Ц.МЯГМАРБАЯР
Байгалийн унаган төрхөөрөө уул уурхайгаас илүүтэй газар тариалан, мал аж ахуйг түшиглэсэн сумын нэг бол Төв аймгийн Угтаалцайдам. 1960 онд атар газар эзэмшсэн үржил шимт бүс нутаг. Энэ ч утгаар тус газар нутгийг Засгийн газраас газар тариалангийн бүс нутгаар зарласан билээ.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны зуны дэлгэр долдугаар сарын нэгэн өглөө эрт дээр үеэс шүтэж ирсэн сумын баруун хойд талд орших алсаас харахад мөнх цастай мэт харагдах цагаан гялтганасан чулуутай үзэсгэлэн төгөлдөр “Бор-Өндөр” хэмээх хайрханд хүчтэй тэсэлгээ болж нам тайван байсан газарт дайн дажин болов гэмээр үйл явдал болжээ. Нутгийн иргэд зусландаа гарсан байсан учир тэр хавьд гэр барьж, гортиг татаж уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээр зэхэж түүнчлэн тэсэлгээ хийж эхэлснийг тэд мэдээгүй.
Тэгвэл тус сумын Хар чулуут багийн нутагт байрлах “Бор-Өндөр” хайрхан байгалийн ховор үнэт чулуу болох кварц, болрын нөөцтэй гэдгийг мэдсэн шуналтсан хэсэг нөхөд бичил уурхай эрхлэх нөхөрлөл байгуулан тэсэлгээ хийж эхэлсэн нь энэ ажээ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг нутгийн иргэдээс асуудаг хуультайг бүгд мэднэ. Гэвч яагаад биднээс санал авалгүй эх болсон газар нутаг руу минь хэн нэгэн дур мэдэн халддаг билээ хэмээн нутгийн иргэд нэгдэж “Эх нутгаа хамгаалъя” ТББ байгуулж уг нөхөрлөл хэзээ байгуулагдсан, хэн зөвшөөрөл өгснийг судалж тогтоожээ. Учир нь тухайн үед тус сумын Засаг дарга байсан Н.Гантулга, ИТХ-ын дарга асан одоо сумын Засаг дарга Р.Батбаяр нар хууль зөрчин сумын ИТХ-ыг хуралдуулахгүйгээр, сумын иргэдэд бичил уурхай эрхлэх талаар мэдээлэл танилцуулга ч хийлгүй сумын 2017 оны ээлжилт бус II хуралдааныг хуралдуулаагүй атлаа хуралдсан болгож 02 тоот тогтоолыг хуурамчаар үйлдэж бичил уурхай эрхлэх нөхцлийг бүрдүүлжээ.
Түүнчлэн энэ цаг үе нь Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хүчингүй болгож шинэ журам болох 151 дүгээр тогтоол хараахан гараагүй байх үетэй таарсан нь тэдэнд хууль бус үйлдлээ нуух завшаан болсныг иргэн Б.Баттулга ярьсан юм. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сард тус иргэний нийгмийн байгууллагаас АТГ-т авлига авсан байх магадалтай гэдгээр сумын Засаг дарга асан Н.Гантулга нарыг шалгаж өгөх өргөдөл өгсөн бол Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх хууль бус захиргааны шийдвэрийг цуцалж “Бор-Өндрийн хишиг” нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж. Гэвч Захиргааны хэргийн шүүхээс хохирол тодорхойгүй гэдгээр хэрэгсэхгүй болгожээ.
Харин сумын Засаг дарга Н.Гантулга ажлаа өгсөн аж. Улмаар тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд хандаж давсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тайлбарла гэжээ. Шүүх цагдаагаар явсаар энэ хэрэг одоо хүртэл хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн хэвээр байгаа ажээ.
Хэдийгээр нөхөрлөлийн үйл ажиллагаа зогссон хэдий ч тус сумын хууль бус захиргааны арав гаруй тогтоолыг үйлдсэн сумын удирлагуудад хариуцлага хүлээлгэх ёстой атал зарим нь одоо болтол ажлаа хийсээр байгааг иргэний нийгмийнхэн, иргэд хэлсээр байгаа юм. “Бор-Өндрийн хишиг” нөхөрлөл нь 3500 га газарт дэлхийд нэн ховор кварцын чулуун ордыг олборлох зөвшөөрөлтэй аж. Одоогоор 10 гаруй машин чулуу куперлэж ачсан. Газрыг сэндийчиэж овоолсон шороо болгож орхисон зэргэлдээх Заамар сум шиг болох нь хэмээн нутгийн иргэд халаглаж байв.
Кварцыг хатуу боржин чулуунаас гаргаж авдаг. Маш их шороо тоос босдог тухай мэргэжилтэн тайлбарлаж байв. Кварц нь барилгын шал хана, тавцан хийдэг гантиг чулуунд хольдог юм байна. “Эх нутгаа хамгаалъя” ТББ-аас энэ хэргийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт болон МХЕГ-т өргөдөл бичиж хариу арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.
Үүний дагуу АТГ болон Цагдаагийн газраас нэхэмжлэгч Б.Баттулгаас саяхан дахин мэдүүлэг авч эхэлсэн аж. Тэрээр мэдүүлэгтээ “Тухайн үед Угтаалцайдам сумын ИТХ-ын нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Б.Жавзанпагам Захиргааны шийдвэрийг үйлдэхдээ Засгийн газрын журам зөрчиж удирдлагуудтай илт хуйвалдсан хуурамч тогтоол үйлдсэн гэж нэхэмжлэлийн тайлбартаа нэмж мэдүүлэг өглөө. Хууль бус бичиг үйлдэхэд одоогийн Засаг дарга Р.Батбаярын эхнэр, тухайн үеийн Засаг дарга асан Н.Гантулгын нарийн бичгийн дарга байсан Д.Хоролсүрэн оролцсон гэдгийг” хэлсэн гэв. Нөгөөтэйгүүр бичил уурхай эрхэлж буй “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн дарга, гишүүд болох н.Төгсболд, н.Энхтөр, н.Нямлхагва н.Ганбат, н.Бямбасүрэн нар хамаатан, садан төрлийн холбоотой гэдгийг иргэд хэлж байлаа.
Хоёр жилийн хугацаатай үргэлжилж байгаа энэ хэргийг нэг тийш нь болгож өгөхийг иргэд, АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээс хүсч байгааг манай сониноор дамжуулан уламжилсан юм. Учир нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг сумын Засаг дарга асан Н.Гантулга өөрт байхгүй, аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд байх эрх мэдлийг ашиглаж /тогтоолыг огноо дугааргүй үйлдсэн/ нөхөрлөлд зөвшөөрөл олгосон. АМГТГ-ын тухайн үеийн Кадастрын хэлтсийн дарга байсан Мөнхтамир үүнийг нь мэдсээр байж журам зөрчсөн албан бичгээр уг газрыг бүртгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж эх сурвалж ярьсан юм. Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 151 дүгээр журмаар орон нутгийн удирдлагуудад сум орон нутагтаа жижиглэсэн хувилбар буюу нөхөрлөл байгуулан бичил уурхай эрхлэх, дэмжих эрх олгосон нь авлигын шинжтэй болж газар нутгийг сэндийчлэх, тэсэлгээ хийх зэргээр томоохон уул уурхайн үйл ажиллагаа болж хувирч байгааг тэд анхааруулж энэ журмаа эргэж харахыг шийдвэр гаргагчдад дайж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.8 №99 (6166)