Р.ОЮУН

Хэл мэдэхгүй хүү харийг зорьсон нь

Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор яруу найрагч, орчуулагч, “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Дарьзавын Борыг урьсан юм. Тэрээр Санзайд мөнх ногоон цэцэрлэг байгуулчихаад өөрийнхөө хэрэглэх хүнсний ногоо, жимс, жимсгэнийг тарьсан шигээ амьдарч байна. Д.Бор гуай “Би Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин ард Дарьзавын ес дэх хүүхэд нь болж мэндэлсэн. 10 хүүхдийн дундаас арай сул, бичиг цаастай зууралдсан бяцхан сэхээтэн. Манай ах эгч сургуульд яваагүй ч бүгд алдар цуутай, ажилч хөдөлмөрч хүмүүс байдаг. Аав минь нутаг усандаа нэр хүндтэй, төлөв даруу, номхон Дарьжав хэмээн хүндлэгдсэн хүн байсан. Тэр үед сургуульд хүүхдээ өгөх сонирхолтой хүн байгаагүй. Харин ч бага ангийн багш нар малчдынхаар орж сургуульд орох насны хүүхдүүдийг цуглуулдаг байсан. Тиймээс гэрээсээ хамгийн хэрэгцээ багатайгаараа Онгон сумынхаа бага сургуульд орж байлаа” хэмээн хуучилсан юм.

Д.Бор V ангиасаа Зүүнбаянд, VI ангиасаа эхлээд аймгийнхаа төвийн 10 жилийн сургуульд суралцаад 1963 онд төгсөөд ЗХУ-ын Ленинградын Хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан болж явжээ. Тухайн үед хүний эрх, дуртай мэргэжлээ сонгоно гэж байдаггүй. Ангийн багш нь ирсэн хуваарийг тараадаг байсан аж. Тиймээс сургуулиас бүх шалгалтаа онц өгсөн хоёр хүүхдийн нэг нь байсан болохоор сурлага сайтай хүүхдийг явуулна гээд хүчээр гадаад руу явуулсан байна. Уг нь эмч болох сонирхолтой байсан болохоор гадаадын хуваариа бариад Дээд боловсролын хороон дээр очоод хувийн хэргээ авъя. Би анагаахын сургуульд оръё гэхэд нь “Чамайг 10 жил сургасан, одоо хаашаа явуулахаа улс мэднэ” гэснээр ЗХУ-ыг зорьжээ.

Анх хэл мэдэхгүй харийг зорьсон хүү таван жилийн дараа агрономч буюу ургамал судлаач мэргэжил өвөрлөн эх орондоо ирж Дорнод аймгийн Халхголоос Говь-Алтай аймгийн Гуулингийн тал хүртэл эх орны чухал газарт ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал усжуулан тариалж, судалж, ургуулж ирсэн сайн мэргэшсэн мэргэжилтэн болов. Мөн 1968-1971 онд Дорнод аймгийн Халхголын хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станцад эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1971-1981 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1981-1983 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэл /МХЗЭ/-ийн Төв хорооны II нарийн бичгийн дарга, 1983-1987 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд секторын эрхлэгч, 1997-1998 онд Монгол мэдлэгийн их сургуульд дэд захирал, 1998 онд хөдөө аж ахуйн анхны хувийн дээд сургууль Монгол фермерийг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь гурван жил ажиллажээ. Сүүлд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд судалгааны ажил хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.

Тэрээр хавар хөдөө явж өөрийн биеэр тариалалтаа хийж, зунжин арчилж тордон судалгаагаа явуулж дуусаад намар ургацаа хурааж ирээд шинжилгээ хийн үнэлгээ өгч, түүнийхээ үр дүнг өөрийн биеэр гаргаж тайлагнадаг байжээ. Олон жил хөдөө хөхөрч, гадаа гандаж, өөрийн хийсэн судалгааныхаа дүнгээр 1980 онд “Монгол орны цөлөрхөг хээрийн бүсэд олон наст тэжээлийн ургамал тариалах усалгааны горим, бордооны нөлөө” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан аж.

Элдэвтэй хүн

Хөдөлмөрийн баатар Чулууны хамт царгасны талбайд. 1973 он.

Д.Бор гуайг найзууд нь элдэвтэй хүн гэдэг юм билээ. Учир нь эрдэмтэн, багш, тамирчин, дуучин, хөгжимчин, яруу найрагч, орчуулагч юм байна. Их зохиолч Д.Нацагдоржийн хөдөө талаар соёлын үрийг тарина гэдэг шиг таван жил гадаадад сурсан залуу Халхголд гитар, ширэн бөмбөг хоёртой иржээ. 1990-ээд оны дундуур тахийг Хустайн нуруунд нутагшуулахад тэрээр их сургуульд багшлахын зэрэгцээ зуныхаа амралтаар тэнд хэдэн жил ургамал судлалын зөвлөгчөөр ажилласан аж. Тэгээд Хустайн төвд дөнгөж сургууль төгссөн залуухан биологичидтой ажиллахаас гадна их сургуулийн оюутнууд дадлага, судалгааны ажилд зөвлөхийн зэрэгцээ тус цогцолборт газрын ургамалжил, бэлчээрийн даацын судалгаа хийдэг байж. Мөн ажлын дараа нар шингэтэл ширэн бөмбөг алгадаж, дараа нь хураалттай түлээн дээр юм уу, төвийн дэргэдэх горхины зүлгэн дээр сууж гитар дарж дуулахад бусад нь дагаж дуулдаг байв. Мөн Халхголд байхдаа гурван жил дараалан сумын наадамд түрүүлж заан цол авсан бол Говь-Алтай аймгийн Гуулинд ажиллахдаа волейболын тэмцээнд таван удаа аваргалж энэ спортоор I зэрэгтэй тамирчин болжээ.

Түүгээр ч барахгүй түүний нэлээд хэдэн дуу нь Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байгаа гэсэн. Шинэ аж ахуй, шижигнэсэн залуусыг сурвалжлахаар Гуулинд очсон Монголын радиогийн сурвалжлагч С.Амбасэлмаа Д.Бороор хоолойг нь сөөтөл дуулуулаад явжээ. Тэгээд удалгүй тэрээр эх орон даяар

Сүргийн дэргэдээс цайвалзсан

Сүйх цагаан гэрүүд байна

Сүүгээ өргөөд хоцорсон

Миний ээжийн бараа юу даа…хэмээн радиогоор уянгалуулан дуулах нь тэр. Радиогийн захидлын хэлтэст Д.Борын дууг сонсох гэсэн хүсэлт, захиалга эх орны өнцөг булан бүрээс дарах болсон нь түүнийг уран сайханч болгожээ.

Хот, хөдөөгийн хүүхэд багачууд түүнийг дуурайн дуулж, үдэшлэг, уулзалтад урих юмсан гэх болсон нь дарга нарын хараанд өртөхөд хүргэсэн байна. Нэг өдөр МХЗЭ-ийн Төв хорооноос дуудаж Төв хорооны II нарийн бичгийн даргаар дэвшүүлэхээр болж Ю.Цэдэнбал даргатай уулзуулахад “Аль нутаг вэ” гэж асуугаад залуучуудын дунд орж ажилла, дуулж хуурдаад өөртөө тат гэсэн даалгавар өгчээ. Даргын өрөөнөөс гарч МХЗЭ-ийн Төв хороо руу очиход ээлжит бус хурал болж байлаа. Тэгээд үзэл суртлын ажил эрхлүүлэх гэж байгааг нь мэдээд бүр сандрав. Тэр ажлыг нь цахилгааны инженер Ж.Бадраа хариуцахыг сонсоод бүр гайхаж, агрономич хүнд үзэл суртлын ажил үүрүүлэхийн учрыг ойлгосонгүй. Ингэж урансайханч Д.Бор ухуулагч болов. Тэрээр улс төрийн ажилтан ухуулагч үүрэгтэй дарга байснаас урансайханч хэвээрээ үлдэх минь гэж бодох үе багагүй байжээ.

Мөн тэрээр Оросын яруу найрагч Сергей Есениний “Аяа миний амин хайртай Орос орон мину”, Александр Пушкиний шүлгүүд, Расул Гамзатовын “Шүлэг найраглал”-ыг орчуулан хэвлүүлж нийтийн хүртээл болгосон байна. Хүүхэд байхын дуу хуурт дуртай байсан. Сургуулийнхаа олон удаагийн аварга дуучин, биеийн тамирын хичээлд ялгаагүй. Сургуульд байхын сурлага, урлаг, спортод идэвхтэй оролцдог байсан. Ленинградад Пушкин хотод Пушкины гишгэж байсан газар нь гишгэж, амьсгалж байсан агаараар амьсгалж, сурч байсан лицейд нь сууж байсан сандал  ширээн дээр нь сууж байхдаа энэ хүний бичсэн зүйлийг уншиж ойлгоод үүнийг нь монгол хүнд хүргэх юмсан хэмээн боджээ. Олон хүн Пушкины зохиолыг орчуулж байсан ч би өөрийнхөөрөө орчуулсан. Дуунд дуртай болохоороо шүлгийг нь мэдэхгүй учраас өөрөө зохиогоод дуулдаг байлаа. Үеийнхэндээ хэлэхээр үнэмшихгүй шоолдог байсан. Ер нь уншихгүйгээр гэгээрнэ гэж байхгүй. Таван жил юу хийх вэ алдартнуудын номыг уншсаар байгаад чемодан дүүрэн номтой ирдэг байлаа. Би их азтай хүн. Алдар цуутай, ажилсаг, хөдөлмөрч, авьяастай агуу хүмүүстэй ойр дотно, нүүр тулан ажиллаж байснаараа бахархаж байв.

Тэрээр Төрийн шагналт, нэрт яруу найрагч О.Дашбалбарын авга ах ажээ. Нийтлэлийн баатар маань О.Дашбалбарын аав миний ээжийн төрсөн дүү. Бид хоёр 12 насны зөрүүтэй. О.Дашбалбарыг эхийнхээ хэвлийд байхад би Наран суманд гуравдугаар ангийн сурагч байлаа. Ээжийг нь Цэрмаа, аавыг нь Шархүүхэн гэдэг байсан болохоор бид Шар ах гэнэ. Сүүлд Очирбат гэсэн нэртэй болсон хэмээн хуучилсан юм. Д.Бор Монголын их яруу найрагт өөрийн гэсэн орон зайтай, өвөрмөц шүлэгтэй нэгэн ажээ. Тэрээр “Алтан-Овоо”, “Шилийн богд”, “Товч толь”, “Тод толь”, “Гангийн цагаан нуур” хэмээх шүлэг, яруу найргийн номоо олны хүртээл болгосон байна.

Нэг гэрийн таван доктор

Хүүхдүүддээ үглэх биш үлгэрлэх хэрэгтэй. Үүний ач буян ч байна. Миний охин, хүү, бэр гурвуулаа эрдэмтэн, дээд сургуульд багшилж байна. Миний хань бас эрдэмтэн. Үүнд миний өчүүхэн ч гэсэн нэмэр бий. Алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг чинь үнэн үг. Би алтан үеийн алтан хүмүүсийн дунд явж байгаад жаахан шарласан. Миний хажууд байгаа хүмүүс бас шарласан. Наад зах нь худал хэлж, хулгай хийдэггүй. Хэлэх гэсэн үгээ хэн гуайгаас ч айхгүй хэлнэ.

Миний эхнэрийг Жадамбын Цэцэгээ гэдэг. Би эмч болох гээд чадаагүй болохоор маш сайн эмч эхнэр авсан. Монголд хүний зүрхэнд хүрсэн анхны эмэгтэй гэж хэлж болно. Анагаах ухааны их сургуулийг 1972 онд төгсөөд тэр үеийн алдартай эмч зүрхний гэгдэх Шагдарсүрэн, Ичинхорлоо, Бундан нартай гуравдугаар эмнэлэгт хамт ажиллаж байсан. Мөн зүрхний мэс заслын тасгийн даргаар ажиллаж байгаад хоёрдугаар эмнэлэгт эмнэлэг эрхэлсэн орлогч, АШУҮИС-д бас олон жил багшилсан. Одоо хувиараа “Цэцжин” гэдэг эмнэлэгтэй. Цэцтэй оношилж, жинтэй эмчилнэ гэсэн утгатай. Шинжлэх ухааны доктор. Миний хань залуудаа циркийн агаарын гимнастикчин байсан. Б.Норовсамбуу, Д.Ягаанцэцэгтэй нэг өдөр, нэг тушаалаар циркт орж байсан. 10 жилд байхдаа л социалист бүх орноор явж үзүүлбэрээ үзүүлдэг байлаа. Одоо олон улсын иогийн багш. Бид охин, хүү хоёртой. Охин Амартүвшин маань анагаах ухааны их сургуулийг төгссөн, эмч мэргэжилтэй, Японд докторын зэрэг хамгаалсан. Одоо Монгол үндэсний их сургуульд багшилдаг. Харин миний хүү Амарсанаа МУИС-ийн олон улсын харилцааны сургууль төгссөн, ОХУ-д эдийн засгийн ухааны докторын зэргээ хамгаалсан. Санхүү эдийн засгийн их сургуульд багшилж байна. Харин бэр Г.Уранбайгаль маань уул уурхайн мэргэжилтэй, ШУТИС-д багшилдаг, мөн ОХУ-д уул уурхайгаар докторын зэрэг хамгаалсан хүн бий хэмээн гэр бүлийнхнээ бахархалтайгаар танилцуулсан юм.

Амьдрал ухаан дээр тогтдог

Гэргий Ж.Цэцэгээгийн хамт. 1976 он.

Бодож, санаснаа шуудхан хэлчихдэг тэрээр хүн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдардаг байх ёстой. Гэтэл манай өнөөдрийн нийгэм хүнтэй нь биш хувцастай нь, ажилтай нь биш албан тушаалтай нь харьцдаг. Өнөөдөр ажил хийж байх ёстой залуучууд нь бар, банкаар дүүрэн, идэхийн төлөө төрсөн баахан улс хотоор дүүрэн байна. Шинжлэх ухаан, техникийн дэвшил гэдэг бол хүн төрөлхтний өөрөө мөхөх зүйл. Би үүнээс ямар азаар хоцроо вэ. Утас гэдэг уяатай, унаа гэдэг чөдөртэй, ач зээ гэдэг аргамжаатай, хүлэмж гэдэг хүлээтэй л явдаг хүн. Би гуанз, ресторан хэсдэггүй, хөгшний минь хийсэн хоол, цайнаас сайхан зүйл үгүй. Ер нь гэр бүл салж сарниж байгаа чинь гэртээ хоол, цай хийдэггүй, үр хүүхдээ асарч хамгаалдаггүй эхнэртэй хүн яах юм бэ. Амьдрал хайр дээр тогтдог гэдэг худлаа. Би бол амьдрал ухаан дээр тогтдог, амраг итгэл дээр тогтдог, айл удам дээр тогтдог, улс өрх дээр тогтдог гэж хэлнэ. Хүмүүс тэтгэвэртээ гарлаа гэхээр л үхлээ хүлээж байгаа юм шиг санадаг. Харин надад тэтгэвэрт гарснаар одоо л өөрийнхөө бодож, санаснаар чөлөөтэй юм хийх боломж бүрдэж байна. Өмнө нь үүрэг даалгавраар юм хийж байсан бол дуртай ажлаа хийж байна. Энэ нь миний шүлэг найраглалаа бичих, орчуулдаг, ногоо, мод бут тарьдаг юу л байна тэр болгоныгоо хийхэд таатай байна. Хүний юмаар хүүдгэнэдэггүй гэсэн сайхан үг байна. Тиймээс мөнх ногоон цэцэрлэг байгуулчихаад өөрийнхөө хэрэглэх хүнсний ногоо, жимс, жимсгэнийг тарьсан. Энийг би дэлгүүрээс аваагүй, өөрөө тарьсан гэж хэлэхэд үнэхээр бахархалтай. Үр хүүхдээ ч гэсэн ийм байгаасай гэж боддог хэмээн нийтлэлийн баатар маань өөрийн үзэл бодлоо илэрхийлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.10  ДАВАА  №117  (6084)