Ц.МЯГМАРБАЯР

Монголын эдийн засаг дэлхийн худалдааны дайны “шок”-д бэлэн үү” гэсэн ерөнхий сэдвийн дор “Бизнесийн орчин” форумыг өнөөдөр /10.04/ “Bloomberg TV Mongolia” телевизийн Эдийн засагчдын клуб зохион байгуулж байна.

Уг форумд салбарын тэргүүлэх судлаач, эдийн засагчид оролцож, дэлхийд нүүрлэж болзошгүй хямрал Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, бизнес эрхлэх боломж хэр хумигдаж байна зэрэг асуудлын шийдлийг эрэлхийлж, мэтгэлцээн өрнүүлж байна.  Төсвийн асуудал дээр  Эдийн засгийн клубын гишүүн  эдийн засагч Ш. Алтанцэцэгийн байр суурийг хүргэж байна.

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 2017 оны тавдугаар сараас эхлэн Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан.  Тус сангийн хөтөлбөрийн багцыг дэмжиж бусад хоёр талт болон олон талт хамтын ажиллагаатай байгууллагууд нэгдсэн. Өнгөрсөн гурван жилд төсөв, мөнгөний бодлогын сахилга бат харьцангүй сайн байлаа. Үүний үр дүнд энэ оны эхний найман сарын байдлаар төсөв ашигтай гарлаа. Гэхдээ ирэх жил хөтөлбөрийн хугацаа дуусахад бид яах вэ. Энэ л хамгийн их чухал байна.  Ирэх жилийн төсвийг зарлагийн  тэлсэн төсөв болсон гэж дүгнэж байна.   11.8 их наяд төгрөгийн орлого олохоор байгаа нь Монгол Улсын түүхэнд байгаагүй их орлого олохоор төсөөлсөн. Энэ орлого биднээс хамаарах орлого биш. Гадаад зах зээлээс хамааралтай экспортын орлого. Тэгэхээр энэ их орлогыг олно гэсэн болзол тавьж чадахгүй.  Гадна зах зээлээс шалтгаалсан орлогын өндөр төлөвлөгөө тавьсан хэрнээ зарлагаа үүгээрээ санхүүжүүлнэ гэсэн нь хамгийн найдваргүй. Н. Энхбаяр эдийн засагчийн хэлснээр бидний дотоодоос хамааралтай хүчин зүйл. Бид зарлагаа хиймэлээр тэлээд байгаа нь хэвийн явж байгаа  эдийн засгийн гольдролыг  эвдэж байна. Тиймээс  төсөв, мөнгөний бодлогоо тогтвортой авч явахад 2020 оны төсвийн төсөөлөл энэ шаардлагад нийцэхгүй байна. Хоёр их наяд төгрөгийн алдагдлыг хаах боломжгүй. Нэгдүгээрт, сонгуулийн жил, хоёрдугаарт 2021 оноос их хэмжээний 2.9 тэрбум ам.долларын өрөө төлөх тохиолдолд өмнөх жилийн төсвийн төсөөлөл ийм хариуцлагагүй байж болохгүй. Түүнчлэн сонгууль, сонгуулийн жилийн төсөв гэж олон жил ярьж байна. Үүнээс гадна, гадны байгууллагуудын шинжээчдийн дүгнэлтээр “ Монгол Улс  улс төрийн тодорхойгүй байдал, засаглалын хямрал нь  эдийн засгийнх нь  нь гол хямрал хэмээн тодорхойлж буй нь хамгийн эмгэнэлтэй”. Энэ асуудал сонгуулиас тусдаа шинэ асуудал болж байна.

Эх сурвалж:www.polim.mn