П.Амгаланбаяр
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг ахмадын баяраа өргөн тэмдэглэлээ. Өөрийн залуу нас, амьдралынхаа хамгийн үнэтэй цаг хугацааг тэд эзэмшсэн мэргэжлээрээ гоёж, эмнэлэгтээ үлдээжээ. Харин өнөөдөр тэд залуу үедээ зааж сургах хамгийн хүндтэй багш нар юм. Ийнхүү баярынхаа өдөр хийж бүтээснээ үнэлүүлсний гавьяа одон тэмдгээ энгэртээ гялалзуулж, тэртээ үлдсэн хамгийн үнэтэй цаг хугацаа, дурсамжаа тээн танхимд хүрэлцэн ирсэн байлаа. Баярын арга хэмжээнд 305 ахмад оролцсон бөгөөд эмнэлгийнхэн амжилт, хийж бүтээснээ ахмадууддаа танилцуулсан юм. Тухайлбал, “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнд амжилттай оролцсон байна. Тус эмнэлэг инновацийн дөрвөн төслийг эмнэлзүйн салбарт хэрэгжүүлж байгаа аж. Мөн “Тархи судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч суулгац тавьж эмчлэх технологи” тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн III байрт шалгарчээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын алба байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт гэрэл зургийн галерей нээсэн байв. Нэг жилийн хугацаанд үргэжлэх тус галерей нь зүрхний мэс заслын тасгийн 50 жилийн хөгжлийн хугацаан дахь онцлох үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгасан, түүхт он жилүүдийг харуулсан 90 гаруй гэрэл зургийг онцлон дэлгэснээ танилцуулав. Уг үзэсгэлэн нь ахмадуудад маань тэртээх цаг хугацааг эргэн дурсах хамгийн сайхан агшин болсон санагдлаа. Мөн шагналын хур бууж олон ахмадын энгэрт дахин нэг медаль гялалзсан юм. Дуу хуур эгшиглэж, инээд хөөр цалгисан, дурсамжаар дүүрэн, энэ үнэтэй агшин, тэнд хуран цугласан олон хүний сэтгэлд тодоор бууж үлдэх нь гарцаагүй биз. Ийнхүү хурлын арга хэмжээ дуусч тасаг бүр ахмадуудаа хүлээн авлаа. Тус эмнэлгийн соёл, үйлчилгээний албаныхан ахмадуудаа хүлээн авч буй үнэтэй агшинг хуваалцсан юм.
Энэ тасгийн хувьд 44 ахмад хүрэлцэн иржээ. Энэ үеэр ахмадуудын сэтгэгдлийг сонирхсон юм.
Ахмад ажилтан О.Гүнсэлмаа: Миний олон сайхан дурсамж энэ эмнэлэгт үлдсэн
-1980 онд эмнэлгийн хүлээн авахад ажилтанаар орж, 2006 онд тэтгэвэртээ гарсан. Цаг хугацаа саяхан юм шиг санагдаж байна. Анх юугаа ч мэдэхгүй байхад минь тусалж дэмжсэн олон хүн байдаг. Хамгийн сайхан олон дурсамж минь энэ эмнэлэгт үлдсэн.
Эмнэлгийн соёл, үйлчилгээний албаны дарга Х.Отгонтуяа: Манай алба 100 ажилтантай
-Хуучин асрагч нэртэйгээр бүх тасагтаа харьяалагддаг байсан. 2013 онд нэг албанд төвлөрч Эмнэлэгийн соёл, үйлчилгээний алба нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай алба 100 ажилтантай. Мөн эмнэлгийн гадна, доторх цэвэрлэгээ үйлчилгээ, угтах үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Эмнэлгийн бүх эмч, сувилагчтай хамтарч, эмнэлгийн бүхий л өнцөг булан бүрт хүрч ажилладаг хүмүүс байдаг.
Эмнэлгийн соёл, үйлчилгээний албаны менежер Д.Амгалан: Бид “Ахмад ажилчны дурсамж” ном хийнэ
-Манай албаны хувьд 44 ахмад ажилчин маань хүрэлцэн ирж баяраа сайхан тэмдэглэж байна. Бид ахмадын баяртаа зориулж “Ахмад ажилчны дурсамж” гэсэн дурсамжийн асуултыг ирсэ хүмүүсээсээ авна. Тэгээд үүгээрээ ном болгож бас нэг эрхэм дурсамжийг бүтээх юм. Ингэснээр ямар эрхэм хүмүүс ажиллаж байсныг, тэдний хамгийн сайхан мөч, бидэнд өгөх үнэтэй зөвлөгөөг харах боломжтой гэсэн юм.
Ийнхүү амьдралынхаа хамгийн нандин цаг хугацаа, ижилдэн дассан найз нөхөдтэйгөө дурсамжаа хүүрнэн суугаа энэ үнэт агшин зургийн хальснаа бууж, инээд хөөр цангинасан танхимыг орхисон юм.
Эх сурвалж www.polit.mn