Б.СОЛОНГО
Зах зээлийн эдийн засагт нийгэмд шилжсэн 1990-ээд оны үед маш олон үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллага татан буугдсан. Тэдгээрт ажиллаж байсан 300 орчим мянган хүн хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэсэн судалгаа байдаг юм билээ. Тухайн үед хөдөлмөр эрхэлсэн ч нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж чадаагүй, эсвэл бүр ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн олон хүн бий. Тэр ч байтугай олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хүчээр тэтгэвэрт гаргадаг байсан гэх. Тодруулбал, та бидний аав, ээж одоо тодорхой ажил эрхэлдэг ч нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт нь 1990-2000 оны хооронд тасарчихсан байгаа бол түүнийгээ нөхөн төлөх боломжтой болсон. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” тухай хуульд зааснаар дээрх шалтгаантай хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шимтгэлээ нөхөн төлөх юм байна. Хэрэв таны тасарсан жил 10 бол хамгийн дээд тал нь 78200 төгрөгийн шимтгэлийг нөхөж төлөх юм байна. Үүнээс бага жил тасарсан бол илүү багыг төлнө гэсэн үг. Ингэснээр таны ажилласан жил нэмэгдэж, тэр хэрээр тэтгэврийн хэмжээ өснө. Хүн ам, нийгмийн хөгжлийн яамнаас яг ямар шалтгаанаар ажилгүй болсон хүмүүс энэ хуульд хамрагдах талаар тодруулсан юм. Мөн ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг асуулаа.
Ажиллаж байсан газар нь татан буугдсан, эсвэл цомхотголд орсон, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болоод чөлөөлөгдсөн, өөрөөсөө үл шалтгаалж ажилгүй болсон хүмүүс даатгалаа нөхөн төлөх боломжтой гэнэ. Үүнд онцолж байгаа нэг зүйл нь тухайн онуудын хооронд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бол уг хуульд хамрагдахгүй юм байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ нэмж тооцуулсан хүмүүс 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн тэтгэврээ авах гэнэ. Харин ирэх оны наймдугаар сар хүртэл иргэдийн өргөдлийг хүлээж авах ажээ.
Хэрэв та шимтгэлээ нөхөн төлөхөөр шийдсэн бол оршин суугаа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргана. Өргөдөл гаргахдаа иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргах аж.
Иргэдийн хувьд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ хаяж, үрэгдүүлсэн гэсэн зовлон бий. Ийм тохиолдолд тухайн аймаг, дүүргийн архиваас ажилд орсон тушаалын лавлагааг авах аж. Хэрэв байхгүй бол улсын төв архиваас ажилласан, эсвэл ажилласныг тодорхойлох боломжгүй гэсэн лавлагаа авчрах юм байна. Ямартаа ч өөрийгөө тухайн үед ажиллаж байсан, ямар шалтгаанаар ажилгүй болсон гэдгээ нотлох хэрэгтэй гэнэ. Нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн засаг захиргаа, архивын газрууд энэ хуулийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, хүнд суртал гаргахгүй байх үүрэг хүлээжээ.