Ч.ЗОТОЛ
Улаанбаатар дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хэрэглэгч аймгаас-Үйлдвэрлэгч аймаг” уриан дор хөрөнгө оруулалтын чуулганыг өчигдөр нийслэл хотноо зохион байгууллаа. Чуулганд салбарын яам, агентлагийн төлөөлөл, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаач, эдийн засагчид, Улаанбаатар дахь Завхан нутгийнхан, тус нутагт хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өргөнөөр оролцов.
Хүний хөгжлөөс өрх, сум бүр үйлдвэрлэгч
Завханчууд 2019 онд ”Хэрэглэгч аймгаас-Үйлдвэрлэгч аймаг” болохыг уриалж, хөгжлийн гарцаа тодорхойлон эрчимтэй ажиллаж ирсэн байна. Үүгээрээ баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болох загварыг тодорхойлж чадсан. Үүний тулд урьдчилан төлөвлөж, угтаж хөгжих ажлыг эртнээс хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг чухалчилж ирсэн гэдгээ нийслэлчүүдэд танилцууллаа.
Тус аймгийнхан хөгжлийн эхний шатаа өрхийн үйлдвэрлэл гэж үзэн өөрөөр хэлбэл, өрх бүр үйлдвэрлэгч байж бүтээгдэхүүнээ хийдэг, борлуулдаг, зах зээл дээр гаргадаг болохыг зорьсон гэдгийг Засаг дарга Д.Батсайхан онцоллоо. Тухайлбал, тус аймгийн удирдлагууд 2016 оны намраас эхлэн эмэгтэйчүүдийн холбоо, ТББ-уудтай хамтран 24 суманд оёдол эсгүүрийн, 2017 онд эсгий, эсгий эдлэлийн, 2018 онд оёдол, уран хатгамлын ахисан шатны сургалтыг зохион байгуулжээ. Дараа нь сумын төвшинд үйлдвэрлэл эрхлэлтийг хөгжүүлж, сургалтад хамрагдсан өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийнхээ гаргаж буй бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Хамтын хүч-хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдааг жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулж иржээ. Зөвхөн Завханд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр дагнасан үзэсгэлэн худалдаанаас иргэд багагүй ашиг олдог. 2018 онд аймгийн эдийн засгийн үзүүлэлт 16 тэрбум төгрөгт хүрсэн бол 2018 онд 31 тэрбум болж өсчээ. Энэ мэтчилэн завханчууд эхний ээлжинд сум, аймгаа холбосон бүсчилсэн хөгжилд анхаарч ажил хэрэг болгосон бол өнөөдөр улс орны хэмжээнд брэнд болохуйц үйлдвэрлэл хөгжүүлэх, олон улсаас туршлага судалж гадаад харилцаагаа хөгжүүлж бэхжүүлэх асуудлаар “Хөгжлийн загвар”-ыг тодорхойлох том бодлогыг ярьж байна.
“Уул уурхайг бус ургадаг баялгаа ашиглаж хөгжинө”
Чуулганыг нээж үг хэлсэн УИХ-ын дэд дарга, Улаанбаатар дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Я.Санжмятав “Аливаа ажлыг зөвхөн төрийн дэмжлэгээр, төсвийн хөрөнгөөр бус төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцаагаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Аймгийн төвд байгаа балгас болсон барилгуудыг нэг төгрөгөөс эхлэн дуудаж дуудлага худалдаанд оруулах асуудлыг ИТХ, Засаг даргын хүрээнд ярьсан. Хөрөнгө оруулагчид байшингаа бариад эхэлнэ гэвэл ажил хүндрэлтэй. Хамгийн тохиромжтой, дэд бүтэц сайтай газарт газрыг нь, хөрөнгийг нь гаргахад сум орон нутаг ажиллана. Тухайн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч багаж тоног төхөөрөмжөө авч очоод ажлын байр гаргаж, сургалтууд зохион байгуулж ажиллавал манай аймагт хөгжил, ЖДҮ, өрхийн орлого нэмэгдэнэ” гэв. Мөн тэрээр Завхан аймаг уул уурхайн 96 лицензтэй байсан бол 2018 онд 66 болж цөөрсөн. Бид уул уурхайг шүтэж газар нутгаа ухах бус ургадаг баялгаа ашиглаж нутагтаа сайхан амьдаръя. Үзэсгэлэнт байгальтай нутгаа дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг аялал жуулчлалын төв цэг болгож хөгжүүлье” хэмээн уриаллаа.
Завхан аймгийн хөгжлийн тулгуур нь хөдөө аж ахуйн салбар, малаас гаралтай түүхийн эдийн боловсруулах үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл юм. Тэргүүлэх салбарт, аялал жуулчлал, дагалдах салбарт мод, модон эдлэл болон жимс, жимсгэнэ, барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг гол зорилгоо болгожээ.
Завханд хөрөнгө оруулах таван боломж
Завхан аймаг нэг хэсэг зам харилцаа, дэд бүтэц тааруу, эрчим хүчний болоод шилэн кабелийн шугамд асуудалтай байв. Ямар сайндаа “ Завхан явахад зам нь муу, Улиастай ортол улам муудна” гэсэн үг хүртэл гарч байхав. Газар нутгийн онцлог, замын асуудлаас үүдэж хөрөнгө оруулалт удаашралтай явж ирсэн. Тэгвэл өнөөдөр Завхан аймгийн Улиастай хүртэлх 67 км замын ажлын зөвлөх компани шалгарснаар удахгүй ажил нь эхэлнэ. Энэ замын асуудлыг шийдэж оны эцэс гэхэд Улаанбаатраас Улиастай хүртэл хар замаар 12-13 цаг давхиад хүрчих бололцоотой болно. Түүнийг дагаад тээвэрлэлтийн өртөг багасна. Хоёрдугаарт, Увс аймаг руу тавигдаж буй замын хучилтын ажил эхэлбэл баруун талаасаа Увс аймгаас бараа бүтээгдэхүүн татах, нийлүүлэх гол төв хэсэг болох боломж нээгдэнэ. Түүнчлэн баруун талаас ирэх зочид гийчид, дотоодын аялагчдыг нутгаараа аялуулах, дамжин өнгөрүүлэх зочид буудал, жуулчны баазууд бий болж хөгжих боломжтой. Гуравдугаарт, эрчим хүчний хувьд тус аймаг дэд станцуудтай, зарим хэсгээр усан цахилгаан станцад холбогдсон нь хөрөнгө оруулагчдад давуу тал болно. Дөрөвдүгээрт, төвийн эрчим хүчний нэгдсэн системд бүрэн холбогдсон Завхан аймгийн хувьд Могойн гол дээр дулааны станц баригдаад эхэлбэл, эрчим хүчний илүүдлээ хэрхэн ашиглах талаас олон боломж нээгдэх юм. Тавдугаарт, тус аймгийн 24 сумаас хоёр нь шилэн кабельд холбогдоогүй байсныг холбосноор дэлхийн өнцөг булан бүрээс бүх харилцааг өндөр хурдтайгаар дамжуулах, нэвтрүүлэх бүрэн боломжтой болжээ. Дэд бүтцийн энэ хөгжил нь хөрөнгө оруулагчдыг татах, сум, аймаг, бүс төдийгүй олон улсын харилцааг хөгжүүлэх бүх талын бололцоог нээж байна.
З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/: Хоёр хөршийн зах зээлд гарах хэрэгтэй
-Бид хэрхэн нэгдэж, хамтарч ажиллавал Завхан аймаг хөгжих вэ, яавал хөрөнгө оруулалтыг татах вэ гэсэн боломжийн талаар энэ чуулган нэгдсэн мэдээлэл өглөө. Олон талын уялдаа холбоо, харилцаа хамтын ажиллагааг сайжруулахад жил бүр, улирал бүр нутгийн зөвлөл ажил зохион байгуулж явах байх. Хөгжлийн энэ талбар дээр нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд юу хийж байна вэ гэдгийг завханчууд сонирхож байгаа байх. Манай аймаг хамгийн сүүлд гэрэл цахилгаан, авто замд холбогдох гэж байна. Аймгийн хөгжлийн гол бодлого хаашаа чиглэх, юутай уялдах вэ гэдгийг би нэлээд судалсан. Аймаг, орон нутаг хөгжинө гэдэг зөвхөн аймгийнхаа хэрэглээн дээр, аймгийнхаа багтаамж дээр хөгжих биш юм. Бүсийн хөгжлийг, улсынхаа зах зээлийн багтаамжийг, цаашлаад бүс нутгийн, Орос,Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг харж хөгжлийн бодлого, төлөвлөгөөг гаргаж ажиллах ёстой.
Ц.Балхярваа /Завхан аймгийн ИТХ-ын дарга/: Сум бүрт 1-2 төсөл хэрэгжүүлж байна
-Хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулахын өмнө иргэдийнхээ саналыг авч, түүндээ тулгуурлан ажлаа эхлүүлсэн. Манай аймаг иргэдээ сонсох аяныг таван жилийн өмнөөс зохиож ирсэн. Ямар үйлдвэрлэл орон нутагт хэрэгтэй, иргэдэд ээлтэй байна вэ, нутгийн ард түмэн ямар байдлаар оролцох вэ, үр дүн нь юу вэ, ямар ашиг орлого авчрах вэ гэдэг төлөвлөгөөг гаргадаг. Завхан аймагт үйлдвэрлэл хөгжүүлнэ, хөрөнгө оруулалт оруулна гэдэг иргэдийн эрх ашигт нийцсэн байх ёстой. Иргэдийн орлого нэмэгдэх, ажлын байр бий болох талаас нь харж сум бүрт 1-2 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Ойролцоогоор 30-40 үйлдвэрлэл явагдана. Цаашид ч тоонд хязгаарлагдахгүйгээр иргэд өөрсдөө санаачилж хэрэгжүүлээд явах боломжтой.
Х.Даваахүү /“Загасан нүд загастай” ХХК-ийн захирал/: Нэгдсэн мэдээллийг нэг дороос өгсөн чуулган боллоо
-Манай аймгийн хувьд хамгийн сайн хөгжих боломжтой салбар нь юу вэ, боломж нь ямар байна вэ. Аймаг орон нутгийн зүгээс боломжийг хангахын тулд яах ёстой вэ. Үүнд нэгдсэн бодлогоор хангаж байгаагаараа хөрөнгө оруулалтын чуулган сайн талтай юм. Магадгүй хөрөнгө оруулагчдын хамгийн их айдаг зүйл нь тэнд очоод юм хийдэг, эргээд орон нутагт бизнес хөгжих боломж нь хэр вэ, дэмжих дэмжлэг нь ямар байх вэ, эсвэл хяналт шалгалтаас эхлэн төрийн дарамт шахалт байх вий гэсэн болгоомжлол байдаг. Тэгэхээр орон нутгийн болон төрийн зүгээс дэмжих боломжтой эсэхийг хэлж өгөх нь зөв бодлого. Хөрөнгө оруулагчид тийшээ хөрөнгөө оруулах эсэхээ мэдэж авах, нэгдсэн мэдээлэл авах боломжийг нээж өгч байна.
Ц.Мөнхбат /”Хотын талын тахь” ТББ-ын тэргүүн/: Байгалийн нөөцөөр иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ
Дөрвөлжин сумын Хомын талд дэлхийд ганцхан байдаг зэрлэг адуу тахь нутагшуулах ажлыг 15 жилийн өмнөөс эхэлсэн. Энэ хүрээнд зөвхөн байгаль хамгаалах, тахь нутагшуулах ажлыг хийгээд зогсохгүй орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Үүний нэг нь өнгөрсөн жилээс сумын төвд үйл ажиллагаа эхлүүлсэн чацарганын бага оврын хүчин чадалтай цех юм. Энэ цехийг нутгийн иргэд ялангуяа, малчид хоорондоо нөхөрлөл маягаар байгуулан хамтран ажиллах хэлбэрээр эхлүүлсэн. Нөгөө талаас байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахыг дэмжиж байгаа. Зөвхөн нэг компани, аж ахуйн нэгж эсвэл хувь хүнийг дэмжихээс илүү нутгийн иргэдийг аль болох олноор нь оролцуулах зарчмыг баримталж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.17 № 79 (6046)