Ц.МЯГМАРБАЯР
“Төлсөн авснаа нийтэл” /ТАН/ иргэний нийгмийн эвслээс ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслийг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /04.17/ хэвлэлийн хурал хийлээ. ТАН эвслийн тэргүүн Б.Баярмаа, хуульч өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нар хурлын эхэнд “Ус бохирдуулсны төлбөрийг бууруулахаар УИХ яаравчлан зүтгэж байна. Түүнчлэн ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг долоон жил хэрэгжүүлэхгүй байгаа Засгийн газар, БОАЖЯ-ны хэргийг шүүхээр шийдвэрлүүж хэрэг маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад уг хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Тиймээс УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжихгүй байхыг шаардаж байна” гэв. ТАН эвслийн гишүүн байгуулагаас Ерөнхий сайдад хандаж 2012 онд баталсан “Усны төлбөрийн тухай” хуулийг эргэж харах, төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах хуулийн төслөө УИХ-аас татаж авахыг албан бичгээр шаардсан аж. Түүнчлэн ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж хэрэв энэ хууль батлагдсан тохиолдолд хэсэгчлэн хориг тавьж өгөхийг шаардах зэргээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд дуу хоолойгоо хүргэсээр иржээ. Гэвч энэ хугацаанд нэг ч шаардлагыг биелүүлээгүйгээр үл барам энэ талаар юу ч хийгээгүй. Иргэний нийгмийнхэнд хариу ч өгөлгүй үл тоомсорлож байна хэмээн онцолж байв. Шаардлагыг хэрэгжүүлээгүй учраас иргэний нийгмийнхэн Засгийн газар, БОАЖЯ-ыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Уг нэхэмжлэлээр үүссэн хэргийг Захиргааны шүүх хянаад энэ оны нэгдүгээр сарын 18-нд нэхэмжлэл шаардлага хангасан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Төлбөрийн хэмжээг хийсвэр үндэслэлээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Харин Засгийн газар БОАЖЯ шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал маргааш болохоор товлогдсон гэж хуульч, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл хэлж байна. Тиймээс УИХ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хэрэг маргааныг шийдвэрлэгдтэл уг хуулийн төслийг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn