П.Амгаланбаяр
МҮХАҮТ-ын дэргэд Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл өнгөрсөн наймдугаар сард байгуулагдаж, анхдугаар хурлаа хийсэн. Тэгвэл тус зөвлөлөөс санаачилсан хамгийн том ажил өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, МҮХАҮТ-д хот, хөдөөгийн 300 гаруй бизнес эрхлэгч залуучууд чуулж, бизнесийн орчин, тулгамдаж буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам, төр хувийн хэвшлийн уялдаа холбоо зэрэг олон сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцсон юм.
Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувь буюу нэг сая 85 мянга нь залуучууд байдаг аж. Эдгээр залуусын 85 хувь нь ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоон мэдээлэл байдаг ч хэд нь бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа тухай тодорхой тоо баримт байдаггүй юм байна. Мөн Монголын эдийн засгийн форум жил бүр зохион байгуулагддаг ч уг форумд залуучуудын дуу хоолой маш хомс хүрдэг. Тиймээс энэхүү чуулганд хот, хөдөөгийн бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг цуглуулжээ
“Эдийн засагт залуучуудын оролцоо-2019″ залуу бизнес эрхлэгчдийн чуулганд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр чуулганд биечлэн оролцож амжаагүй ч видео мэндчилгээ дэвшүүлэхдээ “Бизнес эрхлэх амаргүй, гэхдээ бизнесийн орон зай хязгааргүй юм” гээд “Бид бизнесийн хязгааргүй орон зай, мэдээллийн урсгалыг зөв удирдаж, залуусаа чиглүүлэх болно. Залуучуудтай ажиллах нь бидэнд олон зүйлийг товчлох боломж олгоно” хэмээн онцолсон юм. Мөн чуулганд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, МҮХАҮТ-ын дэд дарга Б.Намжилсүрэн, ГБХЗГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Сэлэнгэ нар оролцож үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэлэхдээ, бизнесийн төлөөллийн байгууллага Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим дээр “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” байгуулагдсанд талархаж буйгаа илэрхийлээд, УИХ-ын гишүүд өнгөрсөн зургадугаар сард батлуулсан ЖДҮ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн төслийн найруулгад орсон бодлогын болон хэрэгжилтийн өөрчлөлтүүдийн талаар залуучуудын төлөөлөлд дэлгэрэнгүй танилцууллаа. Уг чуулганд бизнес эрхэлж буй 21-45 насны залуучуудыг урьж оролцуулсан байна. Энэхүү уулзалтаар бизнесийн дижитал шилжилт, аж үйлдвэрийн хувьсгалын чиг хандлага, Монгол брэнд үүсгэх, “Ногоон хөгжил” дэх залуучуудын оролцоо зэрэг олон сэдвийг хөндөн хэлэлцсэн юм. Оролцогчдын зүгээс цаашид жил болгон энэ форумыг хийгээсэй. Залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, тэдний дуу хоолойг сонсож байгаасай гэсэн байр суурийг илэрхийлж байв. Энэ үеэр чуулганд оролцсон бизнес эрхлэгч зарим залуучуудын сэтгэгдлийг сонссон юм.
Г.Чойжамц: Залуус маань технологиор дамжуулан дэлхийн зах зээлд гарна
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл , дэд дарга, “Хөх-үүр тур” ХХК-ийн захирал
-Энэ чуулган маань нэг зорилго, нэг бодлого гэсэн агуулгын дор зохиогдож байна. Цаашид бид олон чуулганыг хийнэ. Манай улсад бизнес эрхэлж байгаа олон залуус байна. Тэдний хувьд хүндрэлтэй асуудлууд нь төрийн томоохон ажилд ороход туршлага дутаж байна. Мөн авлигаас болоод томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломжгүй болдог. Өнөөдрийн чуулганы гол агуулга нь залуучууд нэгдэж бизнес хийх хэрэгтэй гэдгийн илэрхийлэл юм. Мөн төрөөс бид залуучуудыг нэгдсэн байх орчныг дэмжихийг хүсч байгаа. Татвар, хууль эрх зүй, бусад стандартын хувьд уян хатан байж тодорхой хэмжээнд дэмждэг баймаар байна. Мөн залуусд зориулсан дэмжлэгийн хөтөлбөр, хууль дүрэм гаргах санаачилгыг дэвшүүлж байна. Тэгээд энэ чуулганаараа дамжуулж төрийн өндөрлөгүүдэд уламжлахаар төлөвлөсөн байна. Өмнө хийсэн чуулганаас өнөөдрийг чуулганыг харахад маш их дэвшил харагдаж байна. Залуучууд маань нэгдэж ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байна гэдгийг өнөөдрийн чуулган харуулж байна. Манай бизнес эрхлэгчид залуус дэлхийд гарахыг зорьж байгаа. Залуус маань технологоор дамжуулан дэлхийн зах зээлд гарах нь хамгийн дөт байна гэж харж байна. Манай улс нүүдэлчин уламжлалт хэв маяг сурилсан улс учраас олон бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломж байгаа.
Б.Золбоо: Хаягийн мэдээллийг хамгийн хялбар аргаар авах боломжтой
“What 3 words Mongolia” дэд захирал
-Манай компани нь гурав үгт хаягжилтын систем гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Анх 2013 онд Англи улсад байгуулагдаж байсан. Харин Монголд үйл ажиллагаа явуулаад хоёр жил гаран болж байна. Энэ нь олон улсын шинэ хаягжилтын систем юм. Хүмүүс хаягийн мэдээллийг яаж хамгийн хялбар аргаар авах боломжтой вэ гэсэн шийдлийг харж ажиллаж байна. Дэлхийн гадарга буюу газрын гадаргыг гурвыг харьцах нь гурван метртэй жижиг дөрвөлжин болгож хуваагаад, тэр болгондоо гурван үг оноогоод өгчихсөн гэсэн үг. Энэ нь одоо 37 хэл дээр хаягжсан байгаа. Бид цаашид аялал жуулчлалын салбар, онлайн худалдаа, шуудангийн салбар хаягийн мэдээллээ хэрэглэгчээс авахдаа гурван үгт хаягаар авах юм. Мөн банкны хувьд хэрэглэгчийн форумдоо гурван үгт хаягаа оруулж өгснөөр хэрэглэгчидтэй ажиллахад илүү хялбар болгох тал дээр ажиллаж байна. Мөн яаралтай тусламжид илүү их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Гэр хороололд байгаа жирэмсэн эмэгтэй яаралтай түргэн тусламжийн үед хаягийн мэдээллээ тэр гудамжны тэдэн тоот гэж хэлдэг бол манай үйлчилгээний үр дүнд гурван үгт хаягийн тусламжтайгаар гэрийн хаягийг хурдан олох боломжтой болно гэсэн үг. Мөн манай апплейкейшнийг интернэтгүй үед ч гэсэн ашиглах боломжтой.
Эх сурвалж: www.polit.mn