П.МАНДАХ
Одоогоос 70-аад жилийн өмнө АНУ-д нэвтэрсэн гидрометаллургийн үйлдвэрийн технологи олон улсад хамгийн эрэлттэй. Монгол Улсад энэ технологийг “Ачит ихт” компани нэвтрүүлж эхлээд таван жилийнхээ ойтой золгож байна.
Тус компани “Эрдэнэт” үйлдвэрийн 56 сая тоннын нөөцтэй балансын бус хүдрийн II овоолгыг дахин боловсруулж катодын зэс үйлдвэрлэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн II овоолго 80 метр өндөртэй. Овоолгын орой дээр хүхрийн хүчлийн сул уусмалыг бороожуулах байдлаар цацсанаар зэсийн агууламжтай шимт уусмалыг ялгаж авдаг. Түүнийгээ уусган хандалж, дараа нь цахилгаан химийн аргаар катодын зэс болгодог юм байна. Энэ тухай “Ачит ихт” компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг “Гедрометаллургийн үйлдвэрийн технологиор үйлдвэрлэн гаргаж байгаа зэсийг “ногоон зэс” гэж нэрлэдэг. Учир нь 220 вольтийн цахилгаан зарцуулаад зэс гаргаж байгаа учраас байгаль орчинд ээлтэй гэж үздэг юм. Манай компанийн онцлог гэвэл ашиглалтгүй 30 гаруй жил болсон II овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж бүтээгдэхүүн үйлдвэрээд 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Улс орон нутгийнхаа төсөвт зохих хэмжээний орлого оруулж, экспортын бүтээгдэхүүн гарган Монгол Улсад валют авчирч байгааг онцлох ёстой” хэмээсэн.
“Эрдэнэт” үйлдвэрийн 56 сая тоннын нөөцтэй хүдрийн II овоолго 180 мянган тонн зэсийн агууламжтай. “Ачит ихт” компанийн үйлдвэрийн технологийн металл авалт нь 65 хувь гэж байгаа. Өөрөөр хэлбэл, 180 мянган тонн зэсийн 65 хувийг тус үйлдвэрийнхэн боловсруулах боломжтой гэсэн үг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 50 гаруй мянган тонн зэсийг үйлдвэрлэж экспортод гаргажээ. Энэ хэрээр улсын болон орон нутгийн төсөвт чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг аж. Тодруулбал, улсын болон орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр 160 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэрт ашиглалтын төлбөрт 10 орчим тэрбум, орон нутгийн ханган нийлүүлэх үйл ажиллагаанд 168 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
“Ачит ихт” компани овоолгын уусгалтын технологиос гадна нуруулдан уусгах технологийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Ингэснээр хүдэр дэх зэсийн агууламжийг хамгийн өндөр хэмжээгээр ялгаж авах боломжтой болох гэнэ. Эдний үйлдвэрлэж буй катодын зэс 99.999 буюу таван есийн сорьцтойгоор дэлхийд гайхагддаг аж. Тиймдээ ч Лондоны металлын биржэд энэ оны нэгдүгээр сараас бүртгэгдэж гишүүнчлэлтэй болж чаджээ. Энэ үйл явдлыг үйлдвэрийн удирдлагууд ажилчидтайгаа холбон тайлбарлаж, ур чадвартай монгол залуусын хүч хөдөлмөрийн үр шим гэдгийг онцолж байсан юм. “Ачит ихт” компани 200 гаруй ажилчинтай. Ажилчид 25-35 насны залуус байна. Тэдний олонх нь орон нутгийн иргэд байдаг нь сайшаалтай. Тус компани катодын зэсийн үйлдвэрлэл, боловсруулалтын судалгаа, шинжилгээнд хамгийн их анхаардаг бололтой. Тавхан жилийн дотор улсад 400 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлж, 200 гаруй ажилчинтайгаар дэлхийд гайхагдах 99.999 цэвэршилттэй зэс үйлдвэрлэж чадсанаас тод харагдах аж. Үүнийг үйлдвэрийнхэн ч онцлон хэлдэг юм билээ. Үйлдвэрийн хүчин чадал, шинэ технологийг үргэлж эрэлхийлж байдаг удирдлагын багийнхан зэсийн боловсруулалтад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг санаачлан эхлүүлснээ дуулгасан.
Эрдэнэт хотод уул уурхайн үйлдвэрлэл гарын таван хуруунд тоологдох төдий. “Эрдэнэт”, “Ачит ихт”, “Эрдмин” гээд л болчихдог. Тийм ч учраас нутгийн иргэдийн хараанд байдаг аж. Эрдэнэтийнхний дуу нэгтэй онцолж байсан зүйл нь компанийн нийгмийн хариуцлагын төслүүд байв. Давуу эрхийн хувьцаа гэхэд л “Ачит ихт”-ийнх гээд нутгийнхан түвэггүй хэлж байна. Тус компани “Ачит зэс” хэмээх охин компани байгуулан жилийн ногдол ашиг нь 30 хувийн хүүтэй давуу эрхийн хувьцаа гаргаад байгаа юм. Давуу эрхийн хувьцааг компанийн ажилтнууд болон Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд авчээ. Хувьцаа эзэмшигч 10 сая хүртэлх төгрөгийн хувьцааг худалдан авах эрхтэй. Гурван жилийн дараа тэрээр 19 сая болгон өсгөж авна. Тийм ч учраас үйлдвэрийн ажилтнууд хувьцаа эзэмшиж, нийгмийн баталгаагаа сайжруулж байна хэмээн ам сайтай байна билээ.
Эрдэнэт хотод бүтээн байгуулалтын томоохон ажил өрнөж байгаа нь Мөрөөдөл биелэх мөсөн хотхон байв. Ирэх оны наймдугаар сард Монгол Улс Азийн хүүхдийн спортын их наадмыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл тэрхүү наадам Эрдэнэт хотод мөсөн хотхонд зохион байгуулагдах товтой юм байна. 3600 хүний суудалтай, хоккей уран гулгалт, сагсан бөмбөг, гар бөмбөг уран сайхны гимнастик, бокс гээд спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулах хүчин чадалтай мөсөн хотхоны гол санхүүжүүлэгч, дэмжигч нь “Ачит ихт” компани аж. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэд бас Орхон аймгийн ЗДТГ-тай дөрвөн салбарт 13 ажил төлөвлөсөн хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байгааг дуулгасан билээ. Жил бүр үйлдвэрийн ойр орчимд найман төрлийн 2000 гаруй бут ургамлыг тарьж суулган арчилж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын гурван га газрыг нөхөн сэргээж, Сархиа ууланд 340 ширхэг мод тарьж ургуулан арчилдаг аж. Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчны асуудал хамгийн эмзэг. Тэгвэл “Ачит ихт” компани байгаль орчны асуудалд хамгийн ихээр анхаарал тавьдаг, дотоодын болон хөндлөнгийн хяналтууд агаар, хөрс, гүний усанд зэрэг хийгдэж явдаг гэнэ. Монголд хоёрхон байдаг галын ухаалаг дохиолол, унтраах системийн нэг нь “Ачит ихт”-д байдаг аж. Нөгөө нь “Оюутолгой” компанид байдаг. Катодын зэсийн үйлдвэрийн орчинд галын аюул гарах хамгийн өндөр эрсдэлтэй. Тиймээс компанийн зүгээс номер нэг эрсдлийг бууруулах хамгаалах арга замыг эрэлхийлж дэлхийд хамгийн эрэлттэй байгаа “ТYCO” брэндийн гал унтраах, дохиоллын систем суурилуулжээ. Үйлдвэр хариуцсан захирал Ц.Энхбаяр хэлэхдээ “Бидний гол баримталдаг юм бол хүн. Хаана зөв хандлагатай хүн байна тэнд үйл ажиллагаа зөв явдаг. Ажилчдаа дэмжиж урам өгнө, тэгсэн хэрнээ зарчимтай дэмжинэ. Зарчимтай, сахилга батыг төлөвшүүлж,зөв хандлагыг бий болгож чадвал тэнд аюулгүй ажиллагаатай үйлдвэрлэлийг явуулах боломжтой. Үйлдвэр бол яг нялх хүүхэд шиг. Тоног төхөөрөмж байгаа бүх юмыг цаг тутамд өдөр бүр долоо хоног бүр хянаж зохицуулж засварлаж цэнэглэж арчилж хамгаалж байж хэвийн явагддаг. Хүний биетэй адилхан. Гурван жил эдлэгдэх юмыг байнга арчлаад байх юм бол таван жил хэрэглэх боломжтой” гэж байв.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.10 №201 (6168)