр замын тээх чадварыг нэмэгдүүлж нийт төмөр замын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх юм байна. Пандролынхон бэхэлгээндээ 40 жилийн баталгааг өгч байгаа аж. Энэ талаар “Пандрол” компанийн төслийн захирал Давид Хамптон “Манай бэхэлгээний онцлог бол бэхэл тэгээд март гэсэн уриатай. Өөрөөр хэлбэл, дахиж засвар үйлчилгээ шаардагдахгүй. Ирээдүйд их хэмжээний эдийн засгийн хэмнэлт гаргаж буйгаараа онцлогтой. Энэ жил 50 км төмөр замын бэхэлгээг нийлүүлээд дуусч байна. Харин ирэх жилийн бүтээн байгуулалтын гэрээг зурлаа. Ирэх хаврын тавдугаар сарыг дуустал шаардагдах хэмжээнд бэхэлгээ нийлүүлэх юм. Нийлүүлэлтийн талд ямар ч асуудал гарахгүй. Бэхэлгээний үнийн хувьд олон улсын жишигт нийцнэ. Аль ч улс оронтой Монголтой адил үнээр хамтран ажиллаж ирсэн. Хамтын ажиллагааны хугацаанд үнэ өсөх зэргээр ямар нэг өөрчлөлт орохгүй” гэж байв.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан “УБ Бүк” ХК нь MNS EN 1320 стандартын дагуу төмөр замын бетон дэр үйлдвэрлэдэг. Компанийн үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаар жилд 450-550 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Урт хугацааны судалгаа, шинжилгээн дээр үндэслэн Англи улсын “RMC” компанийн төмөр замын бетон дэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр 9.3 мм арматурыг ашиглах боломж олгодог ба тэнхлэг дээрээ 25-32 тонныг даах хүчин чадалтай бетон дэрийг үйлдвэрлэж байгаа юм. Энэ нь хүнд даацын галт тэрэг явах боломжийг олгохоос гадна зам төмрийг бетон дэрэнд бэхлэх олон төрлийн бэхэлгээг ашиглах боломжтойгоороо давуу талтай гэнэ. Харин “Ган хийц” ХК нь жилд 300 мянган ширхэг бетон дэр, 90 мянган м3 бетон зуурмаг, 75 мянган м3 хайрга дайрга бутлан ангилах хүчин чадалтай юм байна.
Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25
№212 (6179)