П.Долгорсүрэн

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгаан дээр үндэслэн  ядуурлын түвшинг өнөөдөр /06.21/ танилцууллаа.  Манай орны ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ. Хэдий ядуурлын түвшин буурсан ч олон иргэд ядуурлын шугамнаас дээгүүр түвшинд байна. 2018 оны ядуурлын шугамыг 25 хувиар нэмж үзвэл одоо байгаа ядуучуудын тоон дээр 475 мянган хүн нэмэгдэхээр байна. Эдгээр “ядууралд ойрхон” хүмүүс аливаа сөрөг хямрал үүсэхэд эргээд ядууралд өртөх эрсдэлтэй байдаг. Түүнчлэн иргэдийн хэрэглээ өндөр болсон нь үнийн өсөлттэй холбоотой. Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээний өсөлтийг 2016-2018 онтой харьцуулахад 3.9 хувь өсчээ.

Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас шалтгаалан суурин газрын ядуурал нэмэгдэж байна. Тухайлбал, ядуурлыг бүс нутгийн хэмжээнд авч үзвэл зүүн бүсэд 6.6, баруун бүсэд 4.3, хангайн бүсэд 2.7, төвийн бүсэд 0.7 хувиар буурсан бол Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгджээ. Түүнчлэн ноолуурын үнэ 2016 оныг 2018 онтой харьцуулахад 20 хувиар өссөн байгаа юм. Хөдөө орон нутагт мал аж ахуйн орлогын өсөлт өндөр байгаа нь хөдөөгийн иргэдийн орлого өсөхөд нөлөөлж байна. Харин суурин газарт хувийн бизнесиййн орлого буурсан нь хот суурин газарт хувийн бизнесийн орлого буурсан нь хотын ядуу өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.

“Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хурал бол дөнгөж эхлэл. Бид цаашдаа олон зүйлийг нарийвчлан судалж учир шалтгааныг ирэх аравдугаар сард танилцуулна” хэмээн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.

www.polit.mn