Б.ДАМДИН-ОЧИР

Ашигт малтмалын лиценз эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олж борлуулсан, ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлдөг.

Харин АМНАТ-ийг бичил уурхайчид, хоршоо, нөхөрлөл, тэднээс ашигт малтмал худалдан авч борлуулсан, экспортолсон аж ахуйн нэгж төлдөггүй байв.

Тиймээс тэдгээрийг төлдөг болгох мөн АМНАТ-ийг таван хувь болтол өсгөх өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулах хуулийн төслийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар УИХ-д өргөн барьсан юм. Тэрээр “…Ашигт малтмал олборлож, худалддаг, худалдаж авдаг хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусган нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Мөн УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банкинд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Уг хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин таван жил хэрэгжүүлэх нь зөв хэмээн үзсэн” хэмээв.

Энэ төслийг УИХ-аар 2018 оны арванхоёрдугаар сард  хэлэлцэж эхлээд 2019 оны гуравдугаар сард баталсан.  Тэгэхдээ гишүүдийн 81.8 хувийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, АМНАТ-ийг таван хувь болгосон. Уг нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болсон Ашигт малтмалын тухай хуулийн “…Монголбанк, арилжааны банкинд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт хэрэгжих хугацаанд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ жил тутам нэмэгдсэн байдаг. Тухайлбал, өмнөх жилүүдэд нь тушаасан алтны хэмжээ оргил үедээ 18.308.200 гр хүрч байсан бол 2017 онд 20.012.530 гр, 2018 онд 21.871.515 гр болж өсч байсан юм.

Харин АМНАТ-ийг таван хувь болгосны дараа Монголбанкинд тушаасан алтны хэмжээ огцом буурсан байна. Тухайлбал, 2019 он гарсаар эхний есөн сарын байдлаар 10.722.907 гр байна. Одоо үлдсэн гурван сард яаж ч илүү тушаагаад 2018 оны тушаалтад хавьтахгүй.

АМНАТ-ийг таван хувь болгохоор УИХ хэлэлцэж байх үед Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “… 2.5 байсныг таван хувь болговол төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ”, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “…Аж ахуйн нэгжүүд иргэдийн алтыг худалдаж авдаг. Үүнийхээ дараа Монголбанкинд жирийн иргэний дүрээр алтаа тушааж, татвараас зугатаж байна. Тиймээс АМНАТ-ийг хамгийн багадаа таван хувиар тогтоох хэрэгтэй”, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “…Алт бол ард түмний өмч. Энэ өмчийн үр ашгийг иргэдэд хүргэхийн тулд АМНАТ-ийг өндөр тогтоох ёстой” гэцгээж байв.

Гэвч АМНАТ нэмэгдсэнээс хойш алтны тушаалт 50 хувиар буурлаа. Энэ чигээрээ явбал улам буурах магадлалтайг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23

№ 210 (6177)