Б.ЭРХЭС
Дархан-Уул, Орхон аймгийнхан цахилгаан, дулааны асуудалгүй болох өдрүүд ойрхон байна. Одоогоор саатаж, гачигдсан зүйл үгүй ч цаашид тулгарч болох эрсдлээс хамгаалах зайлшгүй шаардлага бий гэнэ. Тиймээс дээрх хоёр аймагт ойрын үед эрчим хүчний нэмэлт эх үүсвэр байгуулахаар боллоо. Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймагт ажилласан юм. Төвийн болон хангайн бүсийн аймгуудаа цахилгаан, дулаанаар хангадаг станцуудын ажил, цахилгаан түгээх, дулаан дамжуулах байгууллагуудын өвлийн бэлтгэлтэй танилцах, цаашлаад эрчим хүчний нэмэлт эх үүсвэр байгуулах боломж бий эсэхийг судлахаар дэд сайд дээрх хоёр аймгийг зорьсон хэрэг.
“Өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдсан. Нүүрсний нөөц хангалттай” гэсэн сайн мэдээгээр Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцынхан биднийг угтсан юм.
Үүдээ нээгээд 48 жил болсон Дарханы дулааны цахилгаан станц энэ жил төлөвлөсөн ажлынхаа 98 хувийг хийж гүйцэтгэжээ. Тус компанийнхан Дархан хотыг дулаанаар хангахаас гадна Дархан, Сэлэнгийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангадаг аж.
Дархан-Уул аймгийн Дулааны шугам сүлжээ компанийн хувьд 1964 онд байгуулагдсан учир техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг салбарынхан нь хүлээн зөвшөөрчээ. Тиймээс ч станцын дэргэд 35 МВт-ын хүчин чадалтай өргөтгөл барих ажил эхний шатандаа явж буй юм. Үүнээс гадна хүн ам жилээс жилд өсч байгаа, цаашид боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа учир эрчим хүчний нэмэлт эх үүсвэр найрамдлын Дархан хотод зайлшгүй хэрэгцээтэй байгаа гэж үзэн дээрх өргөтгөлөөс гадна 100 МВт-ын хүчин чадалтай томоохон блок байгуулахаар болжээ. Шинээр байгуулах 100 МВт-ын хүчин чадалтай блок байгуулахыг яамны зүгээс дэмжиж байгааг дэд сайд Д.Доржпүрэв илэрхийлээд ТЭЗҮ-г ойрын үед боловсруулах чиглэл өглөө.
Харин Дархан, Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ компанийн хувьд хэрэглэгчдэд нэг тарифтайгаар үйлчилж байгаа тухай гомдол дэд сайдын чихэнд хүрчээ. Уг нь Засгийн газрын шийдвэр гарч, өдөр, шөнийн цахилгааны тарифыг өөр өөрөөр тогтоосон боловч Дархан-Уул аймагт зөвхөн өдрийн тарифыг мөрдөж байгаа аж. Тиймээс иргэдийн хэрэглэж буй тарифыг өдөр, шөнийн ялгаатай тооцдог болохыг ойрын үед эхлүүлэхийг Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ компанийнханд үүрэг болгов.
Эрдэнэт хотын хувьд ч өвлийн бэлтгэл хангагдсан, ажил хэвийн үргэлжилж байна. Одоогоор энд 30 МВт-ын хүчин чадал бүхий өргөтгөл байгуулахаар төлөвлөжээ. Харин станцын үйл ажиллагаатай танилцсаны дараа дэд сайд өргөтгөлөөс гадна 100 МВт-ын шинэ нэмэлт үүсвэр байгуулах боломжийг судлах ажлыг төрийн өмчит тус компанийн удирдлагуудад даалгалаа.
Эрчим хүчний дэд сайд очсон байгууллага бүрийнхээ ажилчдын нийгмийн асуудал, орон сууцны нөхцөл, цалингийн талаар заавал лавлаж, үйлдвэрчний хорооны дарга нартай уулзаж байлаа. “Орон сууц, цалингийн асуудлаас болоод чадвартай боловсон хүчнүүдээ хувийн компаниудад алдсаар байна. Ард түмэнд илч гэрэл түгээж, дулаан, тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлдэг салбарынхан өөрсдөө зутруу амьдарч болохгүй. Тиймээс эрчим хүчний салбарын хүрээнд ажилчдынхаа нийгмийн асуудалд голлон анхаарна.” гэсэн баяртай үгсийг хэлж, дэд сайд салбарынхаа нийт ажилчдын нийгмийн асуудалд анхаарахаа амлав.
Өвлийн бэлтгэл сайн, цаашдын төлөвтөө анхаарахаас биш ойрын үед тулгамдсан асуудалгүй гэсэн үгсээр угтсан ч очсон төрийн өмчит компани бүр алдагдалтай ажиллаж байгааг дуулгаж байсан нь харамсалтай. Дархан-Уул, Орхон аймгийн эрчим хүчний зургаан байгууллагын ажилтай танилцахад Дарханы дулаан дамжуулах төрийн өмчит компанийн орлого, зарлага тэнцсэн баланстай, бусад нь алдагдалтай ажиллаж байгаа аж.
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвтэй цөөн хором ярилцлаа.
-Монголын томоохон суурин болох Дархан, Эрдэнэтэд хоёр хоног ажиллалаа. Тэдгээр бүсэд хоёуланд нь өргөтгөл байгуулах тухай төлөвлөсөн. Үүнээс гадна 100 МВт-ын хүчин чадалтай шинэ эх үүсвэр байгуулах тухай та ярьж байсан. Шинэ эх үүсвэр байгуулах зайлшгүй ямаршаардлага бий гэж үзэж байна?
-2013-2014 онд шилжих өвлийн ачааллын үед эрчим хүчний дутагдалд орох магадлалтай байгаа. Тэгэхээр үүнээс өмнө асуудлаа яаж зохицуулах вэ, одоо байгаа боломжуудаа яаж ашиглаж 2013-2014 оны өвлийг хэмнэлттэйгээр давах вэ гэсэн асуудал ярьж байгаа. Хоёрдугаарт, энэ бол хэт богино хугацааны үйл ажиллагаа учраас үүнтэй залгаад одоо байгаа суурь хүчин чадлуудаа богино хугацаанд нэмэх, ингэснээр ойрын хоёроос, гурван жилийн ачааллыг багасгах тухай асуудал зайлшгүй юм. Одоо ярьж байгаа Тавдугаар цахилгаан станцыг 2016-2017 онд багтааж барихаар төлөвлөсөн. Харин үүнээс өмнө бусад нэмэлт боломжоороо ачааллыг тэнцвэржүүлэх, нөөцөлж авах хэрэгцээ бий. Дархан-Уул, Орхон гэсэн хоёр томоохон аймгийн хувьд техник технологийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага байна. Мөн аль алинд нь өөрсдийн боломжоо ашиглаад нэмэлт эх үүсвэр байгуулах арга замын талаар ярилцлаа.
-Энэ ажлыг ямар хугацаанд хийх вэ?
-Дарханы Дулааны цахилгаан станцын хувьд өргөтгөлийн 35 МВт-ын асуудал үндсэндээ шийдэгдчихсэн. Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын хувьд 30 МВт-ын өргөтгөлийн асуудал төслийн хэмжээнд яригдаж эхэлж байна. Уг нь энэ өргөтгөлийн ТЭЗҮ аль эрт 2005 онд бэлэн болсон юм билээ. Гэтэл манайхан нэг саад гарангуут нөгөө ажлаа орхичихдог жишгээр үргэлжлүүлээгүй. Үүнээс болоод одоо ТЭЗҮ-г дахин шинэчлэх тухай ярьж байна. 2005 онд хийгдэж байсан ТЭЗҮ одоогийн нөхцөлд тохирохооргүй, өөрчлөгдөх шаардлагатай болчихсон. Энэ хоёр өргөтгөлөөс гадна нэмэлт 100 МВт-ын блок барих ажлуудыг бид ярилцсан. Гэхдээ 2013 оны төсөвт суугаагүй учир өөр бусад эх үүсвэрээс хэрэгжүүлэх үү, Хөгжлийн банк руу хандах уу, эсвэл гадны зээл тусламжаар хийх үү гэдгээ хэлэлцэж тохироод ажлаа эхлүүлнэ.
-Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгаагаа хэлж байсан. Яагаад алдагдалд ороод байна вэ. Ашигтай ажиллах боломж байгаа юу. Ялангуяа эдгээр станцуудын хувьд өргөтгөл бариад, нэмэлт блокоо байгуулчихвал алдагдлаа багасгах, ашигтай ажиллах боломж нэмэгдэх болов уу?
-Өргөтгөл хийгээд, одоо ярьж байгаа шинэ эх үүсвэрүүдээ байгуулчихвал энэ хоёр дулааны цахилгаан станцуудын бүтээгдэхүүний өртөг хямдарна. Ингэснээр алдагдал нь эерэг тийшээ шилжих, цаашид ашигтай ажиллах боломж байгаа. Дарханы дулааны цахилгаан станцын хувьд гэхэд 1964 онд байгуулагдсанаас хойш хийгдсэн ажил үр дүнгийн хувьд тухайн үедээ л нийцэж байснаас биш хэтдээ үр ашгаа хангалттай өгч байсангүй. Үүнээсээ болоод үйлдвэрүүд алдагдалтай ажиллах нөхцөл бүрдчихэж. Хоёрдугаарт, тэнд ажиллаж байгаа менежментийн багийн асуудал. Тэнд үнэхээр сэтгэлээсээ хандаж, эх үүсвэрүүдийг зөв зохистой ашиглаж байсан бол ашигтай биш юм гэхэд алдагдлын хамгийн бага төвшинд очиж болох байсан гэдгийг удирдлагууд нь ч өөрсдөө ойлгосон.
-Энд ярьж байгаа хоёр өргөтгөл, хоёр нэмэлт эх үүсвэрийн санхүүжилт хаанаас хийгдэх бол. Бүгд улсын төсвөөр байгуулах хөрөнгө оруулалтын ажил уу?
-Эх үүсвэрүүдийн хувьд өөр өөр хэлбэртэй. Гадаадын зээл тусламжаас гадна төсвөөс санхүүжүүлэх юм.
-Эрчим хүчний үнийг бодохдоо хоёр тарифыг мөрдөхгүй байгаа тухай иргэдийн гомдол ирж байгаа гэсэн. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Иргэдэд зориулж, тэдний нуруун дээр байгаа ачааллыг бууруулах зорилгоор энэ хоёр тарифыг бий болгосон. Үүнийг зарим нь хэрэгжүүлээгүй байна. Энэ нь ч олон талын шалтгаантай байх. Гэхдээ шалтгаан тоочих нь гол биш. Тийм учраас нэгэнт хууль журам гарсан л бол түүнийгээ дагаж мөрдөх ёстой. Хувийн ч бай, төрийн ч бай компаниуд хуулиа дагаж ажиллана. Хоёр тарифыг мөрдсөнөөр иргэдийн хувьд тодорхой хэмжээний санхүүгийн хувьд ачаалал багасна. Цаашлаад эрчим хүчний хэмнэлт хийх боломжууд гарч ирэх талтай.