Б.Туул
Манай улсад БНЧУ-ын Сенатын танхимын ерөнхийлөгч Ярослав Кубера УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын улс төр, бизнес, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь “Монгол-Чехийн бизнес форум-2019” байв. Уг форум өчигдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдаж, энэ хүрээнд хоёр орны бизнесийн салбарт хамтран ажиллах сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагч компаниуд идэвхтэй оролцож байв. Тухайлбал, уг арга хэмжээнд Чех улсын парламентын Сенатын дарга Ярослав Кубера, Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех улсын бүрэн эрхэт Элчин сайд Ийржи Бродски, Чех улсын эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Боривож Минаарж болон хөрөнгө оруулалт, худалдааны зөвлөгөө өгөх компаниудын төлөөлөл өргөн хүрээтэй оролцож байна. Монголын талаас 70 гаруй компанийн 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Энэ үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын үйл ажиллагааг дэмжих зургаан санамж бичигт гарын үсэг зурж үзэглэсэн юм. Тодруулбал, Чехийн бизнесменүүдийн худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төслийг хэрэгжүүлэх гэрээнд төсөл хэрэгжүүлэгч талууд гарын үсэг зурлаа. Мөн БНЧУ-ын Эдийн засгийн танхим, МҮХАҮТ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг, “Алфакаон” “SICA” компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Монфреш комплекс”, “Ательер Цунами” зэрэг компанийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зургаан санамж бичигт талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Чех улсын хувьд манай улсын худалдаа, эдийн засгийн томоохон түнш орнуудын нэг. Цаашид ч гэсэн Монгол Улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, дэд бүтэц гээд олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэдгийг форумд оролцогчид хэлж байв. Мөн ирэх жил Монгол, Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Тиймээс хоёр орны хамтын ажиллагааг илүү олон салбарт хөгжүүлэхэд форумын гол ач холбогдол оршиж байгааг албаныхан онцолж байв. Чех улсын хувьд аж үйлдвэржсэн улс орон. Тэр утгаараа форумд оролцогчид болон тус улсын зүгээс Монголд уул уурхай, барилгын салбарт хамтран ажиллах, шинэ технологи, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа. Чех улсаас Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй цөөнгүй компаниудын төлөөлөл энэ форумд оролцож байна. Чехийн бизнес эрхлэгчдийн хувьд, Монголын бизнесийн орчин, зарим төрийн байгууллагын албан бичгийн хариу ирэх зэрэг нь хүлээгдэл ихтэй, хурд муутайг эс тооцвол хууль эрхзүйн орчин, виз, тээвэр зууч зэрэг нь өөлөөд байх зүйлгүй, боломжийн санагддаг. Харин улс төрийн байдал тогтворгүй байгаа нь хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр, шинээр хэрэгжүүлэхээр ярьж тохирсон төсөл хөтөлбөрүүд зогсох зэрэг сөрөг талтай байдгийг нуусангүй.
Монгол-Чехийн бизнес форум жил бүр болдог. Үүнд оролцох Чех улсын компаниудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс хоёр улсын бизнесийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах олон боломж байгааг туршлагатай компаниудын төлөөллүүд хэлж байв. Энэ үеэр хоёр улсын бизнесийн салбарт хамтран ажиллаж буй зарим компанийн төлөөллүүдээс сэтгэгдлийг нь сонссон юм.
“Монголд бизнес хийвэл эх оронд нь ажиллаж, амьдрах хэрэгтэй”
Чех улсын “Алфакон” ХХК-ийн захирал Франтишек Теплый:
-Би 1987 оноос хойш Монголд ажиллаж, амьдарч байна. 1992 оноос хойш өөрийн компаниа байгуулаад бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулсан. Өөрийн туршлагаас харахад, Монголд бизнес хийхэд өөрөө энэ эх оронд ажиллаж, амьдрах хэрэгтэй, бизнесийн орчинтой нь танилцах ёстой гэдгийг бизнес эрхлэгчиддээ зөвлөмөөр байна. Бид Монголд пивоны үйлдвэр, спиртийн үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес хийгээд 30 жил болж байна. Мөн уул уурхай, барилгын салбар, хүнсний үйлдвэрлэлийн салбарт өргөн хүрээтэй ажилладаг. Монголын бизнесийн орчин бол сайн. Бидний хамгийн сайн түнш байгууллага бол “Эрдэнэт үйлдвэр” юм. Түншлэгч байгууллагуудын харилцаа хандлага сайн байдаг. Монголд ажиллахад хүндрэлтэй асуудал бараг байхгүй. Хамгийн гол нь энд бизнес хийх бол интернэтээр үйл ажиллагаа явуулах боломжгүй юм, өөрөө энд ажиллаж, амьдрах хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна.
“Эрчим хүчний хэмнэлттэй, эко барилгын төсөлд хамтарна”
“Монфреш” компанийн Маркетинг, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн С.Энхсайхан:
-Чехийн компаниуд гурван жилийн өмнө өөр ажлын хүрээнд Эрдэнэтэд ирж байсан. Тухайн үед бид танилцаж, бизнесийн санаагаа хэлж, ярилцаж байлаа. Харин өнөөдөр бид хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж байна. Чехийн тал бидэнд эрчим хүчний хэмнэлттэй эко барилгыг шийдэл болгож, гаргаж өгөхөөр болсон. Одоогоор бүх төсөл, зураг дизайны хэмжээнд явж байна. Мөн ресторан, зочид буудал зэрэг аялал жуулчлалын чиглэлтэй уялдуулж, европ, монгол дизайныг холбосон сонирхолтой зүйл хамтран хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин