Б.СОЛОНГО
Өмнөх засгийн үед эзэмшсэн 1072 хувьцаагаа “эргэлээ”. “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн цахим хуудаст регистрийн дугаараа бичээд шалгахад ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг та эзэмшжээ” гэсэн утга бүхий бичиг гарч ирж байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигч мөн бололтой. Гэвч бидний Тавантолгойн ордоос эзэмшсэн энэхүү хувьцаа хэзээ хөрөнгийн зах зээлд эргэлдэж, хэзээ мөнгө болж, ашгаа өгөх эсэх нь даанч тодорхойгүй хэвээр байна. Сүүлийн үед энэ талаар дурсаж байгаа ч хүн алга. IPO хийж мөнгө босгох нь байтугай, орд газраа хэрхэн ашиглах, олборлосон нүүрсээ яаж тээвэрлэх гээд наад захын бодлого нь ч алга. Ердөөсөө л “Тавантолгой”-гоо мартчихаж. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг сольчихсон. Баруун Цанхийн олборлолтыг хөрөнгө оруулагчгүйгээр эхлүүллээ гэсэн ч одоогоор зөвхөн хөрс хуулалтын ажил л хийгдэж байна. Тус хэсэгт олборлолт хийх эрхийг авахын тулд гадныхан өрсөлдөж байсан нь саяхан. Өнөөдөр тэдгээрээс нэг нь ч сураггүй. Цаасан дээр бүртгэлгүй хэрнээ цахим хуудаст бүртгэлтэй 1072 хувьцааны ид шидийг ойрын үед үзнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй бололтой. Нөгөө талд нь бэлэн мөнгөний сонголт хийсэн нэг сая 532 мянга 853 хүн бий. Энэ хүмүүсийн хувьд хувьцаагаа Засгийн газарт худалдаж, нэг сая төгрөг авах хүсэлтэй байсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 660 мянган төгрөг бэлнээр авсныг эс тооцвол үндсэндээ энэ мөрөөдөл салхинд замхарсан. Өмнөх засаг амласандаа хүрсэн нэр зүүхийн тулд сонгуулиас өмнө мөнгө босгох хамаг аргаа хэрэглэсэн ч бараагүй. Шинэ Засаг нь гарч ирээд хуучныгаа үгүйсгэж, “шинэчлэл” нэрийн дор бүгдийг байсанд нь буцаав. Тэр цагаас хойш иргэд хувьцаагаа, бэлэн мөнгөө сураглаж, хэсэг эргэлдэж байгаад үндсэндээ өнөөдөр энэ асуудлыг мартацгааж байна. Сонгуулийн дараахан сураглахад хуучнаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан учраа олохгүй, хүлээлтийн байдалтай байна гэж байв. Одоо яам нь хоёр салаад, хариуцаж байсан ажилтнууд нь халагдаж, солигдсон. Ердөө л ганцхан сонгуулиар эрх баригчид солигдонгуут төрийн ажил бүхэлдээ өөрчлөгдсөн нь энэ. Нэг нам нь амласан болж, нөгөө нь түүнийгээ үгүйсгээд өнгөрөв. 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан 1.5 сая хүний мөнгийг бэлнээр нь гаргаж өгөх тухай ирэх оны төсөвт нэг ч өгүүлбэр байхгүй. Зөвхөн эх орны хишиг болох 21 мянган төгрөгөө гүйцэд аваагүй зарим хүний мөнгийг л өгч магадгүй гэсэн. Ингэхдээ илүү мөнгө гарвал гэсэн тодотголтой шүү. Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж, олсон мөнгийг нь иргэдэд өгнө гэж байв. Гэвч ердөө хоёр тэрбум төгрөг цугласан гэсэн мэдээллийг хамгийн сүүлд өгсөн. Эргэлдэх эсэх нь мэдэгдэхгүй хувьцаа худалдаж авах хүсэлтэй компани ч одоо байхгүй биз. Ингээд хувьцаа, бэлэн мөнгөний үлгэр дуусах тийшээ хандав бололтой. Магадгүй хэзээ нэгэн цагт сонголт хийсэн иргэдийн 1072 ширхэг хувьцаа “амилж” ч мэдэх юм. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.