Мөнгөтэй харьцах ухааныг их сургуулиуд оюутан бүрт ягштал нь ойлгуулах боломж хомс учраас залуус мөнгөний тал дээр ямар алдаа гаргадгийг Forbes сэтгүүл онцолжээ.
Алдаа #1:Байр сууцанд хэтэрхий их мөнгө үрдэг
Амьдрах орон гэр чухал ч гэсэн дүрэм бол дүрэм. Байрны түрээсэнд өгч болох дээд талын хэмжээ таны орлогын 28 хувиас хэтрэх ёсгүй. Энэ дүрмийг ягштал баримталж чадвал санхүүгийн асуудалд унах нь ховор.
Хотын төвд тухтай ажил хиймээр байдаг, гэтэл байрны зардал өндөр байгаад байна уу. Тэгвэл хэдэн боломж байгааг та анзаарахгүй өнгөрч мэдэх юм. Хамт байр түрээслэх хүн олох, эсвэл ганцаараа байхыг хүсдэг бол хотоос хол ч гэсэн таны зардлыг хэмнэх байрыг олох хэрэгтэй. Сүүлийн арга нь хотоос гадна амьдарч, тэндээ ажил олох.
Алдаа #2: Сурах зардлаа төсөвтөө багтаадаггүй
Та оюутны зээл авсан бол, эсвэл сургалтын төлбөрөө хэн нэгнээс зээлсэн бол байрны түрээстэй л адилаар үүндээ мөнгө төсөвлөх ёстой. Санхүүгийн зөвлөхүүдийн үзэж буйгаар оюутны төлбөрөө хадгалах, төлөх зэрэг нь байрны зардалтай нийлээд таны орлогын 36 хувиас доошгүй хэмжээнд багтах ёстой аж. Ихэнх оюутнууд оюутны зээлийг хойш тавьсаар дараа нь нэг л өдөр их өрөнд унадаг шүү дээ. Та үүнийг хэр хурдан төлж дуусгана тэр хэрээр санаа амар амьдарч чадна.
Алдаа #3: Тэтгэврийн хадгаламжаа яг одооноос эхэлдэггүй
Ахмадууд “Өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш” гэдэг дээ. Тэр чинь үнэн. Та одооноос л өөртөө тэтгэврийн хадгаламж хийгээд эхэлбэл өтөл насанд хэчнээн тухтай амьдрахаа бодоод үз дээ. Нэг л өдөр бусдын гарыг харах болбол хэнийгээ гэх вэ. Сардаа ердөө л 50 мянган төгрөгийг өөртөө дараа хэрэглэнэ гээд хадгалахад л болно. Санхүүгийн зөвлөхүүдийн үзэж байгаагаар сар бүрийн орлогынхоо долоон хувийг тэтгэврийн хадгаламж гэж цааш хийвэл маш зохимжтой. Та өтөл насандаа хураасан юмтай, хүнээс царай алдах хэрэггүй болно.
Алдаа #4: Мөнгийг яг одооноос хэмнэх ёстой гэдгээ ойлгодоггүй
Дасгал хийж байхдаа уух ус авна гээд л дэлгүүр орох гэж байна уу. Тэгвэл америкчуудын 80 хувь нь зардлаа бүгдийг нь бичдэг гэвэл та итгэх үү. Ингэж тэд мөнгөө хэмнэдэг байна. “Би удахгүй хадгалаад эхэлнэ. Тэрнээс өмнө үүнийг л авах хэрэгтэй” гэж та хэлбэл энэ бол мөнгөө салхинд хийсгэж буй аюултай үйлдэл юм шүү. Мөнгөө хэмнэх арга бол яг одооноос эхлэн хэмнэх бас хадгалах.
Алдаа #5: Мөнгөнийхөө урсгалыг ажигладаггүй
Та мөнгөнийхөө урсгалыг ажиглаж чадвал хаанаас хэчнээн төгрөг олдгоо харна. Магадгүй та энэ бүхнийг ойлгоод нүдэндээ ч итгэхгүй байж мэднэ. Сард хэчнээн төгрөг олж буйгаа бүгдийг нь тэмдэглээд, хамгийн сүүлд тооны машин дээр бодоод үзээрэй. Таны орлого, хэтэвчинд чинь үлдэж байгаа мөнгөний дүн байнга өсөлттэй байвал сайны дохио. Харин олоод байгаа хэр нь үлдсэн зүйл байхгүй бол та мөдхөн мөнгөний асуудалд унахын шинж шүү.
Эх сурвалж: www.polit.mn