Монгол Улсын гурван сая 238 мянга 479 иргэн 1072 хувьцаатай. Тэд хувьцааныхаа ноогдол ашгийг Тавантолгойн ордоос хүртэнэ гэдгийг сайн мэддэг. 1072 хувьцаатай иргэн бүр “Эрдэнэс-Монгол” компанийн нэг ширхэг хувьцааг давхар эзэмшдэг. Гэвч тэд “Эрдэнэс-Монгол”-ын нэг ширхэг хувьцаандаа хаанаас ашиг хүртэх, тус компанийн бүтцэд ямар компаниуд багтдаг, аль орд газруудад төсөл хэрэгжүүлдгийг сайн мэддэггүй.

“Эрдэнэс-Монгол” компанийг анх 2007 онд байгуулсан, стратегийн ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах харилцаанд төрийг төлөөлөх үндсэн үүрэгтэй. Гэвч тус компани үүсэн байгуулагдсанаасаа хойш 2019 он хүртэл зөвхөн  Шивээ-Овоогийн орд газарт ашиглалтын гурван лицензтэй байв. Ердөө гуравхан лиценз эзэмшдэг байлаа.

Харин 2019 он гарсаар стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг төрийн хувь эзэмшилд шилжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд шинээр ашиглалтын зургаан тусгай зөвшөөрлийг албан ёсоор эзэмших болов. Тодруулбал, Асгатын мөнгө, полиметаллын ордын ашиглалтын дөрвөн, Салхитын мөнгөний ордын ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг албан ёсоор эзэмшиж эхэллээ. Үүнээс гадна Багануурын ордын нийт нөөцийн 52 хувийг агуулсан ашиглалтын нэг тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компани эзэмших боллоо. Ингэснээр “Эрдэнэс-Монгол”-ын эзэмших ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо нэг жилийн дотор гурваас 10 болж нэмэгдэв.

Тус компани өмнө нь  “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иар дамжуулан Оюутолгой ордоос алт, зэс, “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулан Тавантолгойн бүлэг ордоос коксжих нүүрс, Багануур болон Шивээ-Овоогийн уурхайгаас эрчим хүчний нүүрс олборлож байв.

Одоо Асгат, Салхитын мөнгөний ордын ашиглалтын лицензийг эзэмших болсноор мөнгөний зах зээлд хүч үзэх болов. Мөнгөний дээрх хоёр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, иргэн таны хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс-Монгол” компани нь алт, зэс, нүүрс, мөнгөний зах зээлд Монгол Улсыг, Монголын төрийг төлөөлсөн хамгийн гол, хамгийн үнэ цэнэтэй тоглогч боллоо. Үүнээс гадна ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор” үйлдвэрийн төслийг санаачилжээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн баталсан уг төслийн ТЭЗҮ-гээр бол бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжиж, жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Төслийг “Эрдэнэс Стийл” компани БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтран хэрэгжүүлнэ.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор  “Эрдэнэс Монгол” компани нь дулааны шинэ эх үүсвэрт тооцогдож буй нүүрсний давхаргын метан хийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эхлүүлсэн байна. Төслийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Метан” Австралийн “Жэйд Метан” компанитай хамтран хэрэгжүүлж байна.

“Эрдэнэс Монгол” компанийн алсын хараа, хөгжлийн зорилго нь Баялгийн сан болох. Үүний эхлэл болгож  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нараар ахлуулсан ажлын хэсэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ. Уг хуулийг баталснаар “Эрдэнэс-Монгол” компани нь байгалийн баялгаас олсон орлогыг төвлөрүүлж улсын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийдэг, мөн Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртдэг, баялгийн өгөөжийг хойч үедээ өвлүүлдэг дэлхийн жишиг бүхий хөгжлийн загвартай компани болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.10  ЛХАГВА  №139  (6106)