Ц.МЯГМАРБАЯР
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах асуудал хүлээгдсээр энэ онд багтаж гаргах эсэх нь эргэлзээ төрүүлсээр байсан юм. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн компани гадны хөрөнгийн биржид хөрөнгө босгоно гэдэг нэлээд цаг хугацаа шаардлагатайгаас гадна олон улсын стандартыг хангахгүй гэдэг нь тодорхой гэдгийг мэргэжлийн экспертүүд хэлж байсан. Тэгвэл энэ ажил нааштай болж бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Харин охин компани байгуулах шаардлагатай болжээ. Тиймээс Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд охин компани байгуулж, түүгээр дамжуулан IPO гаргах нь цаг хугацаа болон стандартын шаардлага хангахад тохиромжтой гэж үзсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Түүнчлэн Казахстан улсын жишээ татахад Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тус улсын томоохон компани IPO гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байсан.Тиймээс бид охин компани байгуулах шаардлагатай байна хэмээн тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, Зүүн Цанхид зөвхөн нэг тусгай зөвшөөрөлтэй талбайн 30 хувьд хэсэгчлэн гаргах аж. Учир нь одоогийн нөхцөлд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компаниар гаргахад нөөцөө алдах эрсдэлтэй аж. Тус компани зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөлтэй. Үүний хоёр зөвшөөрөлтэй ордод үйлдвэрлэлийн нөөц, таамаглал, ТЭЗҮ-гээр олборлох үйл ажиллагаа явагдаж байгаа. Бусад “Бор тээх”, “Онч хараа”, “Оорцог” зэрэг толгойд хайгууль дахин хийж нөөцийг баталгаажуулах шаардлагатай.
Эдгээр орд нь ойролцоогоор 7.4 тэрбум тоннын нөөцтэй. Үүний 1.4 тэрбум тонн нь коксжих нүүрс, 2.5 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрсний нөөцтэй гэсэн таамаг бий. Тэгэхээр энэ таамгийг баталгаажуулах, чанарыг нь өсгөх ажлыг хийлгүйгээр IPO гаргах нь эрсдэлтэй юм. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой”- н IPO гаргах ажлыг түргэсгэх, түүнчлэн олон улсын стандартад нийцүүлэх шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд охин компани байгуулах нь хамгийн тохиромжтой хувилбар гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Баруун Цанхи дахь 1.4 тэрбум тонн коксжих нүүрс болон үйлдвэрлэлийн 6.0 орчим тэрбум тонн нөөцийг баталгаажуулах хайгууль өрмийн ажил дахин хийх шаардлагатайн зэрэгцээ хөрөнгө оруулалт болон санхүүгийн эрсдэл түүнчлэн иргэдийн ойлголтыг зөв болгох зорилгоор Зүүн Цанхийн зөвхөн нэг тусгай зөвшөөрөлтэй талбайн 30 хувийг гадны хөрөнгийн биржид гаргах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой”-н дэргэд охин компани байгуулах юм.
IPO хийхийн тулд нөөц нь таамаг төдий байгаагаар нь нэг дор бүгдийг нь гаргах уу, эсвэл хөрөнгийн үнэлгээгээ үе шаттай хийж байж гаргах уу гэсэн сонголттой тулгарсан. Тиймээс эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийн саналыг сонссноор охин компани байгуулж, хэсэгчлэн гаргах нь нөөцөө авч үлдэх боломжтой гэдгээр энэ шийдэлд хүрч Засгийн газрын хуралдаанд оруулах болсон гэж салбарын сайд тайлбарласан юм. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох нь тогтсон стандарттай байдаг. Монгол Улсын хувьд төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа учраас тодорхой асуудлууд тулгарч байна. Дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлүүдээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм журам зэрэг холбогдох бүх асуудлыг эхний ээлжинд цэгцлэх ёстой. Дараа нь энэ бүхнийгээ орчуулуулдаг. Эдгээр ажил 80 гаруй хувьтай байна. Үндсэндээ дотоодоос шалтгаалах бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж хэлж болно. Сайдын хэлсэнчлэн охин компани байгуулаад, үүгээр дамжин IPO гаргах нь Монгол Улсын хувьд нөөцөө авч үлдэх хувилбар гэж үзээд, охин компани байгуулахаар ажиллаж байна. Компанид дөрвөн зөвлөх болон санхүүгийн шинжээчид, аудитын байгууллага ажиллаж байна” гэсэн юм.
Ийнхүү төрийн өмчийн компанийн дэргэд охин компани байгуулснаар нөөцөө авч үлдэх давуу талтайг онцолж байсан юм. Хэрэв охин компани байгуулах санал дэмжигдвэл IPO хийх ажлыг гүйцэтгэж байгаа одоогийн баг тус компанид шилжин ажиллах учраас ажил хүлээгдэлгүй урагшлах болно гэж байв.
Эх сурвалж: www.polit.mn