Т.БАТСАЙХАН
“Ард түмний олонхийн засаглал” намын дарга Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Монгол Улс саарал жагсаалтад орсон нь анхаарал татаж байна. Өнгөрсөн хугацаанд оффшортой холбоотой асуудлаа шийдэж чадаагүй нь бас нэг шалгаан болсон гэж үзэж байгаа. Та оффшорын эсрэг дуу хоолойгоо хүргэж ажилласны хувьд байр сууриа хүргэхгүй юу?
-АНУ тэргүүтэй улсууд 2009 оноос оффшорын гэмт хэрэгтэй идэвхтэй тэмцэж эхэлсэн. Монгол Улсын хувьд 2017 оны нэгдүгээр сараас эхлээд иргэд, ТББ-ын санаачлагаар оффшорын гэмт хэрэгтэй тэмцэж эхэлсэн гэхэд болно. Монголын асар их баялаг 1990 оноос хойш экспортод гарсан. Тэр гадагшаа чиглэсэн мөнгөний урсгал эргээд Монголд орж ирэхгүй байгаа. Энэ нь оффшор данс руу орсонтой холбоотой. Саарал жагсаалтад багтсан хамгийн гол үндэслэл нь ч оффшор юм. Яагаад гэхээр нэгдүгээрт оффшорын цаана авлига байдаг. Хулгайн мөнгөө байршуулдаг нууц хэсэг байдаг. Төсөвт төвлөрөх ёстой асар их хэмжээний мөнгө төрийн эрх мэдэлтнүүдээр дамжаад оффшор бүсэд оччихож байна. Энэ татвараас зайлсхийсэн, эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг оффшорт байршуулсан эдийн засгийн гэмт хэргийн эсрэг АНУ тэмцээд 2009 онд 35 мянган хүн 2011, 2012 онуудад нийлээд 100 гаруй мянган хүний хэдэн тэрбум долларыг оруулж ирсэн. Англи ч мөн ялгаагүй 40 тэрбум ам.долларыг оруулж ирсэн. Ерөнхийдөө дэлхий нийтээр өрнөж байгаа олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл Монголд бас өрнөх ёстой байсан.
-Гэтэл бид асуудлаа шийдэж чадсангүй. Санхүүгийн хоригт орж байна?
-Тийм ээ. Төр засгийн түвшинд шийдвэр гаргагчид нь энэ асуудалд их үлбэгэр хандаж байна. 2017 онд “Ард түмний онц зөвлөл”-өөс асуудлыг гарган ирж, Олон улсын эдийн засгийн байгууллага буюу “Глобал форум” хэмээх том төсөлд тухайн үед 140 гаруй улс элссэн байсан. Монгол Улсад 2011 оноос эхэлж элсэх хүсэлтүүдийг тавьсан. 2017 онд тодорхой шаардлага тавьсан. Гэвч Монгол Улс “Глобал форум”-д нэгдэхийг хүсээгүй. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ байгууллагад нэгдээч ээ гэсэн хүсэлт хүргүүлж байсан. Энд элссэнээр интернетээр тухайн орны иргэний оффшор дахь дансны мэдээллийг шууд авах боломжтой байдаг. 2017 онд бидний өгсөн мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн зөвлөх асан Н.Алтанхуяг Сангийн яаманд энэ форумд нэгдэх саналыг хүргүүлсэн. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд сайд Х.Булгантуяа нар “Глобал форум”-д нэгдэж, татвараас зайлсхийх асуудал манай улсад хамаарал байхгүй, бид нэгдэн орох шаардлагагүй гэсэн хариуг ирүүлсэн. Ингэж хариу өгснөөс долоохон хоногийн дараа ФАТФ-аас Монгол Улсад саарал жагсаалтад оруулна гэсэн болзолтойгоор тэнсэн харгалзах “ял оноосон”.
-Тэгэхээр 2017 онд саарал жагсаалтад орох сануулгууд ирсээр байжээ?
– Олон улсын санхүүгийн системд буруу мөнгө оруулахгүй байх, энэ системийг эрүүл зөв байлгахад анхаарал хандуулдаг байгууллагууд байна. ФАФТ буюу мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх байгууллага энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ байгууллагыг Их найм гэж нэрлэгддэг улсуудын Сангийн сайд нар байгуулсан. Энэ нь Засгийн газар хоорондын хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг 40 зөвлөмж зааварчилгаа өгдөг. Түүнийг шаарддаг байгууллага юм. ФАТФ бол гишүүнээр нэгдэхийг санал болгодог, шаардлагуудаа хүргүүлдэг олон улсын санхүүгийн системийг эрүүл зөв байлгадаг. Дээрх байгууллагын шаардлагын үр дүнд түүний дараахан “Глобал форум”-д нэгдэж, Монгол банкинд санхүүгийн мэдээллийн алба гэж байгуулагдаж байсан. Гэсэн ч бид оффшор, авлига, банкны систем хуулийн шүүхийн байгууллагынхаа алдаанаас болж дахин саарал жагсаалт руу гулсан орлоо.
-Оффшорын талаар нэг хэсэг их ярьсан, тэмцсэн. Одоогоор нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Уг нь шийдвэр гаргагчид улс төрийн эр зориг гаргаад энэ асуудлыг шийдэх ёстой. Хууль эрх зүйн орчин бүрдсэн. Олон улсын харилцаа эрх зүйн орчин нь бас л байна. Сая Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахдаа тус улсын Ерөнхий прокурортой уулзаж, АНУ-д байгаа авлигын мөнгөөр авсан байх магадлалтай үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх хүсэлт тавьсан. Эргээд АНУ-ын талаас ямар ч хүнд сурталгүй түргэн шуурхай ажиллана гэсэн байдаг. Ерөнхий сайд асан С.Баярын 10 хаусны асуудал байна. Монголын талаас шүүхийн шийдвэр гарвал тухайн хаусуудыг төр хурааж авах боломж бий болно. Сангийн сайд асан С.Баярцогтын мартсан гэгдэх 10 сая ам. долларын асуудал байна. Үүнийг ч улсын орлого болгох боломжтой болсон.
-Тэгээд хариуцлага хүлээлгэх асуудал нь яагаад гацаад байна. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Одоо манай хууль хяналтын байгууллагууд шуурхай ажилламаар байна. Гэтэл асуудал нь уддаг. Үүнийг би оффшортой гишүүдийн нэг Сү.Батболдтой холбоотой гэж хардаг. Энэ хүн Засгийн газарт маш их нөлөөтэй байна. Тэр хүн эрх баригч нам, төр засгийнхан дунд хамгийн том гацааг үүсгээд сууж байна. Шийдвэр гаргагчдын хүсэл сонирхолгүй, үл мэдсэн энэ хандлага нь оффшорын асуудлаар хариуцлага хүлээлгэж, хөрөнгийг нь Монгол руу оруулахад саад болж байна. Энэ олон жил ярьсан авлигын мөнгө ерөөсөө л оффшорт нуугдаж байна. Асар их хэмжээний байгалийн баялаг гарч байна. Гэтэл энэ мөнгөний зөрүү яагаад Монгол руу эргээд орохгүй байгаа юм бэ. Яагаад Монголын эдийн засаг хөгжихгүй байна вэ. Энэ бүгд оффшортой холбогдоно. Улстөрчдийг оффшор данстай байхыг дэлхий даяар хориглодог. Гэтэл оффшорчдын диваажин Монголд байна. Тэд төр засгийн шийдвэр гаргах түвшинд байгаад байгаа учраас хөдөлж өгөхгүй байна. Уг нь энэ асуудал Засгийн газрын хийх ажил шүү дээ. Гэтэл Засгийн газар маань энэ асуудалд хөдлөхгүй байсаар байгаад улс орноо саарал жагсаалтад оруулчихлаа.
-Одоо саарал жагсаалт тойрсон улс төр нэлээд явах нь. Засгийн газар оффшорын асуудалд хөдлөхгүй байсаар байгаад л асуудалд оруулсан байна. Өөр олон хүчин зүйл нөлөөлсөн байх?
– Нэгдүгээрт ерөөсөө л оффшор юм. Дараа нь Монгол банкны үйл ажиллагаа нөлөөлсөн. Тэд “Капитал” банкны найдваргүй зээл 90 гаруй хувьд хүрчихээд байхад арга хэмжээ аваагүй. Мөн Худалдаа хөгжлийн банк, Голомт банкиуд бол ерөөсөө оффшор банкиуд шүү дээ. Монгол Улсад татвар төлдөггүй. Манайд мөнгө хүүлэх ажиллагааг чөлөөтэй явуулчихаад түүнээсээ татвар төлөхгүй байна гэдэг эдийн засгийн маш ноцтой гэмт хэрэг. Эх үүсвэр нь тодорхойгүй 500 гаруй тэрбум төгрөгийн тайлангаа дээрх нэр бүхий арилжааны банкиуд гаргаж өгч чадаагүй байна. Энэ асуудалд Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам гээд маш муу ажилласан. Манай хуулийнхан авлига буюу эдийн засгийн гэмт хэрэгтнүүддээ ч хариуцлага хүлээлгэж чадахгүй байна. Энэ бүхэн саарал жагсаалтад ороход нөлөөлсөн. Цаашлаад хар жагсаалтад орох эрсдэл үүсгээд байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.21 №208 (6175)