Ч.ОЛДОХ

 

Сэтгүүлч, нийтлэгчид, Ерөнхийлөгчийн Тамгын газрын  дэргэдэх “Иргэ­ний танхим” хамтран  “Баял­гийн хараалаас зуг­тах уу” сэдэвт хэлэлцүүлэг  зохио­лоо. Ерөнхийлөг­чийн Нор­вегит хийсэн  айлчлалын жишээн дээр уул уурхайн хөгжил, ашигт малтмал,  баялгийн хуваарилалтын асуудлаар сэтгүүлчид  Нор­веги руу  явсан багийнхны байр суурийг сонсч, ямар дүг­нэлт хийснийг сонирх­сон юм. Хэлэлцүүлэгт өдөр тутмын сонины эрхлэгч нар болон уул уурхай, эдийн засгийн чиглэлээр бичдэг  сэтгүүлчид, Ерөн­хийлөг­чийн гадаад бодло­гын зөв­лөх Ш.Пүрэвсү­рэн, Там­гын газрын дарга П.Ца­гаан, Уул уурхайн яамны Стратегийн бодло­гын газрын захирал Б.Отго­чулуу нар оролцов.

 

НОРВЕГИЙН ЖИШЭЭ БА МОНГОЛЫН ОРЧИН

 

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өнгөрсөн сард  Нор­веги улсад айлчилж, Ерөн­хий сайдтай нь уулзахдаа олон асуултад тодорхой бөгөөд маш дэлгэрэнгүй хариу  авсныг гадаад бод­ло­гын зөвлөх Ш.Пүрэв­сүрэн онцлов. Энэ нь сэтгүүлч Ерөнхийлөгчийн мэргэжлийн онцлог  байх. Эдийн засгийн хүчирхэг бүс нутаг Норвеги 1800-аад оны үед одоогийнх шиг байсангүй. Хамгийн ядуу улс байсан учраас өлсгөлөнд нэрвэгдэж, иргэд нь олноороо нас барж,  цагаачилж, дүрвэж байсан гэдэг. Тэгвэл ма­най улс арай ч өлсгөлөн, гуйланчлал, цагаачлалд нэрвэгдчихээгүй гэдгээ­рээ өөр юм. Тухайн үед Норвеги улс Европын хол­боонд нэгдэе гэвч ядуу  гээд авдаггүй байсан бол өнөөдөр “Бид баян, танайх шиг ядуу холбоонд элсэх­гүй” гэж ам бардам хэлж чадахаар болжээ. Тэгвэл Европын  хамгийн ядуу өнцөгөөс хэрхэн баян, түргэн хөгжилтэй орон болж чадсан нь анхаарал татна. Түүнийг дагаад Монголоо яаж хөгжүүлэх вэ  гэсэн асуулт гарна.

Норвеги улс 1969 оны арванхоёрдугаар сарыг хамгийн түүхэн үе  гэж үздэг юм байна. Тэр үед  нефтийн маш том нөөц олсноо зар­лажээ. Ингээд гурван жи­лийн турш маш том хэлэл­цүүлэг явуулсан байна. Түүнд ашигт малтмалын баялаг 100 хувь ард түм­нийх, түүнээс олсон орло­го  Норвегийн ирээдүйн сайн сайхны төлөө зар­цуулагдах ёстой, түүнийг хангахын тулд Баялгийн санг бий болгох ёстой гэж үзжээ. Гэтэл манайд эсрэ­гээрээ ирээдүйгээс зээ­лээд  үрэн таран хийчих­дэг. Ирээ­дүйгээ ломбар­данд тавьж, өр зээл хийсэн нь цөөнгүй. Нийтлэлч Л.Мөнхбаясга­лан­гийн хэлснээр Нор­веги газрын баялгаа өр болгоогүй, хойч үедээ өв болгож үлдээсэн улс юм. 

Норвегит  уул уурхай­гаас олж буй орлогоо үр­жүүлэхэд  ихээхэн анхаар­даг юм байна. Гэвч тэр нь  гарт орсон өргөсийг  авчих­тай адил хурдан хэрэгж­сэнгүй. Норвеги улс баял­гийн сангаа баян болгож чадалгүй  нэлээд удсан  гэнэ. Дөнгөж 1996 онд  Засгийн газар нь анхны 300 сая ам.доллараа  баял­гийн сандаа төвлөрүүлж чадсан бол өнөөдөр  650 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр ажиллаж байна. Гэхдээ тэр хооронд цаг хугацааны хувьд бэрхшээлтэй зүйлүүд ч, алдаж оносон юм ч их бий. Баялгийн сан байгуулж ирээдүйдээ  зарцуулахад гайхах  зүйл үгүй.  Харин яагаад түүнийг олон улсын валютын зах зээлд гаргаж ирэв гэдэг сонирхолтой. Уул уурхайн урсгал  олон зүйлийг  хамж авдаг. Тухайл­бал, манайд уул уурхайн компаниуд сал­бар, салбарын хамгийн шилдэг ажилтнуудыг ца­лингаар амлаад авчихсан жишээ цөөнгүй. Тэгвэл Норвеги улс уул уурхайн  тэрхүү соролтоос хам­гаалж, дотоодын эдийн засгаасаа хол байлгаж байгаа нь тэр гэнэ. Ингэж байж бусад салбаруудыг тэнцүү хөгжүүлэх бодлого жинхэнэ утгаараа хэрэгждэг аж.

 

АЛДАГДЛААС АЙЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛЭХ АРГА

 

Норвегичууд алдагдалаас айж сурсан. Тэр утгаараа 2001-2002 оноос аливаа компанийн хамгийн бага буюу нэг хувийг, онцгой тохиолдолд хоёр хувийг   эзэмшилдээ авах болжээ. Ингэснээр өдгөө дэлхийн 900 мянган компанийн нэг хувийг эзэмшиж байна. Хөрөнгө оруулагчид ашигтай бизнест ороход  нэг хувийг нь  худалдаад  авчихдаг. Энэ байдлаар олон компанид хөрөнгө оруулж, эрсдэлээ  багасгадаг. Үл хөдлөх хөрөнгийн тухайд Лондон, Парист  олон жилийн өмнө үл хөдлөх хөрөнгө худалдаж авчээ. Уул уурхайнхаа хэдэн хувийг  гадаадад гаргаж, дотооддоо хэдэн хувийг ашиглахаа маш нарийн тооцдог байна. Тэр нь үсрээд дөрвөн хувь, ихэнх тохиолдолд түүнээс бага байдаг.  Ирэх оных нь  төсөвт 3.3 хувиар туссан байна. Энэ нь маш нарийн хуульчлагдсанаас үзэхэд манайд нэлээд сургамжтай юм. Тухайлбал, эдийн засгаа тэнцвэржүүлэхэд. Яагаад ингэж үзэж байна гэвэл, манайд уул уурхайд шүтэх үзэл газар авч, хэт өрөөсгөл байдлаар хөгжиж байгаа нь нууц биш. Уул уурхайг хэт шүтсэнээр бусад салбарууд уналтад орсон, боловсон хүчин дутмаг байгаа, өрсөлдөх чадваргүй гээд олон шалтгааныг тоочиж болох юм. 

 

НОРВЕГИЙН ТӨР САЙН МЕНЕЖЕР, ХАРИН МАНАЙХ...

 

Норвегит хоёрхон зүйл дээр онцгой татвар тогтоожээ. Тухайлбал, байгалийн хий, газрын тос. Түүндээ 78 хувийн онцгой татвар тогтоожээ.  Манайд бол  газрын тос ямар ч хяналтгүй  гадагшаа гарч байгааг шүүмжлэхээс цаашгүй явж ирсэн байх жишээтэй.

Онцгой татвар тогтоохдоо манайх шиг стратегийн орд нэрээр төрийн эзэмшил буюу улс төрийн аль нэг намын мэдэлд авч, тухайн ордын том, жижгээр үнэлдэггүй юм байна. Ингэхдээ ач холбогдлоор нь буюу  тухайн бүтээгдэхүүнээр  авч үздэг. Тийм учраас байгалийн хий, газрын тос хэмээн онцолсон нь учиртай юм. Норвеги төрийн өмчийн олон компанитай. Тухайлбал 100 жилийн түүхтэй усан цахилгаан станц нь төрийн мэдэлд байдаг. Түүнийгээ огт хувьчлаагүй байх жишээтэй. Ер нь  ашигт малтмалын салбарт төрийн оролцоо нэлээд дээгүүр. Тэгсэн атлаа манайд төрийн үйлдвэрүүд маш муу ажилладаг, түүнийгээ төр муу менежер гэж ярьж хэвшсэн бол Норвегит эсрэгээрээ төр харин ч сайн менежерийн үүрэг гүйцэтгэдэг юм байна.