Ц.БАЯР
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Тавдугаар сарын 27-ноос энэ сарын 10-ны хооронд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах ажлыг амжилттай зохион байгуулж, цахим системээр төсөл хүлээн авах сүүлчийн өдөр өчигдөр буюу энэ сарын 10-наар тасалбар болсон. Төсөл хүлээн авах ажлыг 21 аймаг, нийслэлийн гурван цэгт хүлээн авлаа. Нийт 2252 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлсэн байна. Хүссэн зээлийн хэмжээ 487 тэрбум төгрөгт хүрсэн. Бүх төсөл өөрийн кодоор бүртгэгдэж цахим системд орсон. Орон нутагт 1631, Улаанбаатар хотод 1411 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ. Энэ удаагийн төсөл хүлээн авах ажилд орон нутгийн иргэд идэвхтэй оролцсон” хэмээн онцолж байв.
Орон нутгаас ирүүлсэн зээлийн хэмжээ 106 тэрбум, нийслэлд 381 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн байна. Сонгон шалгаруулалт журмын дагуу явагдана. Энэ жил ЖДҮХС-гаас 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгоно. Харин ирсэн төслийн зээлийн хүсэлт үүнээс 10 дахин их дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮ хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол их байгааг илтгэж байна хэмээн сайд мэдэгдэж байна. Цаашид хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэллээ. Банкаар дамжуулж зээл авах болзол хангасан 11 иргэн, 186 аж ахуйн нэгжийн 144 тэрбум төгрөгийн хүсэлтэй төслүүд ирсэн аж. Нийт болзол хангасан 1200 төсөлд дараагийн шатны шалгаруулалтыг оноо өгөх байдлаар шалгаруулан цахимд мэдээлэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn