“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа нээлтийг өнөөдөр /2019.05.01/ хийлээ. Хөрөнгө оруулалтын ажлаар аймаг, орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд болон үйлдвэрлэлд шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрийг хийж, хэрэгжүүлэх юм. “Эрдэнэт” үйлдвэр энэ оны эхний улирлын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-113 хувиар давуулан биелүүлсэн байна.
Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 251 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилт гаргажээ. Ийнхүү 2019 оны нэгдүгээр улирлын ажлаа өндөр амжилттай биелүүлсэн “Эрдэнэт” үйлдвэр энэ оны үйлдвэрлэл, нийгмийн хариуцлагын бүтээн байгуулалтын нийт 193 ажил хйихээр төлөвлөснөөс зураг төсөл, гэрээ хэлцэл нь бэлэн болсон 111 ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үеэр үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд ийнхүү эхэлж, том бүтээн байгуулалт өрнөх боломжтой болж байгаад үйлдвэрийн ажилчдынхаа өмнөөс баярлаж байна. Үйлдвэр маань 41 дэх жилдээ ажиллаж байна. Анх байгуулагдахад нь хамгийн шилдэг, тэргүүний техник, технологи ашигласан байдаг.
Техник, тоног төхөөрөмжүүд цагийн уртад элэгдэж, насжилт өндөр болжээ. Өнөөдрийн бүтээн байгуулалтын нээлт нь үйлдвэрийн хоёр дахь том бүтээн байгуулалтын эхлэл юм. Шинэчлэлийн чиглэлээр нийтдээ 160 сая ам.доллар буюу 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ингээд өнөөдөр бид үйлдвэрийнхээ гол үндсэн цех болсон баяжуулах фабрик, тэр тусмаа молибдений хэсэг дамжлагынхаа өөрчлөн шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байна. Бид дэлхийд шалгарсан техник технологийг нэтврүүлэх болно. Энэ ажил ёслол төгөлдөр эхэлж байна. Хамгийн гол нь энэ дамжлага шинээр суурилагдаж ашиглалтад орсноор баяжуулагч нарын маань аюулгүй байдал баталгаажиж, ажиллах нөхцөл сайжрах юм. Энэ шугам нэвтэрснээр молибдений металл авалт дээшилж, өртөг зардал багасна. Өөрчлөлт шинэчлэлт хийх хамт олонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэрээ “Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн ажилтан албан хаагчдынхаа цалинг 10 хувиар нэмэгдүүлснийг дурьдан хэлэхэд нэн таатай байна” гэлээ.
Эх сурвалж: www.erdenetinfo.mn