С.УЯНГА

Монгол Улсын эрчим хүчний 60, төвийн бүсийн эрчим хүч, нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж буй Багануурын уурхай 40 гаруй  жил ажиллажээ. Нүүрсний ил уурхайн бүтээн байгуулалттай  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын албаны хүмүүс танилцсан юм.  Ерөнхий сайд уурхайчидтай уулзах үеэрээ “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс сайн хийхийн тулд цаг тулгаж бус зуны эхэн сард уулзаж байна” гэдгийг онцлов.

812 сая тонн нүүрсний нөөцтэй “Багануур” хувьцаат компани 1121 ажилтантай.  200 жил ажиллах хүчин чадалтай гэх тооцоолол бий. Гэтэл жилд дөрвөн сая тонн нүүрс олборлодог, улсын эрчим хүчийг дангаараа шахуу хангадаг өргөн зах зээлтэй ч компанийн тусгай зөвшөөрөл өнөөг хүртэл маргаантай, нүүрсний борлуулалтаас алдагдал хүлээдэг, өр төлбөр ихтэй, техникийн хүчин чадал муутай зэрэг багагүй тулгамдсан асуудал байгааг Ерөнхий сайдад танилцууллаа. Компанийн захирал Э.Номинчулуун “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан. 2018 онд 24 тэрбумыг улсад төвлөрүүлсэн. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Хөрс хуулалт хагас жилийн хоцрогдолтой. Их засвар шаардлагатай байгаа.Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо харин лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Мөн санхүүгийн чадавхийг сайжруулах, дараагийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгоход “Монгол нүүрс төсөл”-ийн хүрээнд хийгдсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 36.3 тэрбум төгрөгийг компанид оруулсан хөрөнгө оруулалтаар бүртгэх шаардлагатай” гэсэн юм. 

130 метрийн гүнээс нүүрсээ авдаг “Багануур” хувьцаат компани тонн нүүрсийг 34600 төгрөгийн өртгөөр уурхайгаас гаргадаг бол 31500 төгрөгөөр станцуудад өгдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 3000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж. Харин энэ асуудлыг шийдвэрлэхдээ нүүрсний үнийг нэмэхэд хүндрэлтэй. “Тиймээс албаны болоод эдийн засгийн сахилга батаа сайжруулж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Ямар ч байсан нүүрсний үнэ нэмэхгүйгээр ашигтай ажиллах гарцийг судал” гэдгийг Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад хэллээ. Үүнээс гадна уурхай нүүрсийг бодит өртгөөс доогуур үнээр борлуулж ирснээс үүдэлтэйгээр 153 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаагийн 28 тэрбумыг бэлтгэн нийлүүлэгч байгууллагад, 22 тэрбумыг татвар, нийгмийн даатгал, 36.3 тэрбумыг нүүрсний төслийн зээл зэрэгт зарцуулах шаардлагатай байгаа аж. Харин өрийнхөө ихэнхийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа юм байна.

Уурхайд ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд 1998 оноос хойш шинэчлэгдээгүй хэт хуучирч, хугацаа дуусч хүрэлцээгүйгээс 2015 оноос хойш хөрс хуулалтыг оператор компаниар хийлгэх зэргээр уурхайн хүчин чадлыг хязгаарлаж, зардлыг нэмэгдүүлж байгааг уурхайчид хэлж байна. Зөвхөн хөрс хуулалт хийлгэхэд 2017 онд 2.1 сая, 2018 онд 883 сая төгрөгийн илүү зардал гаргасан байна.

“Багануур” хувьцаат компанид тулгамдаж буй бас нэг асуудал нь ордын тусгай зөвшөөрөл юм. Уурхайн лицензийн маргаан “Алтайн голд”, Багануур ХК-ын хооронд 13 жил үргэлжилсэн байна. Дээд шүүхээс ордын тусгай зөвшөөрлийг энэ оны дөрөвдүгээр сард уурхайн талд шийдсэн. Мөн хүрэн нүүрсний ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийж 94649 ам.долларыг улсад төлсөн ч одоо “Алтайн гянт” хэмээх компани эзэмшдэг байна. Тиймээс хүрэн нүүрсний ордыг “Багануур” ХК-д эзэмшүүлж өгөхийг холбогдох албаныхнаас хүслээ. Харин компани зардлаа багасгаж, өр төлбөрөө нимгэлэхийн тулд уурхай эдийн засгийн хэмнэлт багагүй хийж байгаагийн нэг нь 2018 онд эксковаторын шанагаа өөрсдөө үйлдвэрлэж 2.6 тэрбум төгрөг хэмнэсэн. Мөн утаагүй шахмал түлш, ус шүүрүүлэх байгууламжийн техник шинэчлэл, уулын станцыг шинээр барих, уурхайн машины эд анги засварлах зэрэг 5-6 төсөл бэлэн байгаа гэв.

Уурхайтай танилцсаны дараа салбарын сайд Д.Сумъяабазар “Уурхайд шинэчлэл хийх цаг болсон. Олон улсын байгууллагуудтай ярилцаж 500 саяас тэрбум ам.долларын зээл авахаар удаа дараа хүсэлт тавьсан. Англи, Канад нааштай хариулт өгсөн. Мөн нүүрс олборлолтыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. Тусгай зөвшөөрлийг ойрын хугацаанд судалж шийдвэрлэнэ” гэсэн байр суурь илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.11  МЯГМАР  №118  (6085)