Б.СОЛОНГО

Шатахууны үнэ нэ­мэгдэнэ л гэнэ. Түү­нийг дагаад инфляц өснө гэнэ. Шатахууны үнэ нэмэгдэхэд гол буруутан нь үнээ нэмсэн экспортлогч буюу Оросыг нэрлэлээ. Харин удаах бу­руутан нь америк доллар. 

Сүүлийн өдрүүдэд хурдаа огцом авсан ам.долларын ханш яалт ч үгүй буруутан болж таарах нь. Арга ч үгүй биз өмнө нь 1360 хүрэхэд нь өндөр байна гэж үгээ барж байсан бол өнөөдөр хэдийнэ 1400 гараад “талийчихсан”. Арилжааны банкууд ам.долларыг 1405-1408 төгрөгөөр худалдаалж байна. 1395-1397 төгрөгөөр худалдаж аваад 9-10 төгрөг нэмж зарж байгаа юм.

Сарын өмнө ам.долларын ханшийг 1400-д хүрэхэд “Яана аа”-л гэцгээж байсан. Өнөөдөр харин хэдийнэ 1410 төгрөгт дөхчихөөд байхад тэгж сүртэй хүлээж авсангүй. Валютын ханш ингэж чангарахыг уул уурхайтай холбон тайлбарлаж байгаа. Манай улсын экспортын орлого буурсан нь ам.долларын нөөцийг багасгасан гэх. Хамгийн сүүлд Монголбанк арилжааны банкуудад 10.8 сая ам.доллар худалдсан байна. Ямар боловч дуудлага худалдаа алгасахгүй доллар нийлүүлж байна.

Ноён ногоон ч гэлтгүй юанийн ханш ч нэмэгдсээр байна. 198 төгрөгтэй тэнцэж байхад хэвийн гэж байсан бол 225 төгрөг хүрчихээд байхад өндөрт тооцохгүй л юм. Барилга, шатахуун гээд стратегийн салбарууд нь ам.доллараас хамааралтай, импортын бараа бүтээгдэхүүн нь юаниас хамааралтай энэ нөхцөлд энэ хоёр валютын ханшийг ингэж зоргоор нь тавьж болохгүй.

“Төгрөг бол хямрал дамжуулах суваг билээ” гэж саяхан нэгэн эдийн засагч хэлсэн байсан. Хэрэв төгрөгийн чадавхийг сайжруулахгүйгээр үл барам, ингэж зоргоор нь орхивол эргээд сэргээхэд тун хэцүү гэж мэдэгдэж байна.