Б.БАЯРЖАВХЛАН
Дорноговь аймагт аж үйлдвэрийн парк барих асуудлаас эхлээд олон санал санаачлагууд гарч байсан. Гэвч ч хөрсөн дээр буусан нь үгүй. Тэгвэл намрын налгар энэ өдрүүдэд Дорнын говьд бүтээн байгуулалт өрнөж Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг барьж дуусгасан баяртай мэдээ биднийг угтсан юм. Энэхүү дэд бүтцийн ажилд УБТЗ ХНН, ЗХЖШ-ын 77, 80 дугаар анги, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Эрчим хүч хөгжлийн төв зэрэг байгууллагууд гар бие оролцсон байна. Түүнээс гадна цэрэг эрс улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, эх орондоо хүлээлгэж өгөөд халагдах хоногоо хүлээн зогсож байв. Цэргүүдтэй цөөн хором ярилцвал “Эх орныхоо хөгжилд гар бие оролцсондоо сэтгэл хангалуун байна. Мөн бид зүгээр ажиллаагүй цалинтай ажиллана. Одоо гэр рүүгээ буцахад 20 гаруйхан хоног үлдээд байна” гэж байсан юм.
Тэгвэл энэ талаар БХЯ-ны сайд Н.Энхболд “Батлан хамгаалах салбарын түүхэнд томоохон үйл явдал болж байна. Энэ бол Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах нефтийн үйлдвэрийн дэд бүтэц буюу хүнд даацын замын ажлыг манай БХЯ бие даан гүйцэтгээд байна. Монголд анх удаа хүнд даацын автозамыг манай зэвсэгт хүчний хамт олон барьсан юм. Цаашид ч улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад бэлэн” гэж байв. Монголд Сонсголонгийн замаас өөр хүнд даацын зам байдаггүй. Тэгвэл Монголчуудын өөрсдийн хийсэн анхны хүнд даацын зам нь энэ болж буй юм. Тухайн замын гадна хананд шуудайтай үр суулгасан байх бөгөөд энэ нь хавар соёолж ногоон байгууламжтай болох юм байна. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Орон нутгийн иргэд төлөөлөгчдийн зүгээс өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд маш их баяртай байна. XXI зууны их бүтээн байгуулалт амжилттай эхэлж байна. Энэ их бүтээн байгуулалтыг дагаад олон аж үйлдвэр баригдаж Дорноговь аймаг маань ирээдүйд Монголын тулгуур аймаг болох байх. Энэхүү ажлыг эхлүүлсэн Ерөнхий сайд, УИХ гишүүд болон хийж гүйцэтгэсэн БХЯ, аймгийнхаа иргэдэд талархаж буйгаа илэрхийлье. Дорноговь аймаг цаашид хүн бужигнасан тулгуур аймаг болж олон залуусыг ажил амьдралтай нь холбосон хоёр дахь Эрдэнэт болно гэж итгэж байна” гэсэн юм.
Энэхүү газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар эрдэс баялгаа боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нефть-химийн шинэ салбарын суурь тавигдаж, эдийн засагт маань шинэ тулгуур болох нь дамжиггүй биз ээ. Эрт цагийн үлэг гүрвэлийн мөрөөр эдүгээ цагийн хөгжлийн зам бий болж байгаа нь энэ юм. Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд олон тооны шууд ба шууд бус ажлын байр бий болж техник технологийн хөгжил дэвшил авчрах юм.
Энэхүү дэд бүтцийн ажлаас 40 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Түүгээрээ Сайншандад тухайн үйлдвэрт ажиллах ажилчдын 550 айлын орон сууцыг барьж байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын тос тээвэрлэх галт тэрэгний анхны зорчигч болсон юм.Үйлдвэрийн төлөвлөлтийн зураг төсөл явж байгаа. Технологийн байгууламжийн барилгын ажил ирэх хавар эхлэх юм байна. Төлөвлөгөөнийхөө дагуу явах юм бол 2021 оны хавраас газрын тос боловсруулах байгууламжийг ажиллуулж эхлэх юм байна. Энэ үеэр Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “ Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн үйл ажиллагааны нээлтийг хийж байгаад талархал илэрхийлье. Монгол-Энэтхэг улсууд стратегийн түншлэл тогтоосон. Бидний хүрсэн харилцааны энэ түвшинг бататган Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сард Шинэ Делид төрийн айлчлал хийлээ. Энэ айлчлалын мөрөөр ажиллах зорилгоор би Монголд ирээд байна гэсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдаа өргөжиж, 2018 онд нийт худалдаа 53 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх онуудынхаас өссөн дүн юм. Газрын тос боловсруулах үйлдвэр Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахаас гадна манай хоёр улсын харилцаанд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Үнэхээр ч энэ төсөл 2023 онд бүтээгдэхүүн гаргаж эхэлснээр ДНБ-ий өсөлтөд шууд нөлөөлнө гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм. Мөн манай улс жилд 1.5 тонн газрын тос боловсруулсанаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой юм байна. 30 жил ийм хэмжээний газрын тос боловсруулах нөөц байгааг энэ үеэр тосны мэргэжилтнүүд хэлж байлаа. Харин цаашид газрын тосны орд илэрүүлэх нь чухал байгаа ажээ.
Эх сурвалж “Зууны мэдээ сонин” 2019.10.10 №201 (6168)