Ц.БАЯР

Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргах гэж байгаатай холбогдуулан Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс компаниудад засаглалаа сайжруулах талаар санал хүргүүлж хамтран ажиллахаар болжээ.  Энэ хүрээнд Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран “Сайн засаглал” хөтөлбөрийг нэвтрүүлэхээр болж,  “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр нар гэрээнд гарын үсэг зурсан юм.

Комплаенс гэдэг нь компанийн дотоод хяналтыг олон улсын стандартад хүргэх, засаглалын ил тод байдлыг хангаж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хариуцлагатай уул уурхайн олон улсын шинэ стандартыг нэвтрүүлэх юм. Түүнчлэн олон нийттэй харилцах хөтөлбөр, нийгмийн хариуцлагын олон улсын ISO 26000 стандартын долоон үндсэн зарчмыг хангуулах юм. Ингэснээр тус компани дэлхийн стандартад нийцсэн нийгмийн хариуцлагыг дээдлэгч жишиг компани болно гэж  КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр онцолж байв.

Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулах арга хэмжээнд тус компанийн ажилчид оролцсон юм. Комплаенс нэвтрүүлэх хөтөлбөрийг олон улсын хуульч доктор Ж.Оймандах, нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг КЗҮЗ-ийн зөвлөх, судлаач  Ц.Наранцэцэг нар хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаашид  орон нутгийн болон төрийн  өмчит бусад компаниудад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй  ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn