Б.Баяржавхлан
Өмнийн говьд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар нээлтэд оролцсон юм.
Мөн энэхүү газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэг улсын тусламжаар барьж байгуулж байгаа юм. Дэд бүтцийн нээлтэд БНЭУ-ын Газрын тос, байгалын хийн сайд Д.Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, Монголд суугаа Элчин сайд М.П.Сингх нар хүрэлцэн ирсэн байв. Засгийн газраас 2017 оноос эхлэн “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 18.8 км урт төмөр зам, Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 16.8 км хүнд даацын зориулалт бүхий хатуу хучилттай авто зам, Сайншанд суманд байрлах дэд станцын ажил хийгдээд байна. Улмаар 2020 оноос үйлдвэрийн барилга угсралтыг эхлүүлж, 2023 онд бүрэн ашиглалтад орж ажиллана.
Ингэснээр Монгол Улс түлш шатахууны импортын хамаарлаас гарах, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурч түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалах валютын ханшны өөрчлөлтгүй болох, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар нэмэгдэх, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 150 сая ам.доллар төвлөрөх, ажлын байр шинээр бий болох, парафин вакс болон хуванцрын түүхий эд үйлдвэрлэснээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын сүүлээр Энэтхэг улсад төрийн айлчлал хийх үеэр энэ төсөлд шаардлагатай 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсноо Энэтхэгийн тал мэдэгдсэн юм. Ингэснээр зээлийн нийт дүн 1.2 тэрбум ам.доллар болсон.
Түүнчлэн Хөгжлийн банкны 250 тэрбум төгрөгийн зээлээр хэрэгжүүлсэн, газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төслийн хүрээнд дараах ажлуудыг өнгөрсөн оны зургадугаар сард эхлүүлсэн юм. Үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 27 км салбар төмөрзамыг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн инженер техникийн ажилтнууд барьсан юм. Үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүд, барилгын материалуудыг энэ төмөр замаар зөөнө. Замыг найман сарын дотор олон улсын жишгээс гурав дахин хямд өртгөөр Монголчууд өөрсдөө барьж, зорчигчоо тээвэрлэж эхэлсэн гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд олборлолт явуулж буй ордуудын ойролцоох Буйр XVIII, Өмнөговь аймгийн Галба XI талбайгаас тос илэрчээ. Нэмэлт судалгаа хийснээр шинээр газрын тосны шинэ орд бий болж, нөөц нэмэгдэх магадлалтай. Одоогоор манай улс жилд 1.1 сая орчим түүхий газрын тос олборлон урд хөршид худалддаг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ сонин 2019.10.9 №200 (6167)