Э.Бэрцэцэг

“Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн III улирлын дүнгээр олборлолт болон үйлдвэрлэл өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 28.4 мянган тонн зэс олборложээ. Үүнийг өмнөх оны мөн улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага байна. Мөн 25.6 мянган унци алт олборлосон нь 66.8 хувиар бага, боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү байгаа ч өмнөх улирлынхаас 3.4 хувиар, үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 27.2 хувиар буурчээ.  “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес энэ бүхнийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, олборлож буй баяжмалын агуулга, хатуулагтай холбон тайлбарлаж байна. Жишээ нь, зэсийн агуулга өнгөрсөн улиралд 0.46 байсан бол тайлант улиралд 0.37, алтны агуулга 0.31 байсан бол 0.14 болжээ. Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ өмнөх улирлынхаас 64.3 хувиар буурчээ.

Тэрээр улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байсан ч баяжуулах үйлдвэр түр хугацаагаар зогссон болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг нааш нь шилжүүлсэн болон олборлолтын 4B үе шатны хатуулаг өндөртэй хүдрийг төлөвлөснөөс илүү ашигласан зэрэг нь нөлөөлснийг хэлж байв. Гэхдээ тус компани энэ оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэхээр ажиллаж байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn